Төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь халлаа
Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29 дүгээр дунд сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан.
Тус сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл болох дохионы хэлээ чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаанд удаа дараа тавьж байсан аж. БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж тус сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгасан байна.
Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон аж.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийг дагуу захирамж гаргаж нийслэлийн Төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан байна.
Энэхүү захирамж гарсантай холбогдуулж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл нар өнөөдөр мэдээлэл хийлээ.