Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөлдөх уулзалт болж байна
“Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын оролцоог сайжруулъя” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд эхлүүллээ. Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон харьяа дүүргүүдийн эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсрол, цагдаагийн хэлтсийн дарга, удирдлагууд оролцож байгаа юм.
Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн яам, НЗДТГ, дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын асуудал хариуцсан орлогч дарга, хэлтсийн дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа.
Бид улсын төдийгүй нийслэлийн хэмжээнд ихсээд байгаа сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулахад салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөхөөр энд цуглаад байна. Халдварт өвчнийг бууруулах түүний дотор сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах томоохон зорилтууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс өгөх халдварт өвчний өнөөгийн байдлын талаархи мэдээллийг сонсоод салбар бүр өөр өөрийн чиглэлээр ямар ажил хийх боломжтой, хүсэлтэй байгаагаа харилцан ярилцаж, санал солилцож, зөвшилцөн дээрхи зорилтыг хэрэгжүүлэх, үр дүнтэй ажлуудын санал санаачлагыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний саналд үндэслэн цаашид салбар дундын хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөөг боловсруулан гаргах нь өнөөдрийн уулзалтын маань гол үр дүн байх болно. Ингээд та бүхнийг зөвлөлдөх уулзалтад идэвх санаачлагатай оролцож хамтдаа, хамтран ажиллахыг уриалж байна. Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээв.
Зөвлөлдөх уулзалтын гол зорилго сүрьеэ, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтан, шийдвэр гаргагч нарт мэдээлэл өгөх, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, зөвлөмж гаргахад оршино. Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд орсон хэвээр байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ өвчин нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.