Эмч нарын эрхийг боомилсон хуулиа эргэж харахгүй бол цагаан халаад өмсөх хүн олдохгүй нь
УИХ-аас энэ сарын 5-ны өдөр шинэчилсэн найруулгаар баталсан Эрүүл мэндийн тухай хуулийг тойрсон асуудлаар редакцийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон Эрүүл мэндийн салбарын шинэчлэл төрийн бус байгууллагын тэргүүн, "Хатагтай" эмнэлгийн ерөнхий эмч А.Отгонболд, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл үүдийн холбооны дарга Б.Мягмар нар оролцлоо.
-Эхний асуултыг төсөл санаачлагчдад тавих хэрэгтэй байх. Энэ хуулийг эмч нар барууны орнуудын стандартыг хуулбарласан, эрүүл мэндийн салбарт ажиллагсдад хатуу хууль боллоо гэсэн шүүмжлэл байна.Үүнээс ярилцлагаа эхлэх үү?
С.Ламбаа: -Эрүүл мэндийн тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, энэ Засгийн газар Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд шинэчилсэн найруулга хийж өргөн барьсан байгаа. Шинэчлэлийн гол зорилго нь эмнэлэг, ор шүтсэн тогтолцооноос монголчууд салах ёстой гэсэн үндсэн концепцийг барьж байгаа. Өөрөөр хэлбэл, эмчилгээ, оношилгоо гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгдүгээрт тавья гэж байгаа. Эмнэлгийн төрлийг хоёрхон болгож хуваасан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж. Өмнө нь бол долоо хуваадаг байсан шүү дээ.Тийм учраас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх юм, ямар үүрэг хүлээж, ямар эрх эдлэх юм. Яаж гүйцэтгэх юм гэдгийг зааж өгөөд, эмнэлгийн тусламж үзүүлдэг байгууллага нь хэн байх юм, ямар байгууллагууд байх юм гээд, үүнд нь анхан шатны тусламж үзүүлж байгаа сум, өрхийн эмнэлгүүдийг өрхийн болон сумын эрүүл мэндийн төв болгочхож байгаа юм. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн жишиг л дээ. Мөн тусламжийн үйлчилгээний дараагаар эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлийг ямар эмнэлгүүд гүйцэтгэх юм гэдгээ заагаад өгсөн. Нэгдсэн эмнэлэг гэж ямар байх юм. Амаржих газар гэж юуг хэлээд байгаа юм гэж. Жишээлбэл, аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний төрөл, хэлбэрүүд стандартдаа тохирохгүй байгаа юм. Өрхийн эмнэлгийн талаар Эрүүл мэндийн хуульд нэг ч заалт байгаагүй. Одоо энэ хуулиар өрхийн эмнэлгийн статусыг тогтоож өгөөд, өмч хөрөнгийг яаж шийдэх юм гэдгийг заасан.
Мөн маш чухал асуудал бол эмч, сувилагч, бага эмч, гээд тус тусад нь нэрээр нь хуульчилж байсныг болиод эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан гэдгээр бүх хүнийг багтааж байгаа. Нэг хууль гарахаар эмч нь хамрагдаад сувилагч нь үлддэг, эсвэл лаборант эмч орхигддог байсан тогтолцоо одоо байхгүй болно гэсэн үг. Нийгмийн хамгааллын тогтолцоон дээр ч гэсэн цоо шинэ шинэчлэлийг хийлээ.Тухайлбал, одоо бол аймагт ажиллаж байгаа эмч таван жил зургаан сарынх, баг тосгон сумандаа ажиллаж байвал гурван жил зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгодог тогтолцоонд шилжлээ. Энэ бол том дэмжлэг. Тэтгэвэрт хамрагддаггүй байсан бүх хүнийг эмнэлгийн мэргэжилтэн гэж ганц томьёололд оруулж 12,24,36 сараар тэтгэврийг нь тогтоогоод өгчхөөр бүх хүн хамрагдана гэсэн үг. Их хатуу хууль болсон гэж эмч нар эсэргүүцэж байна гэлээ. Ерөөсөө энэ торго-дог тогтолцоо хуучин хуульд бүгд байсан юм. 50-100 мянга, зарим нь 300 мянган төгрөгийн торгуультай байсан. Түүнийг нь Засгийн газар 100 мянга байсныг нь 150 мянга болгоод, 200 мянга байсныг нь 250 мянга болгоод л өргөн барьсан. Их хурал дээр уг хуулийг хэрэглэх, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх явцад УИХ-ын гишүүд шүүмжилсэн л дээ. Наадах чинь ямар торгууль гэдэг юм. Бүх хууль, бүх салбарын торгуулиудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тохируулж тооцоолсон учраас түүнд нь дүйцүүлж олгох хэрэгтэй гэж.Торгуулийг өндөр тавих хэрэгтэй гэдэг асуудал гарсан. УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ төд дахин их гэсэн заалтууд орж баталсан. Үүнийг л хатуу, чанга хууль болжээ гэж байгаа болов уу.
