БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр(2017.04.17) хүлээн авч уулзлаа.
Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, найрсаг харилцааны уламжлалт хөрс суурин дээр эдийн засаг, худалдаа, бизнес, соёл, урлагийн гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал бөгөөд ийм сонирхол хоёр талын аль алинд байгааг уулзалтын үеэр онцоллоо.
Түүнчлэн улс төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Улс хоорондын харилцаа хөгжихөд иргэд хоорондын харилцаа бат бөх гүүр болдог. Тиймээс бизнесийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын шууд харилцааг дэмжих нь чухал. Чех Улсад Монголын 6000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Тэдний ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл, даатгал, цалин хөлсний гэх мэт асуудалд Чехийн төр засаг, холбогдох байгууллагуудаас анхаарал тавина гэдэгт итгэж байна” гэлээ.
Хатагтай Зузка Бебарова-Руйброва “Чех орон, чех хүмүүс Монгол Улс, монголчуудыг сайн нөхөр, анд найзаа гэж хүндэлдэг. Монголчууд Чехэд сурч боловсрон, мэргэжил эзэмшиж, Чехийн геологичид Монголд ажиллаж байв. Хоёр орон олон салбарт хамтран ажиллаж байсны нэг жишээ энэ юм. Чехэд ажиллаж амьдарч байгаа монгол хүмүүсийн хувьд ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй гэдэгт Та итгэж болно. Бид тэдэнд өөрийн эх орондоо байгаатай адил нөхцөл бүрдүүлж өгөх талаар байнга анхаарна” гэв
Уулзалтын үеэр Орхон аймагт орон сууцны төсөл хэрэгжүүлж буй Монгол, Чехийн хамтарсан “Их хаадын цуваа” компанийн үйл ажиллагааны талаар Чехийн талаас хөндөж, ипотекийн зээл, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Монголын эдийн засагт цаг зуурын хүндрэл үүсээд буйг та бүхэн сайн мэдэж байгаа. Хямралыг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дотор орон сууцжуулах ажил, түүний санхүүжилт, ипотекийн зээлийн асуудал багтаж байгаа. Бэрхшээлт байдал удахгүй арилна гэдэгт бид итгэлтэй байна. Та бүхний тавьсан хүсэлтийг шийдэхэд анхаарна” гэв.
Хатагтай Зузка Бебарова-Руйброва “Танайх өргөн уудам газар нутагтай, хөрсөн дороо асар их баялагтай орон. Түүнээс илүү их баялаг бол монгол хүмүүс. Та бүхэн түр зуурын бэрхшээлээ амжилттай даван туулж, эх орноо хөгжил дэвшилд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж уулзалтын төгсгөлд тэмдэглэж хэлэв.
Уулзалтад БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Мирослава Стрнадлова, Карел Фиедлер, Байнгын хорооны гишүүн Хелена Лангшадлова, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл нарын зэрэг хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.