УИХ дахь бие даагчид
2014.07.01

“УИХ-ын дарга З.Энхболд увайгүйгээр хууль зөрчиж байна”

УИХ дахь бие даагчдын бүлэг дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэд маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.  

Х.Болорчулуун

"Маргааш УИХ-ын нэгдсэн чуулган завсарлана.  Энэ өдөр маш чухал хуулиуд  эцсийн хэлэлцүүлгээр орох гэж байна.  Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын тухай хууль гэх мэт.  Ялангуяа ашигт малтмалын тухай хууль хамгийн чухал. 

Энэ бол Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлт, ард иргэд баялгаасаа хүртэж чадах тухай чухал хууль.  Гэхдээ энэ хуулийг түргэн хэлэлцэж түүхий гаргах гэж байна.  Энэ том хуулийг түүхий гаргаж болохгүй.  Энэ асуудал дээр бие даагчдын зөвлөл эсэргүүцэж байна.

Ялангуяа бие даагчдын зөвлөлөөс Ашигт малтмалын тухай хуульд дээр өмнөх алдаагаа засъя, сайжруулъя гэж байгаа юм.

Мөн газрын хөрсөн доор байгаа баялгаа гаднын улс шиг үнэлдэг больё.  Үүнээс гадна ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэгт миний бие орсон байсан.  Гэтэл ажлын хэсгийн хүмүүсийг цомхон болгож байна гээд хасчихсан.  Өнгөрсөн тав дахь өдөр зөвхөн АН-ынхан байнгын хороондоо орж хуралдсан. 

Бусад нам эвсэл оролцоогүй.  Түүнээс гадна Газрын тосны хуульд мөн ялгаагүй сул хууль гарах нь.  Ердөө ажлын хэсгийг хоёрхон хүн удирдаад явуулж байна. Мөн Газрын тосны хуулиар нэг компанид үйлчлэх гэж байна. 

Ер нь энэ байдлаар асуудалд хандаад байвал бид баялагын эзэд байж чадахгүй. Мөн бие даагчдын зөвлөл чуулганы хуралд оролцохгүй" гэсэн юм.

 Ц.Даваасүрэн

Манай парламентад нэг буруу жишиг тогтоод байна.  Энэ нь баярын өмнө асуудлаа шийддэг.  Ингэхдээ хуудуутай асуудал шийднэ гэсэн үг.  Яг тэр зүйл өнөөдрийн Их хуралд байна.  Одоогийн Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль гээд маш олон хуулийг баярын өмнө, олны анхаарал сарнисан үед батлах гэж байна.

Бид үүн дээр хэдхэн зүйлийг л хэлээд байгаа юм.  Газрын тосноос 50 хувиас дээш  ашгаа монголчууд хүртдэг болчих, ашигт малтмал дээр баялгаа үнэлье, мөнгөө монголоор оруулдаг больё гэж байгаа юм. Тэгэхээр нэг ёсондоо энэ бүгдийг олонхиор шийдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, хэний эрх ашгийн төлөө ингээд байна вэ гэдгийг бодох ёстой. Мөн хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг нэг тийш нь шийдэх ёстой байсан юм. Энэ асуудал цаашлах тусам худлаа болно.  Шийдэх асуудал олон байсан боловч шийдэж чадсангүй. 

Уг нь завсарлагаагаа хойшлуулаад ч болов Сонгуулийн тухай, Намуудын тухай хуулиа гаргах байсан юм. Мөн бие даагчид төмөр замын асуудал дээр зүүн чиглэлрүү өргөн цариг тавих ёстой, бид хоёр гарцтай байна гэдэг дээр хатуу байр суурь баримталж байгаа. Урагшаа Тавантолгой, Оюутолгой руу нэг л зам байх ёстой, түүнээс олон хэрэггүй.

Мөн намуудын тухай хуулийг хэлэлцэж, санхүүжилтийг нь зөв зохицуулж өгөхгүй  бол намруу мөнгө хийдэг, түүгээрээ дамжуулж төрийн эрх мэдлийг авдаг байдлыг халахын тулд Намуудын тухай хуулийг шийдэх ёстой байсан юм.  Бид Үндсэн хуулийн Цэцэд нам сонгодог асуудлаар хандах гэж байгаа. Бид нам сонгох замыг нь хаах чиглэлрүү ажиллахгүй бол болохгүй юм байна гэдэг итгэл үнэмшилд хүрлээ. 

С.Ганбаатар

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн ажлын хэсгээс бие даагчдын зөвлөлийн гишүүдийг хассан. Ард иргэдийн намчирхаагүй төлөөллийг хасч байгаа явдал бол аюултай. Ашигт малтмалын тухай хууль дээр бидний ганцхан байр суурь байгаа. 

Тухайлбал, газар дор байгаа баялгаа үнэлээч ээ гэдгийг л хэлж байгаа юм.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд увайгүйгээр хууль зөрчиж байгаа.  Түүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөс өмнө  тав хоногийн хугацаатайгаар дээрх шийдвэрээ дахин эргэн харж, хариугаа өгнө үү гэдэг албан бичгийг явуулж байгаа. 

Нэгдүгээрт, УИХ-ын тухай хуулийн 11.1.6-д УИХ-д шууд хариуцан тайлганадаг байгууллагын үйл ажиллагаанд уялдуулан зохион байгуулж, тэдгээрийн үйл ажиллагаанд УИХ-аас тавих хяналтыг УИХ-ын дарга зохион байгуулдаг.  Тэр энэ ажлаа хийхгүй байна. 

Мөн 11.1.10-т бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг үзүүлдэг.  Үүнийг гацааж байна.  Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн Монголбанкны Ерөнхийлөгчийг яагаад хамгаалаад байгаа юм.  Ингээд хүн чанар гаргаж тав хоногийн дотор хариу өгөөч ээ.  Үндсэн хуулийн Цэцэд улстөрийн удирдлагуудыг өгөөд байх сонирхол алга. 

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг бушуухан л огцруулаасай гэж бодож байна.  Мөн бүх давхар дээлтэй сайд нар хурдан огцрох хэрэгтэй” гэх мэдээллийг өгсөн юм.