УИХ-ын гишүүн Д.Очирбат: -Эрүүл мэндийн салбарыг цогцоор нь шинэчлэхгүй бол хамгийн хоцрогдолтой салбар болчихжээ. Цогцоор нь шинэчлэх шаардлага байна уу гэвэл байна. Өнөөдөр эрхзүйн орчныг шинэчлэх, тааламжтай боломж бүрдүүлж өгөх, сайжруулах, эрүүл мэндийн хуулийг шинэчилсэн найруулгаар оруулж ирж засаж, залруулах шаардлага гарсан. Шинэчлэл хийх гаж байгаа юм бол дорвитой хийх ёстой. Түрүүн Ламбаа сайд хэллээ. Урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн салбарын олон талт асуудлыг нэлээн сайн тусгаж өгсөн. Цогц шинэчлэлийн асуудлыг ярихад шүүмжлэл гарна. Гэхдээ бодит шүүмжлэл байх ёстой. Бодит амьдралаас үүдэн гарсан асуудлыг хөндөж тавих ёстой. Би ингэж ойлгож байгаа. Анхан шат дээрээ иргэдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх чиглэл рүүгээ авч явъя гэж түрүүн ярьсан. Эрүүл мэндийн салбар маань хуучин сэтгэхүйтэй, хуучин тогтолцоотой яваад байна. Би хоцрогдсон гэж хэлээгүй юм.
Тиймээс иргэдийн маань эрүүл мэндийн талаарх ойлголт, бодол нь яг тэр салбартайгаа холбогдолтойгоор хуучин сэтгэлгээтэйгээ байна. Өнөөдөр барууны өндөр хөгжилтэй шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнуудад хүн би өвдөхгүй юмсан, эмнэлэгт хэвтэж тариа хийлгэхгүй юмсан гэж өөрийгөө урьдчилан сэргийлж явдаг. Манайд болохоор эсрэгээрээ эмнэлэгт хэд хоног хэвтээд гарахсан. Арав хоног хэвтээд дусал тариа, витамин хийлгээд гарья.Таньдаг эмч юу байна гэдэг.Тэгэхээр урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэл рүүгээ анхааръя. Өмнө нь өрхийн эмнэлгийнхэн маань хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байх сонирхолтой. Гэхдээ төрийн байгууллагын ажлыг гэрээгээр хийж байгаа учраас бидний үр хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг тогтолцоонд шилжүүлж өгөөч гэсэн. Одоо УИХ дээр дээд боловсролын санхүүжилтийн хууль яригдаад энэ асуудлууд цэгцэрч байгаа. Ер нь олон шинэчлэл орсон, ажлын хэсэг дээр нэлээн хэлэлцсэн, эрүүл мэндийн даатгалын хууль одоо орж ирнэ. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын цогц шинэчлэлийн болоод санхүүжилтийн бүтэц тогтолцооны асуудлыг шийдэх ёстой юм.
-Та нэлээн чамбай хууль болсон гэлээ. Хууль боловсруулахад мэргэжлийн хүмүүсийн төлөөллийг оролцуулж болоогүй юм уу.Тэгээгүйгээс өнөөдөр тал талын шүүмжлэлд өртөөд байгаа юм болов уу?
Д.Очирбат: -Яагаад ороогүй гэж. Бүгдээрээ орсон шүү дээ. Бүгд ажлын хэсэгт орсон. Байнгын хорооны хуралдаанаар үйлдвэрчний, эмнэлгийн төлөөлөл орсон. Байнгын хорооны хуралдаан дээр жишээлбэл, Мягмар өөрөө сууж байсан. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт төлөөлөл болж та нар оролцсон шүү дээ.
Б.Мягмар: -Эцсийн хэлэлцүүлэгт оруулаагүй шүү дээ.
Д.Очирбат гишүүн: -Эцсийхэд заавал оролцуулах шаардлагагүй.
С.Ганбаатар: -Энэ бол хулгайн аргаар хийсэн хууль. Муур, нохой шиг л юм болсон.Тэр бүгдийг илэн далангүй яривал яасан юм бэ.
С.Ламбаа: -Хулгайгаар хийсэн хууль гэж хаана байсан юм бэ.
-Эмч нарыг төлөөлүүлж Мягмар танаас асууя л даа.Та бүгд яг ямар зүйл заалтыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Бодит шалтгааныг нь хэлэхгүй юу?
Д.Мягмар: -Манай эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд, цаашлаад төр хувийн хэвшлийн ажил олгогчид их шинэчлэлийг хүлээж байсан. Яах вэ ажлын хэсэгт орсон, ороогүй гэж жижиг асуудлыг ярих бол ичгэвтэр л дээ. Хамгийн гол нь бид асуудлаа оруулж чадаагүй учраас араас нь ингэж ярьж байгаа юм. Би Байнгын хороог шүүмжлэхгүй. Яагаад гэвэл ЭМЯ дээр энэ хуулийг санаачлан өргөн барьсан. Яаман дээр байгуулсан ямар ажлын хэсэг байгааг би Ламбаа сайдаас асуумаар байна. Яагаад гэвэл яаман дээр энэ хуулийг анх санаачилж, ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүний тушаалыг бид өнөөдрийг хүртэл олж авч чадаагүй байгаа.Түүнд хэрвээ үйлдвэрчний эвлэл, эмч нарын төлөөлөл орж чадсан бол анхнаас нь бид санаагаа хэлэлцүүлээд, тусгаад явах байсан. Эхний хэлэлцүүлгээр бид торгууль шийтгэврийн асуудлыг хөндөж байсан. Хөдөлмөрийн норм нормативын асуудлыг тавьж байсан. Очирбат гишүүнд хүртэл тавьж байсан шүү дээ. Эмч нараар энэ хуулийг эцсийн хэлэлцүүлэгт орохоос нь өмнө хэлэлцүүлье. Тэгж байж чанартай хууль болно гэдэг асуудлыг бид тавьж байсан. Бид энэ хуулийг нэлээд сайн судалж үзлээ.
