Монголын дээд боловсролыг дэлхийн энд хүргэсэн Отгонтэнгэрийнхэн
Монголын дээд боловсролын салбарыг дэлхийн энд хүргэсэн Отгонтэнгэр Их сургууль, МУИС, МБДС-ийн оюутнууд, эрдэмтэн багш нартаа баярлалаа гэж өнгөрсөн 12 дугаар сард БСШУС-ын сайд Ж.Батсуурь цом гардуулах ёслолын ажиллагаан дээр онцлон хэлсэн юм. Энэ бол Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан "Business Simulation" тэмцээний дэд аварга болон гурав, дөрөвдүгээр байранд шалгарсан багуудад батламж, цом гардуулах ёслолын ажиллагаанд сайдын онцлон хэлсэн үг.
Дэлхийн арав гаруй их дээд сургуулийн эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд “Бизнес загварчлал”-ын чиглэлээр бүтэн сарын хугацаанд найман үеийн турш өрсөлдөж эцсийн дүн гарахад Отгонтэнгэр Их сургуулийн баг дэд аварга болсон билээ. 0,33 оноогоор Дубайн охидын их сургуулийн баг тэргүүлж, харин дэд аварга болсон ОТИС, гуравдугаар байранд МУИС, тусгай байр МБДС-ийн багийн гишүүдэд Финляндын CESIM байгууллагаас ирүүлсэн цом, батламжийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өөрийн биеэр хүндэтгэн гардуулсан юм.
Тэрээр энэ ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ цаашид Монголын оюутнуудыг дэлхийн тэмцээнүүдэд бэлдэх хэрэгтэйг ч бас онцолсон. Тиймээс ОТИС нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Финляндын CESIM байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авч Монголын Их Дээд сургуулиудын дунд анх удаа “Бизнес загварчлал”-ын тэмцээнийг 25 хоногийн турш зохион байгуулж дууслаа.
Монголын шилдэг их дээд сургуулиуд оролцох хүсэлт ирүүлснээр МУИС, СЭЗИС, ХААИС, ОТИС, МБДС-ийн найман баг АНУ, ЕВРОП, АЗИ-ийн гар утасны технологийн глобал зах зээлийг бүхэлд нь хамран богино хугацаанд оновчтой шийдвэр гарган ширүүн өрсөлдсөн.
Тэд энэ төрлийн тэмцээний анхны үндэсний ялагч болох хүсэл тэмүүллээс илүү бие биенээсээ суралцах, олон улсын бизнесийн зах зээлд олон төрлийн шинжилгээ дүгнэлт хийх, аливаа байгууллагын марктингийг хэдэн сар жилээр төлөвлөж алсыг харж сурч байгаадаа баяртай байлаа. 8-р үеийн тоглолт дуусаад ганцхан секундын дараа Финляндын CESIM байгууллагын албан ёсны программ эцсийн дүнг шууд зарладагаараа алдартай. Учир нь ганхан секундын дотор луйвар булхай орох ямар ч боломжгүй. Тэгээд ч багууд шүүлтийн системийг өөрсдөө харан сууж байдаг аж.
-
Ингээд 8-р үеийн дүн гарахад ОТИС-I баг үндэсний ялагчид болсон юм.
-
Тэмцээний дэд аваргаар ОТИС-II баг,
-
гуравдугаар байранд СЭЗИС-I баг тус тус шалгарлаа.
Угаас байраас илүү туршлага, дадлага чухал байсан оюутнууд бие биедээ чин сэтгэлээсээ баяр хүргэж байгааг харахад өрсөлдөгч гэхээсээ хамтрагч байсан уу гэлтэй.
Тэргүүн байр эзэлсэн ОТИС-1 баг урьд нь Дубайн тэмцээнд оролцсон харьцангүй туршлагатай хэдий ч тэмцээний явцад хүчтэй багуудын ширүүн өрсөлдөөн дунд олон хүнд үеүүдийг давсан.
Харин ОТИС-2 баг анх удаа орж байгаа учраас эхний үедээ тактикаа боловсруулах, үнийн өрсөлдөөнд ямар шийдвэр гаргах зэрэг олон хүнд нөхцөлд орж байжээ.
Гэвч явцын дундаас нэг хүн шиг ажиллаж, бусдыгаа мэдрэх чадвар өссөнөөр ийнхүү үндэсний дэд аваргууд болсон юм. Улсын хийгээд хувийн топ их сургуулиудын эдийн засгийн чиглэлээр суралцагч оюутнуудын дунд анх удаа зохион байгуулсан “Бизнес загварчлал”-ын үндэсний аваргууд ийнхүү Отгонтэнгэр Их сургуулиас тодорчээ.
Тэдэнд ОТИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, оюутнууд баяр хүргэж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. Монголынхоо боловсролын салбарын үнэ цэнийг дэлхийд таниулсан тэдэнд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэн ирэх жил болох олон улсын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
Англи хэл дээр, онлайнаар найман үеийн турш өрсөлддөг энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаа ОТИС-ийн удирдлагууд хэлсэн юм. Ийнхүү Монголын оюутнууд дэлхийн энд өрсөлдөх чадвартайгаа харууллаа.