НЭГДҮГЭЭР БҮЛЭГ (Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ)
1. Авъяас чадвараа мэдэрвэл шуудхан л ажил хэрэг болго
Яг энэ цаг мөчид маш олон хүн, магадгүй бүх хүн өөрийн аль нэг авъяас чадвараа хөгжүүлэхээр хичээллэж байгаа. Мэдээж, бүгдээрээ амжилтын оргилд хүрч чадахгүй.
Гэхдээ л хүний чадавхи хэмжээлшгүй агаад, тэдэнд чадахгүй зүйл гэж байхгүй гэдэгтэй уншигч та санал нийлнэ байх. Магадгүй, та ч бас бусдын л адил өөрийн гэсэн мөрөөдөл, зорилготой, түүндээ хүрч олон түмний хүндлэл хүлээсэн нэр төртэй хүн болох хүсэлтэй шүү дээ. Харин хүсэл зорилгоо гүйцээхийн тулд яавал дээрийг мэдэхгүй эргэлзэн тээнэгэлзэж, аргаа олохгүй байгаа байж болох юм. Эргэн тойронд тань саад бэрхшээл ч бишгүй байгаа. Тэр бүхнээс зориг зүрх мохож шантрах үе ч бий л байх. Тэгээд ч хүний сэтгэл зүрх үргэлж эрмэлзэл тэмүүлэл, сэтгэл зовнилоор дүүрэн байдаг бөгөөд эрслэн шийдэх, эргэлзэн цуцахын хооронд савлан хөдөлж байдаг.
Хэнтэй ч юм уулзаад, асуугаад нэг үзээрэй. Гайхамшигтай эрдэмтэй хүн ч байсан, хичээл чармайлттай хүн ч байсан, эсвэл өөрийн мэдлэгийг сайн ашигладаг нэгэн ч бай, бүгд л өнгөрснөө эргэн дурсаж, санаа алдан ярих биз. Маш их цаг хугацаа зарцуулсан даа, гэх ч юм уу, дахиж олдохгүй боломжийг тун ч ихээр алдсан даа, гэх зэргээр хуучилцгаах вий.
Яг өөрийн мөрөөдсөнөөрөө ч юм уу, бодож төлөвлөснөөсөө өчүүхэн ч зөрүүлэлгүйгээр аливаа ажлыг хийж гүйцэтгэсэн хүн гэж, за ер нь л байхгүй дээ. Яагаад гэвэл, хүн бидэнд чинь мэдлэг туршлага хуримтлуулж хашир суутал ихээхэн цаг хэрэгтэй байдаг шүү дээ.
Туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн санаад үзэхээр хүн зарим үед явах замаа андуурч байснаа, зарим үед сонголтоо буруу хийж байснаа ойлгоно. Заримдаа тун сайхан боломжийг алдан, зарим үед буруу зуршилд толгойгоо мэдүүлчихсэн байснаа ухаарна. Мухар үзэл сурталд автчихсан үе ч байна. Уг нь засч болдогсон бол өнөөг хүртэл хуримтлуулсан туршлага мэдлэгтээ тулгуурлан, дахиад нэг амьдраад үзэхсэн гэж бодогдоно доо. Олдсон боломжийг алдалгүй чанга атган өөрийн болгоод, цаг хугацааг үр дүнтэй ашиглаж байсан бол сурч мэдсэн бүхнээ амьдралд хэрэгжүүлэн дадал чадвар, мэдлэгийн шинэ хүрээг бий болгочихсон байх байсан байж ч болох юм.
Эрт урьдын гайхамшигт хүмүүс бидэнд өв сан болгон "эрдэм ухаан" гэгч үнэт эрдэнийг үлдээсэн билээ. Харин энэ эрдэнийн уурхайгаас өөрт хамгийн хэрэгтэй, хамгийн үнэ цэнэтэй мэдлэгийг алт олдворлох лугаа адил та өөрөө, өөрийн гараар "ухаж гаргаж" авахаас өөр арга байхгүй.