Эмнэлэг болгон дээр хэлэлцүүлэхэд эмнэлгийн ажилтнууд юу гэж байна гэхээр, энэ хууль эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчрахгүй нь. Энэ эрүүл мэндийн биш эрүүгийн хууль болчихжээ гэж байгаа юм. Тэнд ажиллаж байгаа хүмүүс маань хэлж байна. Би тэдний үгийг ард иргэд, гишүүдэд хүргэх үүрэгтэй хүн.Тухайлбал, өм-нөх хуульд байсан 8-1-3, 8-1-5-д байсан хөдөлмөрийн норм, нормативын асуудал огт байхгүй, хассан. Би түүнийг оруулах гээд чадаагүй. УИХ-ын гишүүдэд үүнийг дэмжүүлэх гэж бичиг тарааж явсан. Харамсалтай нь, дэмжлэг авч чадаагүй. Ор нэр төдий, бидний оролцоог бүрэн хангаж чадаагүй шүү дээ.Түрүүнд Ламбаа сайд ярилаа.100 мянгыг 150,200 мянгыг 250 мянга болгосон гэж. Гэтэл одоо мөрдөж байгаа хуулийн төсөл энд байна. Үүнд хувь хүнд ноогдож байгаа торгуулийн хамгийн дээд хэмжээ 10-60 мянган төгрөг байгаа юм.Үүнийг 70-140 цахин өсгөсөн байгаа байхгүй юу. Энэ чинь юу гэсэн үг вэ. Өвчтөний түүхийн он, сар, өдрийг алдаад бичихэд л тэр хүнийг нэг сая 400 мянгаас 3 сая 500 мянга хүртэлх төгрөгөөр торгох болж байгаа юм.Тэгэхээр энэ салбарт чинь ажиллах хүн олдохгүй.Тэтгэвэрт гарч байгаа, эсвэл аймгийн нэгдсэн болон сумын эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг бол шийджээ. Гэтэл залуу боловсон хүчнүүдийг яаж тогтоон барих вэ, яаж хүний нөөцөөр хангах вэ. Залуу хүн энэ салбарт ажиллахгүй юм байна гэж тэд хэлж байна.
-Та эмнэлгийн ажилтнуудын хэдэн хувийг төлөөлж чадах вэ?
Б.Мягмар: -Үйлдвэрчний эвлэл Улаан-баатар хотод 7500 гаруй, орон нутагт 12 мянга гаруй гишүүнтэй.Тэгэхээр би 19 мянган хүнийг төлөөлж ярьж байна гэж ойлгож болно. Хувийн хэвшлийн болон орон нутаг, сумдын эмнэл-гийн төлөөлөл багтаж байгаа. Бид энэ хуулийг эмнэлгүүдээр хэлэлцүүлж байгаа учраас өөр олон нэмэлт зүйл гарч ирнэ. Ер нь энэ хуулийг тухайн салбарт нь ажиллаж байгаа хүмүүсээр нь хэлэлцүүлсэн бол чанартай сайн хууль арах байлаа. Яах вэ, сайн дэвшилттэй зүйл заалт орсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ учир дутагдалтай нь олон байна.
-Гудамжинд нэг хүний бие муудаад уначихсан байлаа. Гэтэл түүнд хүрч үйлчлэх хэцүү болсон гэж яриад байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
Отгонболд: -Стандартын бус үйл ажиллагаа явуулбал эмчид мэргэжлийн асуудал ярина гэж байгаа юм. Одоо энд байгаа хүмүүсийн нэг нь муураад унахад би эмч хүний хувьд тусламж үзүүлж чадахгүй. Гэтэл Эрүүгийн хуульд намайг үзээгүй бол хариуцлага тооцно гээд заачихсан байгаа шүү дээ. Ийм эсрэг, тэсрэг юм гарч ирчхээд байгаа юм.
С.Ламбаа: -Та эмч хүн. Эрүүл мэндийн сайд байсан хүн, мөн үү. 28-4-2-т гэнэтийн өвчин, осол гэмтэл амь насанд аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа нөхцөлд эмнэлгийн яаралтай тусламжийг хэнээс ч шалтгаалахгүйгээр үзүүлнэ гэж заачхаад, 28-ийн 1-3-т бусад тохиолдолд гэдэг чинь бүгдийг нь гэсэн үг шүү дээ.
А.Отгонболд: -Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх тухай бид зөвхөн өнөөдөр яриагүй. Аль 2005 оноос ярьсан асуудал. Үүнийг хөнгөвчлөхийн тулд бид 2008 оны дөрөв-дүгээр сараас Эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэсэн төрийн бус байгууллага байгуулсан.Түүний төлөөлөл нь би энд сууж байна.Түүнээс биш эмчийн хувиар биш шүү.
Өнөөдрийг хүртэл сумын эмнэлэг дээр ханиад эмчилнэ шүү , түүнээс дээш юм ирвэл аймгийн эмнэлэг рүүгээ явуулаарай, аймгийн эмнэлэгт хатгааг эмчилнэ шүү, түүнээс уушгийг нь тайрах хэрэгтэй бол гуравдугаар эмнэлэг рүү явуулаарай гэсэн тогтолцоо чинь л хэвээрээ байгаа юм. Нэг үгээр бол, хайрцаглаад тавьсан.Үүнийгээ задлаач ээ. Яагаад Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр зүрх шилжүүлэн суулгаж болдоггүй юм бэ. Эмнэлгийн бие даасан байдлыг хөгжүүлье. Эрүүл мэндийн салбарын хууль журмыг нэгтгээд нэг болгооч гэдгийг Ламбаа сайдад олон удаа хэлсэн. Орхигдсон бас нэг гол асуудал нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын амь настай холбоотой зүйл. Өнөөдөр лам эрхээ бариад эмчийн ажлыг тодорхойлж байна. Гэтэл эмчийг хүмүүс алуурчнаар нь дуудаж байна, жишээлбэл, намайг тал талаас зодож байна.
