“МУҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга” болж байна
2017.05.01

“МУҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга” болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” Ажлын хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулан, Монгол Улсын Их хурал 2016 оны намрын ээлжит чуулганаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан юм.

Энэ дагуу “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга” өнөөдөр Төрийн ордонд болж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол Улсын төв, орон нутгаас сонгогдсон 1570 иргэний төлөөлөл болох 785 иргэн оролцож байна.

Хуралдаанаар “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” зэрэг сэдвээр танилцуулга болж, хэлэлцүүлгээр санал бодол, байр сууриа ярилцаж байна.

Монгол Улс 1992 онд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго дор шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталж даяар олноо тунхагласан түүхтэй. Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцын хүрээнд шийдвэрлэгдсэн хэмээн шүүмжлэл дагуулж байсан юм.

Иймд зөвлөлдөх санал асуулга нь улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг олон нийтийн санаа бодолд тулгуурлан сонирхогч, талуудын оролцоог хангасны үндсэн дээр зөвлөлдөж зөвшилцөн, хамтын шийдвэр гаргах зөв гэж үзэж буй юм.

Дашрамд дурдахад,  Азийн сан, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал төвөөс зохион байгуулагчдын чадавхийг бэхжүүлэх, аргачлал, арга зүйгээр хангах сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.