2010.01.27

Нэгдүгээр амаржих газрын засварт 2,1 тэрбум төгрөг зарцуулна

-Энэ мөнгөөр шинэ барилга барих боломжтой гэж гишүүд үзэж байна-

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад нийслэлийн амаржих газруудын үйл ажиллагаатай танилцсан. Энэ талаараа тус байнгын хорооноос танилцуулга, дүгнэлт гарган, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газарт тодорхой үүрэг өгөхөөр болсон байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлтэд эрүүл мэндийн салбарын төсөв жил бүр нэмэгдэж ирсэн ч хөрөнгө оруулалтын бодлого оновчгүй, төсвийн хөрөнгийг зохистой ашигладаггүй, эх нярайн эрүүл мэндэд анхаарлаа хандуулдаггүй тухай дурджээ. Мөн эрүүл мэндийн салбарын төсвийг Сангийн яам хассан нь нярайн халдвар гарахад нөлөөлсөн гэж үзсэн байна. Амаржих газруудын ачаалал ихэссэн ч эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс нэмэгдэхгүй байгаагаас тэд ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөх явдал ихэссэн төдийгүй эмнэлгийн ажилтнуудын хариуцлага суларч, ёс зүйн болон зан харилцааны доголдол гарах болсон гэж байнгын хорооны ажлын хэсгийнхэн дүгнэжээ. Байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр гишүүд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Г.Ганхүү нарт нэлээд шүүмжлэлтэй хандав.

Д.Кёкүшюзан Батбаяр:

-Энэ хариуцлагагүй байдал Нийслэлийн эрүүл мэндийн газар болон эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдалтай холбоотой. Дөрвөн нярай эндсэний хариуцлагыг хэнтэй тооцох юм бэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч та хариулт өгөөч?

Ц.Цогзолмаа /Нийслэлийн засаг даргын орлогч/:

-Хариуцлага тооцох нь зөв. Зөвхөн Нэгдүгээр амаржих газрын удирдлагатай хариуцлага тооцох бус тэнд ажиллаж байсан хүмүүстэй ч хариуцлага тооцно. Холбогдох албан тушаалтнуудтай ч хариуцлага тооцох тухай Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр ярихаар болсон.

Д.Оюунхорол:

-Байнгын хорооны гишүүдийг ажилтай нь танилцахаар очиход өөдөөс УИХ-ын гишүүд та нар бидний төсвийг хассан гээд дайрч байсан. Дөрвөн нярай эндэж, найман хүүхдийн бие муу байхад эмч нар ийм юм ярьж байгаа нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга буруу ойлгол төгснийх байх. Г.Ганхүү дарга та Нийслэлийн эрүүл мэндийн газрыг арван жил удирдсан. Энэ хариуцлагагүй байдал тантай холбоотой. Энд хэн нэгнийхээ арьсыг хамгаалах гээд байх шаардлагагүй. Өнгөрсөн хугацаанд амаржих газруудад ийм хүндрэлтэй асуудал байгааг УИХ-д нэг ч удаа танилцуулаагүй нь ажил хариуцсан хүмүүсийн буруу. Эрүүл мэндийн салбарт удирдлагын менежмент алга.

П.Алтангэрэл:

-Эрүүл мэндийн салбарт шаардлагатай 9.2 тэрбум төгрөгийг шийдье гэж байна. Гэхдээ яг одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой нэн даруй хэрэгтэй байгаа нь 469.7 сая төгрөг гэж байгаа. Энэ мөнгийг эхний ээлжид гаргах хэрэгтэй. 9.2 тэрбум төгрөгт багтаагаад асуудал оруулж ирнэ гэвэл гуравдугаар сараас нааш шийдэгдэхгүй шүү дээ.

Д.Арвин:

-Энэ мөнгийг Эрүүл мэндийн сайдын багцаас шилжүүлэн авч ашиглаад дараа нь төсвийн тодотголоор шийдье гэсэн.

П.Алтангэрэл:

-Эрүүл мэндийн сайдын багцаас 469 сая төгрөгийг авч болохгүй. Тэгвэл төсвийн тухай хуулийг зөрчинө.

Нэгдүгээр амаржих газарт бүрэн хэмжээний их засвар хийхэд 2.1 тэрбум төгрөг шаардлагатай гэж ЭМЯ болон нийслэлийн удирдлагууд тооцоолжээ. Энэ хөрөнгөөр их засвар хийхийн оронд 4000 ам метр талбайтай орчин үеийн барилга барих боломжтой гэдгийг Д.Оюунхорол гишүүн хэлж байв. Нярайн халдвар гарсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нэн түрүүнд шаардлагатай 469.7 сая төгрөгийг сайдын багцаас гаргах боломжгүй, мөн Засгийн газрын нөөцөд тийм хөрөнгө байхгүй байгаа гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд хэлсэн. Өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар дээрх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх юм байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.