Зодож байна гэдгийг битгий шууд утгаас нь ойлгоорой. Миний гурван хүүхэд гурвуулаа эмч. Гэхдээ нэг нь ч эмч хийхгүй гэж байна. Яагаад гэвэл бид таныг өнөөдөр яаж зодуулж байгааг харж байна гэж байна. Эмч нарын 80 хувь нь эмэгтэйчүүд гэдгээр нь хэн ч орж ирээд дээрэлхээд зоддог, нулимдаг, хувцсыг нь урж хаядаг. Хуульд эмч нарыг хамгаалах тухай юу ч байхгүй.Тэгэхээр энэ хуулийн боловсон хүчний асуудлыг эргэж хармаар байна. Энэ хуульд эх нялхсын тухай асуудлаар ганц ч зүйл, заалт алга, сайд аа. Эх нялхсын асуудал бол нийгмийн эрүүл мэндийн гол асуудал. Эх нялхсын асуудлаа яаж шийдэх юм.Төр нь авч явах юм уу. Сая Очирбат гишүүн хэлж байна. Өрхийн эмнэлгийнхэн биднийг төрийн албан хаагч болгооч гэсэн гэж. Би эмнэлэгтээ хүн төрүүлээд явж байгаа нь хүртэл төрийн ажил шүү дээ. Хувийн эмнэлэг ч гэсэн. Өрхийн эмнэлэг гэж хуульдаа тусгаж өгсөн байж төрөх хувийн эмнэлэг гэж яагаад тусгаж болдоггүй юм бэ. Энд мөн нярай, нялхсынхаа асуудлыг ор тас орхигдуулсан. Хүүхэд гээд алгасаад явсан. Хуулийн нэр томъёогоор бол 30 хоногийн дотор бол нярай, нэг жилийн дотор бол нялхас, түүнээс дээш бол хүүхэд гэж явдаг шүү дээ.
Тэр бүгдийгээ хаячихсан. Эрүүгийн хуулиас зүйл, заалт арга болно гэдэг шиг Эрүүл мэндийн хуулиас энэ зүйл заалт нь алга болчихсон гэдэгт би шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Эмч болгон энэ хуулиас өөрсдөдөө хамаарсан юмаа уншдаг. Явж явж эмч миний цагаан халаад, малгайны дархлааны заалт хаана байгаа юм бэ. Үүнийг бид хүсэж, бичээд өгч байхад хуульд хийгээгүй болохоор бухимдахгүй яах юм бэ. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт би дахин олон зүйлийг ярихгүй. Ганц зүйлийг хэлэхэд, энэ хуулийг эргээд нэг харах юм биш үү. Ярилцах юм биш үү, Очирбат дарга аа. Биднийг хамгаалсан хууль гарна гэж бодсон. Бид адилхан эмч хүмүүс. Өнөөдөр төр биднийг хамгаалахгүй бол бидний хүүхэд эмч болохгүй нь байна шүү.Та нарын хүүхдүүдийг эмчлэх эмч байхгүй болчхоод, боловсон хүчний асуудал чинь тасрах гээд байна шүү. Яах вэ төсөл хөтөлбөрт боловсруулсан шиг яаманд ажиллая гэх байх. Яг цус, нөжтэй нь холилдоод, муу муухайтай нь зууралдаж явах эмч хүн цаашид гарахгүй нь. Дээр нь лицензгүй олон бариач байна. Үүнийг яах юм бэ.Тархинд нь цус харвачихсан хүүхдийг уулын аманд 30 хоног аваачиж бариулж бариулж болохгүй болохоор нь бидэн дээр авчирч байна шүү дээ.Тэр хүмүүсийнхээ асуудлыг яах юм бэ. Энэ мэт бүгдийг цогцоор нь шийдээч гэхэд тэгээгүй болохоор би бухимдаад байгаа юм. Хувийн эмнэлэг энэ хуулиар бол арчигдсан.
С.Ганбаатар: Өнгөц харахад Монголын Үйлдвэрчний эвлэлд Эрүүл мэндийн тухай хуульд ямар хамаатай юм бэ, Ламбаа сайдыг л шүүмжлээд байгаа юм гэж харагдаж байгаа. Ламбаа сайдыг би ерөөсөө буруутгадаггүй, хувь хүн талаас нь хүндэлдэг. Харин ч зангарагтай том улстөрч учраас ийм муу хуулийг өнөөдөр хүртэл чирч авчирч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хүнд очиж зөвлөгөө өгч, ярьж хэлж байгаа эрүүл мэндийн газар, хэлтсийн дарга нарыг би буруутгаад байгаа юм. Би байр сууриа илэрхийлэхдээ дандаа мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд үндэслэж, судалгаа хийж байж хэлдэг. Германд очиж эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой бүхэл бүтэн судалгаа хийж байж ярьж байна. Тэрнээс биш дүгнэлтгүй яриагүй. Хоёрдугаарт, байнгын хороо энэ хууль дээр үнэхээр муу ажилласан.
