Ц.Нямдорж Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэрийг Дээд шүүх гаргалаа
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхээр хэлэлцлээ. Шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлалт гуйхаар болж байна.
Маргааныг дахин сануулбал 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн юм.
Харин Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, сайд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ.
Үүний дараа Ц.Нямдорж гишүүн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ямартаа энэ асуудал явсаар өнөөдөр дээд шүүхээр дахин хэлэлцэж шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд гарлаа. Тэгхээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүхийн шийдвэрийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Х.Баттулгаас уучлал гуйх болж таарлаа.