Д.Очирбат: Хоёр танхим улс орны тогтвортой байдлыг хангана
2011.09.27

Д.Очирбат: Хоёр танхим улс орны тогтвортой байдлыг хангана

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа
- Танай намаас парламентын дээд, доод хоёр танхимтай болох асуудлыг хөндсөн. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?
-Манай намын дарга улс төрийн намуудын төлөөллийг хүлээн авч уулзан парламентын цогц шинэчлэлийн талаар ярилцсан. Үнэн чанартаа парламентыг бүх шатандаа шүүмжлэх хандлага ихэсжээ. Дотроосоо төрийн түшээд нь хүртэл муу үг унагаж суух жишээтэй. Харин гаднаас ямар нэгэн зорилготой муучлах явдал газар авсан.
Тэр ч бүү хэл хамаг УИХ-ын гишүүд нь булхай луйвраар төрд гарчихсан юм шиг ойлголтыг нийгэмд санаатайгаар төрүүлэх хандлага нэмэгдэх болжээ.
Түүнчлэн иргэний хөдөлгөөнийхөн нийгэмд иймэрхүү хамжааны юм ярьж явдаг мөртлөө өөрсдөө парламентад суухыг мөрөөдөн улстөржих болсон. Нэг үгээр хэлбэл, хэн дуртай нь хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндэд халдах гэх мэт зохисгүй байдал сүүлийн үед ажиглагдах болсон нь бодит үнэн. Уг нь энэ удаагийн парламент ачаалал ихтэй ажиллан, нийгэмд тулгамдаж буй асуудлыг нэлээд хөндөж байгаа. Олон ч хууль баталлаа. Наад захын жишээ гэхэд л, стратегийн орд болох хоёр толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Гэх мэт иймэрхүү саар зүйлээс шалтгаалан парламентыг хоёр танхимтай болгох асуудлыг манай намаас санал болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны нэгжийн төлөөллүүд нь гудамжинд бус танхимдаа суугаад үгээ хэлдэг байг л даа. Тэгэхээр энэ асуудлыг манай намын зүгээс хуульчлан УИХ-д оруулахаар бэлтгэл ажлаа эхэлсэн.
-Манай улсын тухайд, хоёр танхим бүхий парламенттай байсан үе бий. Яагаад энэ тогтолцоог халсан юм бол. Ер нь аливаа асуудал хоёр талтай байдаг шүү дээ?
-Тухайн үеийн Ардын Их Хурлын хоёр танхимтай байсан талаар хэвлэл, мэдээллийн шарласан хуудас, архиваас л харж байна. Үнэхээр ямар сайн, муу талтай байсан эсэхийг нь дүгнэж мэдэхгүй юм. Ямартай ч өнөөгийн нийгэмд хоёр танхимтай парламент үгүйлэгдэж байгаа нь юм юмнаас ажиглагдах болсон. Ядаж л, мөнгөөр сонгуулийг худалдаж авсаар байвал цаашдаа парламентыг өөртөө худалдаж авах, магадгүй олонхын хүрээлэл болохуйц хэсэгт нь томоохон бизнесийн бүлэглэл байр сууриа эзэлчихвэл яах вэ.
Мөнгөгүй төрийн албан хаагч, насаараа төрийн төлөө зүтгэсэн хүмүүс төрийн эрхэнд гарч ирэхгүй шүү дээ.
Тэгэхээр төрийн дархлааг бэхжүүлэх, мөнгөний урсгалыг таслан зогсоох, мөнгөний нөхдийг аль болох цөөн гаргаж ирэх нь өнөөгийн нийгмийн нэн тэргүүний тулгамдсан асуудал. Тиймээс л манай намын дэвшүүлсэн санаа чухал байгаа юм. Түүнчлэн ийм системтэй болох нь олон намыг улс төрд оруулж ирэх боломжийг нээж өгч буйгаараа онцлог. Үүнийг дагаад олон хүн төрд үгээ хэлнэ. Ардын нам дангаараа парламентын 46 суудлыг аваад энэ чигээрээ байя гэлгүйгээр бусад намын гишүүдээр танхимаа бүрдүүлж, бултаараа олон асуудлыг хэлэлцье, хоёр танхимтай болгоё, тэгээд асуудлаа авч хэлэлцдэг, улс төрийн нарийн механизмыг тодорхойлдог болмоор байна шүү дээ. Цаашлаад дээд, доод танхимтай болсноор парламентынхаа тогтвортой харьцааг хадгалан, өөрийн орны хөгжилдөө бүгд санаа тавьдаг болно. Гэхдээ энэ бүгдэд хамтын ажиллагаа чухал шүү.
-Танай намын энэ саналыг бусад улс төрийн намууд хэр хүлээн авч байна вэ?
-Бүгд хоорондоо зөвшилцөх ёстой л асуудал. Нөгөөтэйгүүр, одоогийн байдлаар ихэнх намууд "за" гэсэн хариулттай байгаа. Харин замын дунд улстөржөөд явчихгүй бол энэ цогц шинэчлэлийг намууд нэлээд нааштай хүлээн авч байгаа шүү.
-Парламент хоёр танхимтай боллоо гэж бодоход, үйл ажиллагааны хувьд ямар түвшинд ажиллах вэ?
-Дээд, доод хоёр танхим хоёулаа улс орныхоо үйл ажиллагааг шийддэг байнгын, тогтмол үйл ажиллагаатай байх болов уу. Хамгийн гол нь хоёр танхимынхаа хүрээнд бүрэн эрхтэй. Тэгэхдээ хоёул хамтдаа улс орныхоо эрх ашгийн төлөө явдаг, сонгодог тоглолцоотой парламент байх ёстой гэж бодож байна. Мөн бүх танхимууд хууль баталж, дээд танхим нь цөөн хүнтэй, түүнээсээ ерөнхий хууль тогтоомж, батламжаа гаргадаг. Улс орныхоо бүхий шийдвэр, Монгол Улсын хувь заяанд нөлөөлөх зүйлд анхаарлаа түлхүү хандуулдаг ийм л парламентын тогтолцоо манайд хэрэгтэй шүү дээ.
-Үндсэн хуульдаа гар хүрч байж л ийм тогтолцоотой болно биз дээ. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийгмийн масс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж ярих боллоо?
-Ер нь суурь хуулийг өөрчилж, гар дүрнэ гэдэг нь эмзэглээд байх асуудал биш. Улс орны амьдрал, улс төрийн байдал гэдэг өөрөө л хөгждөг зүйл. Нэг 76 гарч ирээд өмнөх 76-гийнхаа хийсэн зүйлийг тэр чигээр нь нурааж, үгүйсгэдэг төрийн албаны тогтолцоо манайд бий. Төрийн алба гэдэг нь олон зуун жилээр хөгжин, цаашдаа улам нарийн болж, үр хойчдоо уламжлагдаж явах ёстой. Тэгэхгүйгээр тамын тогооны үлгэрээс хэзээ ч салж чадахгүй. Хоёр танхимтай болно, олон улстөрч орж ирнэ гэдэг бол эдгээр асуудлыг багасгах гэсэн л санаа шүү дээ. Тэр ч утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л энэ асуудал ажил хэрэг болно. Заавал өөрчилж таарна.