Энэ хуулийг ингэж их маргаантай батлуулна гэж юу гэсэн үг юм. Өмнө нь Очирбат даргатай "За дарга аа, энэ хуулийг энэ чигт нь батлуулбал бид Цэцэд өгнө шүү" гэж хэлж байсан. Өмнөөс нь харж байгаад хэлчихье. Юу нь болохгүй байгаа гэдгийг хэдэн томъёоллоор хэлэх ёстой. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн хууль гэдэг бол Эрүүл мэндийн яамны хэдэн мяндагтны асуудал биш. Эрүүл мэндийн салбар гэдэг өөрөө УИХ-д байгаа эрүүл мэндийн чиглэлээр сургууль төгссөн Хэдэн гишүүний асуудал биш. Олон улсын төвшиндөө Эрүүл мэндийн хуулийг олон нийттэй заавал хэлэлцэх ёстой гэж заадаг. Өнөөдөр 250 тэрбум төгрөгийг татвар, даатгалаар төлж байгаа хүмүүс юу хүсэж, юунд зовж шаналж байна гэдгийг тусгах гэж энэ хуулийг гаргаж байгаа. Үүнээс гадна эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд энэ хуулийг гаргахад оролцох ёстой. Энэ бүх оролцоог мэргэжлийн төв-шинд зохицуулах нь Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ-ны хийдэг ажил. Гэтэл энэ эсрэгээрээ яваад байна. Тагнуулын тухай хууль гаргах гэж байгаа бол бид чимээгүй байж болно. Мэргэжилтнүүдийн төвшинд яриад гаргана биз. Харин энэ хууль бол нийт монголчуудын эрүүл мэндтэй холбоотой хууль.
Энэ хууль бүхэлдээ хяналт хариуцлагын тухай байх ёстой.Тэрнээс хаагуур нь хагалах вэ, яаж оёо хийх вэ гэдэг дээр юм ярихгүй. Хяналтаа яаж тавих юм, хариуцлага яаж тооцох юм. Хяналтгүй байдлаас хэн хохирох юм бэ. Өвчтөнүүд, даатгал төлсөн хүмүүс л хохирно.Тийм учраас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг амь оруулаач ээ гэдгийг л бид ярьж байгаа. Эмч нарт өмнөх хуулиасаа 70-140 дахин өндөр хариуцлага тооцно, энэ хуулиар бол. Баахан тендерийн шахаатай, аймшигтай хэл ам дагуулсан, хариуцлага алдахаас аргагүй нөхцөлд ажиллуулсан Эрүүл мэндийн яаманд хэн хариуцлага тооцох юм бэ. Өвчтөн, эмч хоёр бие биетэйгээ хариуцлага тооцох тэр механизмыг нь бүрдүүлэхгүй байж мэргэжлийн хяналтынханд гурван сая төгрөгөөр торгох эрх өгөх ямар шаардлага байгаа юм бэ.
А.Отгонболд: -Эмч, байцаагчийг 500 мянгаар хахуульдаад л гарчихна шүү дээ. Авилгын бас нэг суваг болно. Эмчтэй хариуцлага тооцох механизм ташуур биш. Эмчийн, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгал гэж байдаг. Эмч алдаа гаргаж болно, гаргахаас ч өөр аргагүй. Алдсан тохиолдолд миний даатгал тухайн өвчтөний оршуулгын зардал, эд эрхтнээ буруу тайруулсны зардлыг төлнө. Энэ хуульд ийм зүйлийг ердөө тусгаагүй учраас эмчийн халааснаас гарах болчхоод байна.
Д.Очирбат: -Наадахыг чинь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар шийднэ.
С.Ганбаатар: -Тэгвэл яагаад энэ хуульд даатгалын тухай 24.7-гоор оруулсан байгаа юм. Хамаагүй юмыг оруулсан байгаа байхгүй юу.
А.Отгонболд: -Энд даатгалын хууль яриагүй ээ. Ганбаатар Даатгалын хууль ярьчихлаа. Эмчийн хариуцлагын тухай хууль ярьж байна.
С.Ламбаа: Энэ манай салбарын үндсэн хууль учраас Эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдвэрлэхдээ 24.7-г баримтална гэсэн үг. Ганцхан заалт нь л энэ.
С.Ганбаатар: -Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Энэ заалт өөрөө Эрүүл мэндийн даатгалын хуулийг хэрэггүй болгоод хаясанд гол нь байгаа юм шүү дээ.
С.Ламбаа: -Яалаа гэж дээ.
-Харилцан биенийхээ үгийг сонсъё. Хамгийн гол нь ойлголцох шүү дээ.Үүн дээр төсөл санаачлагч Д.Очирбат гишүүн тайлбар хийх байх?
Д.Очирбат: -Энэ хуулийг хяналтгүй, худал хуурмаг, хулгайн, утгагүй хууль гэж хэлж болохгүй. Бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарын эцэг хууль, Ганбаатар аа. Бүгдээрээ хуйвалдаж байгаад хулгайгаар гаргаад ирсэн гэж тодорхой хэлээд байх юм хаана байна, байхгүй шүү дээ.
С.Ганбаатар: -Парламент энэ хуулийг хэлэлцэхдээ бид өнөөдөр энд суугаад ярьж байгаа шиг ажиллах ёстой байсан юм.
Д.Очирбат: -Ингэж ярих ёстой. Би Үйлдвэрчний эвлэлийн саналыг байнга сонсдог. Энэ бол сайн хууль. 15 хувь торгуулийн төвшин өндөрссөнөөс болоод энэ муу хууль гэж ярих юм бол бүхэл бүтэн эрүүл мэндийн Салбар,салбарын бодлого руу бүдүүлгээр дайрч байгаа асуудал. Ер нь яагаад сүүлийн үед эрүүл мэндийн байгууллага руу дандаа дайрдаг болж байгаа юм. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Эрүүл мэндийн салбарыг тэр чигээр нь гутаадаг. Өвчтөний хуурамч түүх, хулгайн хуурамч хууль. Энэ салбарт ажиллаж байсан, салбарын бодлого авч явж байгаа хүний хувьд үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Цагаан халаадтай алуурчин гэсэн сенсаац дэгдээгээд байхыг би хүлээн зөвшөөрөхгүй.