Хүн болгоны уураг тархины чадвар ижилхэн үү, үгүй юү гэдэг бол тусдаа асуудал байх, харин хүн бүр төрөлхөөсөө ямар нэгэн гайхамшигт авъяастай төрдөг нь гарцаагүй.
Та тоонд тааруу ч юм уу, эсвэл зохион бичих, ухуулан илтгэх талаараа жигтэйхэн мундаг биш байж болно. Гэхдээ л танд ямар нэгэн авъяас чадвар зайлшгүй байгаа. Тэр авьяас чадвараа олж нээн, тордон хөгжүүлж чадвал та хүсэл зорилгоо гүйцээн амжилтанд хүрч чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Бага наснаас нь Есүсийн сүмд шавилуулсан Клавиус гэдэг хүү тухайн үедээ ухаан муутайд тооцогдож байжээ. Номлогч багш нар нь янз янзаар зааж сургаж байсан ч олигтой амжилт гаргаагүй гэдэг. Гэвч тэр хүү шавилан сууж байсан гэдгээр сүмийн нэр хүнд хожим хойно дэлхийд алдаршина гэж тухайн үеийн санваартнууд дуслын ч төдий бодож байсангүй аж. Учир нь нэгэн ламтан Клавиус хүүд геометр зааж байхад сая л түүний авъяас тодрон гарч, Улмаар Клавиус цаг үеийнхээ тэргүүний математикчидийн нэг болжээ.
2.Суут хүн (төрөлхийн авъяастан) гэдэг бол тэр хүн гайхалтай тэвчээртэй байсныг баталж байна гэсэн үг
Нэг удаа би асар өндөр байшингийн дээвэр дээрх аянга зайлуулах антенн өөд нэгэн хүү авирч буйг хэдэн мянган хүн алмайран харж байхтай таарсан юм. Салхи хүчтэй үлээн антенныг найгуулан дайвалзуулж байв. Гэсэн хэдий ч хүү улам дээш авирч, 60 метрийн өндөрт байгаа салхины чиг заагчид бараг л хүрлээ. Харж зогссон хүмүүс "одоо л, одоо л доош унах вий" хэмээн зүрх нь хүчтэй цохилон түгшицгээнэ. Харин хүү огтхон ч буцалгүй авирсаар салхины чиг заагчид хүрч, тавцан дээр гарч зогсоод хүчтэй салхины аясаар антеннтай хамтдаа дайвалзан байж билээ. Хүү ханатлаа зогссоны дараа бахархалтай нь аргагүй бууж ирсэн юм.
Тэрхүү гайхамшигт ажил үйлс бүтээх боломжтой хүн байсан нь гарцаагүй. Харин, тэр цагаас хойш хүүгийн талаар нэг ч удаа сонсогдсонгүй. Яагаад тэр вэ? Хүүгийн гайхамшигт чадвар юманд хүрэлгүй, тэгсхийгээд л дуусчихсан юм болов уу? Эсвэл, тэнгэрээс заяасан төрөлхийн чадвар - тэнгэрийн хувь хишиг нь зөв зүг чигээ олоогүй юм болов уу?
Хожим дуулахнээ өнөө хүү өөрийг нь харж зогссон хүүхдүүдэд аюултай үлгэр дууриал үзүүлсэн хэмээн буруутгагдаж, торгууль хүлээсэн гэнэлээ. Гэхдээ түүний үлэмж их эр зоригийг бахархахын сацуу юунаас ч үл эмээх төрөлхийн чадварыг нь яаж ийж байгаад зөв тийш хянамгайхан чиглүүлсэн бол... хэмээн бодохоор л харамсаад харамсаад барахгүй. Энд би "тэнгэрийн хувь хишиг" хэмээх эртний үгийг хэрэглэлээ.
