Х.Амгаланбаатар: ОУВС-тай хамтарч ажиллахаар боллоо
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр /2017.04.18/ Олон улсын валютын сан/ОУВС/-гийн Монгол дахь суурин төлөөлөгч хүлээн авч уулзан, хамтран ажиллахаар болсон байна.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрснээр долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэх шийдвэрт хүрч, 2017 оны төсвийн тодотголыг УИХ-аар батлуулсан.
Гэхдээ дээрх төрлийн татвар, НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ Монгол Улсын Засгийн газар МҮЭХ-той санал солилцож, гурван талт хэлэлцээрт заасан үүргээ биелүүлээгүй учраас хамтын маргаан эхлүүлэх болно гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.
Тэгвэл МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертэй уулзах үеэр ард иргэдийн нийгмийн хамгаалалд сөрөг нөлөө үзүүлэхүйц, татвар, шимтгэлийн талаар ярилцаж, энэ асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан тоотоор гардуулж өгсөн байна.
Уулзалтын талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертэй уулзлаа. Түүний мэдээллээр дөрөвдүгээр сарын 28-ний ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улс санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэрээ гаргахад нь өнөөдрийн уулзалтын зорилго чиглэлээ.
Хэдийгээр УИХ төсвийн тодотголоор энэ нөхцөлөө баталгаажуулж чадсан хэдий ч ОУВС –гийн захирлуудын зөвлөл энэ асуудлыг олон талаас нь авч хэлэлцэх байх.
Эргээд энэ хөтөлбөр хэрэгжих хугацаанд зөв зүйтэй хэрэгжих ёстой. Батлагдах тохиолдолд зөв зүйтэй хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд ОУВС-тай хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хамгийн гол нь 2017 оны төсвийн тодотголтой холбогдож, нийгмийн даатгалын тухай хууль, холбогдох зарим хуулиудад ирэх намар өөрчлөлт орно. Зөв өөрчлөлт ороход МҮЭХ нөлөөлье, ОУВС-тай хамтарч ажиллая гэдэг дээр мэдээлэл солилцлоо.
МҮЭХ ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг анхнаас нь дэмжиж ирсэн. Гэхдээ нөхцөлүүдээ тохиролцохдоо ийм зүйлүүдийг харгалзаж үзээрэй гэдэг санал тавьсан. Харамсалтай нь, хэлбэр нь өөрчлөгдөөд бидний хүссэн нөхцөлөөр тохиролцож чадалгүй хөтөлбөрийг батлуулсан.
Хөтөлбөр хэрэгжих шатанд ард түмний амьдралд хүндрэл учруулахаар болоод ирвэл хамтын маргааныг эхлүүлнэ.
Хөдөлмөрийн хамтын маргаан ажил хаялт гэдэг бол хүсээд байх зүйл биш, хэнд ч үр дүн авчрахгүй. Гэхдээ ийм байдалд хүрэхгүйн тулд Засгийн газартай эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулъя гэж байгаа ОУВС-д асуудлыг дахин албан ёсоор тавьж байгаа юм” гэлээ.