Б.Мягмар: -Ярих юм аа яриач ээ, сэдэв гуйвуулаад байх юм.
С.Ганбаатар: Би танд 24.7-г л эсэргүүцэж байна, бусад нь болж байна гэж хэлж байсан, үнэн. 24.7 дээр юу гэж заасан бэ гэвэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хариуцлага тооцох эрхийг нь өг гэж байсан. Энэ дотор ЭМЯ орж байгаа.Тусад нь гаргаж заваартуулахаа боль, яамны лоббид орохоо боль гэж хэлж байсан. Бидний ингэж ярьж байсан асуудал туссан бол эмч нарыг дарамталдаг хууль гарахгүй байх байсан юм. Энэ янзаар явах юм бол эрүүл мэндийн салбар унана. Эрүүл мэндийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын хууль орох юм бол Эрүүл мэндийн даатгалыг хууль дахь эрх бүхий байгууллага нь мэднэ гэж бичих ёстой. Гэтэл огт өөр юм бичээд явсан. Үүн дээр л бид маргалдаад байгаа юм.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг түр орхиё.Үндсэн асуудал руугаа оръё?
Б.Мягмар: -Хуулийн хуудуутай хэсгийг би ярья. Хуулийн эхний хэлэлцүүлэг дээр Эрүүл мэндийн байгууллагуудад удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн даргыг Эрүүл мэндийн сайд томилохоор заалт байсан.Үүнийг Байнгын хорооны гишүүд яриад эмнэлгийн тусламж үйлчилгээ шуурхай байх ёстой гээд хасаж байсан ч эцсийн хэлэлцүүлгээр ороод ирсэн байсан. Өөр нэг зүйл гэвэл чанарын менежерүүдэд мэргэжлийн хяналтын байцаагчийн эрх олгоно гэж байгаа. Эмнэлэг болгон дээр байдаг чанарын менежерүүдээс эмч, сувилагчид үргэлж айдаг. 2010 оны нэгдүгээр сарын 4-нд чанарын менежерүүдийг байцаагчийн эрхтэй байлгах асуудлыг ЭМ-ийн сайд, УМХГ-ын дарга нар хамтарч хүчингүй болгосон. Хууль зүйн яамнаас дүгнэлт гараад хүчингүй болгосон байхад хуульд оруулж ирж байгааг эсэргүүцэж байна.
С.Ламбаа: -Би үүнд тайлбар өгье. Наадахь дээр чинь зохицуулсан хууль байхгүй учраас нийтээр дагаж мөрдөх журмыг баталж болохгүй гэж хүчингүй болсон.
Б.Мягмар: -Шууд торгох гэж л оруулсан заалт.
С.Ламбаа: Та торгоно гэж яриад байх юм. Яагаад үндэсний том төвүүд, нэгдсэн эмнэлгүүд чанарын хяналтын албатай болж байгаа юм. Үйлчилгээний чанарыг л сайжруулах гэж шүү дээ. Сайдын тушаалаар даргыг нь хүртэл томилдог болголоо. Дотоод хяналтын алба гэж байгууллаа.
Б.Мягмар: -Мэргэжлийн холбоо нь наадахыг чинь зөвшөөрөхгүй байна шүү дээ.
С.Ламбаа: -Эмнэлгүүдийн дотоод хяналтыг чангаруулахгүй бол ард түмнийг эмчилж чадахгүй байна шүү дээ. Улсын байцаагчийн эрх олгохгүй бол ямар ч юмыг шийдэх эрхгүй байна.
Б.Мягмар: -Эрхтэй шүү дээ. Одоо байгаа чанарын менежер хурлаа хийгээд тухайн эмчийг ажлаас халах уу, цалинг нь хасах уу гэдгийг захиргааны зөвлөлд оруулдаг.
С.Ламбаа: -Үүнийг өргөн цар хүрээтэй болгож байгаа нь хамгийн чухал асуудал.
-Эмч нар шинэ хуульд торгууль өндөр байна л гэж яриад байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ салбарт ажиллах хүн олдохгүй болох нь. Эхнээсээ нүүр буруулж байгаа гэх юм. Энэ хэр бодитой вэ?
С.Ганбаатар: -Эмч нарын ажиллах нөхцөлийг боомилсон.
Ямар байдлаар ажиллах нөхцөлийг боомилоод байгаа юм бэ.Үүнийг тодорхой хэлж болох уу?
С.Ганбаатар: -Эмч нар даргадаа, яаманд таалагдах гэж ажиллах биш, даатгал төлсөн хүнд таалагдаж ажиллахыг хүсэж байгаа. Даатгал төлсөн хүний төлөөллийн байгуул-лага болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгал төлсөн хүмүүсийн гомдол, баярын захидлыг үндэслэж энэ эмнэлэг дээр ахиухан санхүүжилт өгье, даатгуулагчид ам сайтай байна гэж шийддэг эрхийг нь өгөөч ээ гэж байгаа юм.Тэрнээс торгууль дээшээ доошоо хамаагүй.
-С.Ламбаа: Сая Д.Очирбат дарга ч хэллээ. Ярих бол амархан. Эрүүл мэндийн даатгалыг Ганбаатар, Мягмар хоёр л ярьж байгаа юм биш. Би 1996 оноос хойш ярьсан. Энэ даатгалын тогтолцоо өнөөдөр хүртэл НХХЯ-ны харьяанд явж ирсэн. Үүнийг улс төрд олон жил явсан хүний хувьд өнөөдөр би чирч авчирч, биеийг нь даалгах гэж оролдож байна. Энэ хуульд бүх юм хөндсөн байгаа. Хариуцлага, стандарт дээр яривал хүн бүхэн янз бүрээр ярьж болно. Эмнэлэг, эмч хүн ард түмний өмнө хамгийн том хариуцлага хүлээсэн салбар. Өнөөдөр нөхцөл байдлыг сайжруулах асуудал байгаа юу, байгаа. Ганбаатар даргын яриад байгаа юмыг ойлгож байгаа. Бид ойлголцохгүй л биенээ үгүйсгээд байгаагаас бус асуудал босгоод байх зүйл биш.