Жирийн хүмүүсээс өөрөөр, тэсрэлттэйгээр аливааг хийгчид цөөнгүй л дээ. Тэдний хувьд төрөлхийн чадвар нь тэнгэрээс заяаснаас өөрцгүй. Жирийн биш маягаар аливааг гүйцэтгэх нь чухамдаа, үнэнхүү тэнгэрээс хувь хүртэгсдийн онцлог гэж зарим хүмүүс боддог.
Төрөлхийн авъяас гээчийн талаар санаа зовсондоо би төрөлхийн авъяас танд ч бий гээд байгаа юм биш шүү. Жинхэнэ төрөлхийн авъяастан төрөх нь тун ховор. Хэдийгээр энэ ховорхон авъяастнуудад хүмүүс атаархан, тэднийг үлгэр жишээ болгох авч үнэн хэрэгтээ хүний ертөнцийг тунгалаг, ил тод, сайн сайхан болгож чадах суу билэгтэн бүр ч цөөхөн байдаг.
Бүх хүчээ дайчлан хичээллэхийн зорилго нь уураг тархиа бусдаас илүү сэтгэн бодож байна уу гэдгийг илрүүлэх явдал биш шүү дээ. Харин оюун ухаанаа идэвхжүүлэн хөгжүүлж, бодитой ашиг тустай зүйл болгох явдал.
Төрөлхийн авъяастнуудын алдар хүндэд залуус татагдан дагана. Цөөнгүй хүмүүс төрөлхийн авъяастнуудыг төдийлөн хүч гаргалгүйгээр, идэвхи чармайлт болон нарийн ширийн судалгаа хийж цаг, тэвчээр зарцуулахгүйгээр, товчхондоо ямар ч зовлонгүйгээр бүхнийг чаддаг гэж боддог. Гэтэл, Исаак Ньютон зэрэг суут хүмүүс өөрийн болон бусдын мэдлэгийн хамгийн том, басхүү цорын ганц ялгааг тэдэнд бусдаас илүү тэвчээр байсан явдал гэж хэлж байжээ.
Танд гайхамшигтай сэтгэх ухаан болон эрүүл саруул шийдвэр гаргах хүч, гялалзсан сайхан дүрслэн бодох, аливааг өргөн хүрээтэйгээр харж ойлгох чадвар байгаа байх л даа. Гэсэн хэдий ч таныг төрөлхийн авъяастай суут хүн байхад энэ бүхэн хангалтгүй гэдгийг би тун итгэлтэй хэлж чадна. Учир нь энэ бүхэн хичнээн байгаад ч хичээж чармайхгүй бол та хүмүүсээс түрүүлэн цойлон гарч чадахгүй.
3. "Өчүүхэн чармайлт"хэмээх гайхалтай хүч
За тэгэхээр, цаашдынхаа амьдралд таны өөртөө бий болгох гол зүйл бол хүч чармайлт гэдгийг ойлголоо шүү дээ. Хүчээ дайчлан, цөхрөлтгүй хичээн чармайж байж л сайн үр дүнд хүрнэ дээ. Өөрийг тань урамшуулж, дэмжин зоригжуулж байгаа найз нөхөд, дотны туслагч болсон ном, багш нараа түших хэрэгтэй. Өөр бусад тус дэм ч бий шүү. Гэхдээ аливаа хүн өөрийн мэдлэг, чадварын хүчийг хатжуулан хөгжүүлэхийг эцсийн дүндээ та өөрөө л хийдэг учиртай. Таны өмнөөс хэн ч үүнийг хийж өгөхгүй. Хэдийгээр энэ хорвоод үнэтэй цэнэтэй зүйл өч төчнөөн байдаг ч бүх юм "хичээл чармайлт" хэмээх хамгийн том үндэс суурин дээр л тогтож байдаг.
