СӨХ-ны эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай гэж үзэв
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.04.24

СӨХ-ны эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай гэж үзэв

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчидтэй уулзлаа. Энэ сарын 22-нд болсон уулзалтаар одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцсон юм.

2003 онд батлагдсан уг хуулиар СӨХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлж, нийтийн зориулалттай орон сууцны өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохицуулж өгсөн байдаг. Хуульд, орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэж заажээ.

СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх үүрэгтэй. Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд өмчлөгч нь хэдэн орон сууц эзэмшиж байна, тэр тоогоороо саналын эрхтэй оролцдог байна. Бүх гишүүдийн хурал нь дороо удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй юм.

14 жилийн өмнөөс мөрдөж эхэлсэн энэ хуулийг СӨХ-ны өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж талууд үзлээ.