Д.Очирбат: -Энэ байдлаараа бол Эрүүл мэндийн даатгалын хууль цаашаа явахгүй ээ.
-Эрүүл мэндийн хуулийг эрүүгийн хууль гэж нэрлээд байгаа нь бүхэлдээ хариуцлага тооцох гээд байгаа юм л даа?
А.Отгонболд: -Цагдаагийн тухай хууль гэж тусдаа байдаг. Өнөөдөр эмчийн тухай хууль гэж гаргахгүй бол хамгийн аюултай зүйл нь өнөөдөр эмчийг хамгаалах боломжгүй болоод байна.
С.Ламбаа: -Эмчийн биед халдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг их хуралд оруулсан.
Б.Мягмар: -Ороогүй ээ.
С.Ламбаа: -Д.Очирбат гишүүний саналаар орсон. Эрүүгийн хуульд эмчид халдсан бүх тохиолдолд арга хэмжээ авдаг зохицуулалт байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэхгүй юү, яахаараа та нар Эрүүгийн хуулийн заалтыг авчирч тавьдаг юм гэж, гишүүд эсэргүүцсэн учраас үүнийг хийж чадаагүй л дээ.
Д.Очирбат: -Эмч нарын төлөө ярьж байгаа энэ хүмүүсийг би хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн салбарт үнэндээ хамгийн ядуу хүмүүс ажиллаж байна. Эмч нарт нийгмийн баталгаа, ажиллах орчин алга. Эмнэлгийн ажилтны нэр хүндийг өргөх ёстой, элдэв халдлагаас хамгаалах ёстой. Цагдаа эмчтэй адил төрийн албан хаагч шүү дээ. Цагдааг явж байхад хувцаснаас нь татаж, заамдаж авдаггүй биз дээ. Үүнтэй адилхан эмч цагаан халаадаа өмсөөд явж байхад халддаггүй төрийн албан хаагчийн зиндаанд очих ёстой байхгүй юу. Барьцсан асуудал биш, жишиж ярихад ийм байна.
-Хуульд урамшуулал олгох талаар ер дурдаагүй байна гээд байгаа.Үүн дээр хууль санаачлагч Д.Очирбат гишүүнээс тайлбар авмаар байна?
Д.Очирбат: -Энэ хуулийг гаргахад бүх хувийн эмнэлгийн эмч нарын саналыг сонссон. Хуульд төрийн өмчийн болон эрүүл мэндийн боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын цалин, эрүүл мэндийн бусад ажилтан 12 сарын цалин, өрхийн эрүүл мэндийн төв, сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын цалин, эрүүл мэндийн бусад ажилтан 18 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг байгууллагаасаа авах эрхтэй гэсэн байгаа. Мөн тухайн нутгийн Засаг дарга, санхүү эрхэлсэн менежерүүд хувь, хувьсгал ялгаагүй эмнэлгүүдэд нийгмийн баталгааг сайжруулах санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хуульчилж өгсөн.
Бас нэг том дэмжлэг нь өрхийн болон сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд гурван жил тутам нэг удаа зургаан сарын цалин, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд таван жил тутам зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгуулна гэж байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн ажилтан жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн үзлэгт орно гэж байгаа. Эрүүл мэндийн ажилтанд ажилласан таван жил тутамд хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нэг өдрийн нэмэгдэл амралтыг олгоно гэсэн. Сум тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт тав ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад таван жил тутам улсын зардлаар хамруулж байх гэж байгаа. Эрүүл мэндийн даатгалаас орж ирж байгаа санхүүжилтийг захиран зарцуулах эрх нь хаана байх юм гэдэг дээр Ганбаатарын саналыг дэмжиж байна.
-Д.Очирбат гишүүний дурдсан урамшууллууд амьдрал дээр хэр үр өгөөжтэй байх бол оо?
А.Отгонболд: -24 жил ажилласан бол тэр урамшууллаас хүртэхгүй нь. Урамшууллаа авахын тулд үхэхгүй л бол заавал жилээ гүйцээх гэж зүтгэх нь байна шүү дээ. Хооронд нь дөрвөн жил их хуралд суугаад эмнэлгийн салбарт 24 жил ажилласан бол яах вэ.
Д.Очирбат: -Эмч нар 25 ба түүнээс дээш жил л ажилладаг биз дээ.
Б.Мягмар: -Дөрвөн хүүхэд гаргаад эрт тэтгэвэрт гарсан бол тэр тэтгэмжийг авахгүй. Эмч цагт, хоногт хэчнээн хүн үзэх вэ, илүүг үзсэн тохиолдолд ямар урамшуулал авах вэ гэдэг асуудлыг зохицуулаагүй байна. Нөгөө талаар торгуулийн хэмжээ нь төрийн хяналт шалгалтын тухай хуулиас давсан байна.
А.Отгонболд: -Урамшуулал хүртэхийн тулд хувийн эмнэлэгт ажиллах эмч, эмнэлгийн ажилтан олдохгүй болно. Хувийн эмнэлгүүдэд яагаад энэ урамшууллын системийг хэрэгжүүлж болохгүй гэж.