Үнэнхүү гайхамшигт амжилтыг асар их тэвчээр гарган судалж мэдсэн "хөдөлмөр" л удирдан жолооддог юм. Тархи толгойгоо эрчтэй ажиллуулж хөгжүүлэлгүйгээр, өргөн дэлгэр эрдэм мэдлэгийг олж авалгүйгээр, гэнэт л хорвоо ертөнц дээр тодроод гараад ирнэ гэдэг бол нэгэн цаг мөчид үл ойлгогдох гэрлийг цацруулахтай л адил юм. Энэ бүхнээр би, хүмүүс бид аливааг өөрийн болгох чадвар дадал, эрдэм мэдлэгийг бий болгохын тулд заавал хичээн чармайх ёстой, өөрт тань байгаа болон бусдад өгч байгаа үнэт зүйлс бүхэнд хичээл чармайлт шаардлагатай гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Энэ бодит үнэнд жишээ татахын тулд эрж хайх шаардлага байхгүй.
Номхон дөлгөөн далайг үзэмжтэй болгон чимдэг шүрэн арлуудыг харахад "гэм хор гээчийг огтоос үл мэдэх" Эдений цэцэрлэг энд тэнд дурайх шиг харагддаг. Эдгээр том арлуудыг жижигхэн шүр хорхойнууд ширхэг ширхэгээрээ бөөгнөрөн овооролдсоор далайн ёроолоос сүндэрлүүлэн босгодог гэгддэг билээ.
Хүний хичээл чармайлт гэдэг ч бас л ийм зүйл шүү дээ. Хүний бүтээх гайхамшигт амжилт гэдэг бол жижигхэн, басхүү тасралтгүй үргэлжилсэн хичээл чармайлтын "ургац" юм. Хэзээ ч билээ дээ, би нэгэн алдарт зураачийн далд санаа агуулсан зургийг үзээд, яг байгаа чигээр нь хүлээн авч байснаа байнга санаж байдаг юм. Тэр зурагт дүрслэгдсэн уулын бэлд нэгэн эрэгтэй хүн малгай, цамцаа тайлж хажуудаа тавиад, гартаа зээтүү барьчихсан байсан.
Алгуурхан, нэг нэгээр зээтүүдэн зүтгэх тэвчээр хатуужлыг илэрхийлэх тэр өгүүлэмж нь "бага багаар, аажим аажмаар, зугуухан, гэвч тасралтгүй" гэсэн санааг илэрхийлэх мэт.
4. Юуны өмнө, нэг ажлыг тууштайгаар, эцэст нь тултал бодож хийж үзэцгээе
Уураг тархи гэдэг угтаа бол зэрлэгшсэн унагатай адил зүйл.
Хэн нэгэн аливааг тууштайгаар бодож тунгаан уураг тархиа батжуулан хөгжүүлж чадаагүй ч юм уу, амжаагүй хүнийг сонгоод, "тууштайгаар бодож сэтгэх" ажлыг хийлгээд үзээрэй. Өөрөөр нь сэдвийг сонгуулсан ч болно шүү дээ. Тэр хүн ухаан бодлоо уг асуудалд төвлөрүүлж чадахгүй байгаа нь харагдах болно. Сэтгэн бодох дасгалаас холдож, тэс өөр юм бодож эхлэх нь мэдэгдэнэ. Нэг бол эргэлзэж төөрөлдөөд тууштай сэтгэн бодохоо зогсоочихож ч магадгүй. Хэдийгээр өөртөө дүгнэлт хийн, за одоо л ч анхаарлаа төвлөрүүлье гэж оролдох боловч дахиад л өөрийн мэдэлгүй өөр зүгт хадууран, хоосон тэнгэрт хөөрч одно, тэр хүн. Хэд дахин оролдож үзээд, уур нь хүрээд больчих ч юм уу, эсвэл унтаад өгнө дөө.
Насны залууд өргөн дэлгэр мэдлэг гэхээсээ илүү ирээдүйтэй мэдлэгийг олж авах, ирээдүйд хэрэг болох байдлаар уураг тархиа хатжуулан хөгжүүлэх нь чухал билээ. Мэдлэгийн агуулах хэзээ нэгтээ хуримтлалаар дүүрэх учраас өсч торних үедээ яарч адган эрээвэр мэдлэгийг овоолон чихэх хэрэггүй.
