Компьютер, гэр өгч эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэхээ амалжээ
2011.09.01

Компьютер, гэр өгч эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэхээ амалжээ

Нар хур тэгширсэн, зуны дэлгэр өдрүүд цаашилж намрын налгар өдөр айсуй үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойрогтоо ажиллалаа. Тэрбээр Их-Уул сумын иргэдтэй уулзалт хийж, орон нутагт ажиллах энэ удаагийн томилолтынхоо "салхийг" хагалсан билээ. Дараа нь Тэлмэн, Идэр, Цагаанхайрхан сум үүсэж байгуулагдсаны 80 жилийн түүхт ойн баярт оролцлоо. Түүнчлэн Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр, Цагаанхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сумдын иргэд сонгогчидтой уулзалт хийв. Уулзалт ярилцлагаар УИХ-д сонгогдон ажилласнаас хойш санаачилсан хууль тогтоомж, орон нутагтаа хийсэн хөрөнгө оруулалтын ажлаа иргэд хөдөлмөрчдөд тайлагнасан бөгөөд уулзалтын үед иргэд оюутны сургалтын төлбөр, тэтгэврийн зөрүү, иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийг ямар хэлбэрээр олгох, цахилгаан эрчим хүч, сонгуулийн хуулийн талаар илүүтэй сонирхон асууж байв. Тэрбээр нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол иргэдтэй уулзалт хийхдээ дээд боловсролын санхүүжилтийн хуулиар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг оюутнуудад сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох, тэтгэврийн зөрүүг арилгахаар хууль санаачлан ажиллаж байгаагаа хэлсэнд сонгогчид талархалтай хүлээн авцгаалаа. УИХ-ын гишүүн мэдээлэхдээ мянганы замын хэвтээ тэнхлэг Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастайгаар дайран өнгөрнө. "Зам дагаж хөгжил" ирнэ гэдэг. Тэлмэн суманд дулааны цахилгаан  станц баригдаж эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдана. Завханчууд гэрэл цахилгааны гачаалаас гарч суманд илч гэрэл түгж, хүн бүр ажилтай, өрх бүр орлоготой болох өөдрөг сайхан ирээдүй бидний өмнө гэрэлтэж байгааг ч дуулгасан юм. Идэр сумын 80 жилийн ойн баярын өдөр олон тэмдэглэлт үйл явдал болсон юм. Тус сумын ЗДТГ-ын барилгын шав тавих ёслол, хүн эмнэлгийн байрны нээлтийн арга хэмжээнд оролцон орчин үеийн эмнэлгийн ор, яаралтай түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай багаж хэрэгслийг олгож хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсох хариуцлагатай ажилд нь амжилт хүсэн ерөөсөн юм.

Мөн Тосонцэнгэл суманд оюутан, сурагчдын амралтад зориулсан "Зүүн бүсийн сагсан бөмбөг, гар бөмбөгийн" аварга шалгаруулах тэмцээн болж 36 багийн 176 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос алтан медалийн эзнээр Тосонцэнгэл сумын баг тамирчид тодорлоо. Гурван сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ивээн тэтгэж аваргын төлөөх тоглолтыг үзэж, шагналт байр эзэлсэн тамирчдад цом, шагналыг гардуулж, спортын өндөр амжилт хүслээ. Эрхэм гишүүн дээрх 11 суманд ажиллахдаа сумдын ЗДТГ, соёлын төв, цэцэрлэг. ерөнхий боловсролын дунд сургуульд   компьютерийн   иж бүрдэл, Их-Уул сумын иргэн М.Аварзэд, М.Содномпүрэв нарт иж бүрэн гэр, сумын цэцэрлэгт хүүхдийн хувцасны шкаф, ширээ сандлын иж бүрдэл олгосон юм.

Төрийн түшээг хилийн заагт цагаан идээнийхээ дээжийг барин угтах сумын удирдлага, ард иргэд, шинэхэн одонгоо "энгэртээ гялалзуулсан ээжүүд угтан авч, олон жилийн дараа Монгол Ардын намын Удирдах зөвлөлд төлөөлөлтэй болсон, НАМЭХ-ны ерөнхийлөгч хэмээх хариуцлагатай албанд сонгогдсон, Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн нь баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсынхаа төлөө, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хийсэн бүтээснээсээ илүү ихийг бүтээгээрэй гэдэг үгийг ч дайж байлаа. Хөдөөгийн ард иргэдийн амьдралд тулгамдаад байгаа хүндхэн асуудлын нэг мэргэжлийн боловсон хүчин дутмаг мэс заслын эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмчгүйгээс аймгийн төв рүү явах гэж маш их цаг хугацаа алдаж зардал чирэгдэл болдгийг гишүүнд уламжилж байлаа. Төрийн түшээ бүсгүй ч энэ тал дээр анхаарч холбогдох яам тамгын газарт асуудлыг тавихаа мэдэгдсэн юм. Эрхэм гишүүн сумын ард иргэдэд хандаж, малчин түмний  магнай тэнийсэн дэлгэр сайхан  зун болж байгаад тэдний нэгэн адил сэтгэл тэнэгэр байгаагаа хэлж, Завханчуудынхаа ажил амьдралд тулгамдаад байгаа асуудлыг шийдэхийн төлөө мэдлэг, оюун бодлоо төвлөрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хүч чадлаа дайчлан ажиллахаа илэрхийлснээр  тойрогтоо  хийсэн томилолтоо өндөрлөсөн юм. Тэрбээр наймдугаар сарын 20-ноос хойш тойргийнхоо урд болон баруун бүсэд ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.