С.Ганбаатар: -Хүн нүхэнд орсноо мэдсэн даруйдаа нүхээ ухахаа зогсоо гэсэн үг байдаг. Манай эрүүл мэндийн тогтолцоо өөрөө сайн биш. Хэн ч гэсэн хүмүүст сайн үйлчилж байгаа гэж хэлж чадахгүй. Хариуцлага тооцохоор мундагдаад байхын оронд хажуугаар нь эмнэлгийнхнээ ажлын нөхцөлөөр хангах, яаж урамшуулахаа ярья. Өвчтөн, эмч хоёрыг хагаралдуулж дундуур нь тендерээс эхлээд янз бүрийн юмаа шахдаг гэдгийг миний мэдэхийн долоо найман жилийн өмнөөс ярьж байсан. Асуудлаа мэддэг хүнээс эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлыг биеийг нь даалгасан шиг даалгаач гэж залбирч гуйя. Д.Очирбат гишүүн ээ, хэдүүлээ даатгалын хуулийг батлахаас өмнө дүрэм журмаа ярьж болох уу.
Д.Очирбат: -Байнгын хорооны даргын хувьд миний өрөөнд та нөхдийг чөлөөтэй ярилцаж болно гэж бодож байна. Яг үүн шиг ярилцлага хийж болно.
С.Ламбаа: -Хуулиас өмнө дүрэм журмын тухай асуудал ярьж болохгүй. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд та бүхэн журамд оруулах гээд байгаа юмаа шууд тусгах ёстой. Ганбаатар бид хоёр энэ талаар олон удаа уулзаж ярьсан. Ер нь даатгалыг бие даалгана гэдэг мөнгөний тухай асуудал биш юм шүү дээ. Эрүүл мэндийн даатгал бие даана гэдэг эмнэлгүүдийг хөдөлгөж байдаг газар болж хувирах ёстой.
А.Отгонболд: -Одоо гарсан хууль руугаа оръё. Даатгалыг дараа ярья. Эрүүл мэндийн тухай хуульд бид лицензийг мэргэжлийн холбоодод олгоё гэсэн санал өгсөн, ороогүй.
Д.Очирбат: -Мэргэжлийн холбоод бүх асуудал дээр орсон.
А.Отгонболд: -Хуульд тэгвэл алга.
-Хувийн эмнэлгүүдэд энэ хууль хэр нийцтэй болсон байна вэ?
А.Отгонболд: -Хувийн эмнэлэг энэ хуулиар бол арчигдсан.
С.Ламбаа: -Отгонболд сайд аа, та хувийн эмнэлэг гэж яриад байна. Би эмнэлгийг хувь, хувьсгал гэж ялгахын эсрэг байдаг хүн. Энэ хууль бол улсын ч хувийн ч бүгдэд нь адилхан үйлчлэх хууль. Харин та өөрөө дотоод журмаараа манайх Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу 25 жил ажилласан танд 36 сарын тэтгэмж өгнө гэж гэрээ хийх ёстой. Хувийн байгууллагын онцлог тэр.
А.Отгонболд: -Тэгвэл яагаад өрхийн эмнэлэг хувийнх мөртлөө энэ урамшуулалд хамрагдана гэж?
СЛамбаа: -Өрхийн эмнэлэг чинь төрийн ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллага.Та бол гэрээгээр гүйцэтгээгүй, бие даасан ашгийн төлөө ажиллаж байгаа байгууллага.
А.Отгонболд: -Ашгийн төлөө биш ээ, тэгж ойлгож болохгүй. Хуульдаа зүгээр эрүүл мэндийн байгууллага гээд л явчих л даа. Эрүүл мэндийн байгууллага дотор төрийн, хувийн шашны гээд бүгд байг л дээ:
С.Ламбаа: -Төр мөнгөө өгдөг байгууллагаа салгаж авдаг юм аа.Тэгэхгүй бол хариуцлага байхгүй шүү дээ.Та бол сайд байсан, энэ салбарт ажиллаж байсан хүн мэдэж байгаа байх. Гэтэл тэнд байгаа хувийн эмнэлгийн хүн юу ярьж байгаа юм, би юу гэж тийм их мөнгө өгдөг юм гэнэ шүү дээ. Энд чинь бодлого байна. Хөдөө ажиллах эмч олдохгүй байна. Сум тосгоныг эмчтэй байлгахын тулд авч байгаа бодлого.
-Эцэст нь асууя. Цаашид ямар шийдэлд хэрхэн хүрэх гэж байна. Эмч нар энэ хэвээр эсэргүүцсээр байх уу, эсвэл зохицох уу. Одоо яах вэ?
С.Ганбаатар: -Эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын тогтолцоо арай хэтэрсэн байгаа, үүнийг эргэж харна. Мөн даатгуулагч иргэдийн оролцоо хяналтыг сайжруулснаар энэ тогтолцоо сайжирна гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа маргааш гэхэд ЭМЯ, Нийгмийн бодлогын байнгын хороотой яриад хэлэлцээр хийе гэвэл шууд хийнэ. Үгүй гэвэл бид эмч, эмнэлгийн ажилтнууд, даатгуулагчидтайгаа хэлэлцэж ямар тэмцэл хийх вэ, Цэцэд өгөх үү гэдгээ шийднэ.
Д.Очирбат: -Өнөөдрийн энэ уулзалтаар маш зөв зүйтэй хэлэлцүүлэг боллоо. Ганбаатар ерөнхийлөгчийн хэлж байгаа зөв. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг олон талаас ярилцах нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль сайн гарах эхлэлийг тавьж байгаа юм. Энэ асуудлыг бид цаашид олон удаа ярилцах байх.