Толь бичгийг яагаад хэрэглэдэг билээ? Шинэ үг сурахаас гадна нэрийг нь мэдэх ёстой мөртөө яагаад ч санаанд орохгүй байгаа хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг мартагдсан үгээ толь бичгээс олдог шүү дээ. Ийм тохиолдолд та анхаарлаа бүрэн гүйцэд төвлөрүүлж чаддаг болоогүй байна гэсэн үг. Дээрх үгийг та урьд өмнө тогтоочихсон байсан. Гэтэл мартагдчихаж. Анх харж тогтоох үед энэ үг таны уураг тархиар сум шиг "цоо нэвтлэн" гарчихаагүй л баймаарсан.
Зуны нэг сайхан өдөр хүүхдүүд сурах бичгээ сугавчлан өрөөнөөсөө гарч, цэцэрлэгт хүрээлэнгийн модод дунд орж явчихыг, тэгснээ төдөлгүй тайван амгалан номоо уншиж чадахгүй болохоор буцаад хүрч ирэхийг би харсан юм. Уул нь тэр хүүхдүүд байршлаа сольчихвол тогтож өгөхгүй байгаа анхаарал нь төвлөрөх байх гэж бодоцгоож, эс бөгөөс сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд нь саад болоод байгаа тэр нэг, үгээр илэрхийлэмгүй тогтворгүй байдлыг даван туулж чадна байх хэмээн найдацгааж байжээ. Гэвч уг оролдлого нь ямар ч үр дүнгүй дууссан байна.
Энэ жишээ өөрөөсөө зугтах хэрэггүй гэж бидэнд хэлж байна. Хамгийн зөв арга бол "өрөөндөө тайван амгалан суугаад, хэцүү бөгөөд сонирхолгүй санагдаж байгаа хичээлдээ тун хянамгайхнаар анхаарлаа төвлөрүүлж, тэр хичээлийг жинхэнээр нь өөрийн болгож авах арга" юм. Тогтож өгөхгүй байгаа анхаарлаа тогтоон барьж, нэг удаа ингэж өөрийгөө удирдаж чадах юм бол дараа дараагийн удаагаас анхаарлаа тун зугуухнаар, өөрөө жолоодож чаддаг болоод ирнэ.
Тэвчээр болон анхаарал төвлөрүүлэх чадвар хоёр ижил чанартай, их хуч юм. Тэгэхээр тэвчээргүй хүн уураг тархиа хатжуулан хөгжүүлж чадна гэж хэлэхэд бэрх. Тэвчээр гарган, хичээн чармайж хичээллэх нь өндөр үр дүн авчрах зайлшгүй нөхцөл болоод зогсохгүй энэ амжилтын бодит баталгаа болох юм.
Нэг жишээ хэлье.
Агуу их Исаак Ньютон нэгэн өдөр ажлын ширээн дээрээ иртэл хайртай нохой нь ширээн дээрхийг нь эргүүлж сандаачаад хаячихсан, олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн онолын бүтээлийг ил гал руу унаган шатаагаад үнс болгочихсон байжээ. Гэсэн ч тэрбээр тайван намуухнаар нохойндоо хандан, "Даймонд минь дээ, чи ямар санаатайгаар муу юм хийсэн биш" гэж хэлсэн гэдэг.
Ньютон үнэхээр суут хүн байж дээ. Дээрх жишээнээс түүний сэтгэлийн тэвчээр харагдаж байна. Тэр уурлаж уцаарласан ганц ч уг хэлсэнгүй, нөр их хөдөлмөрөө дахин шинээр эхлэхээр ширээнийхээ ард суужээ. Тэрбээр үүний л төлөө амьдарсан бөгөөд тэгээд ч амжилт бүтээл нь дэлхий дахины магтаал хайраар бялхсан билээ.
Гэхдээ л, иймэрхүү маягаар өдөр хоног, өнгөрөх цагийг умартан жил сараар ширээний ард сууж, судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж чадах тэвчээртэй хүн тун ховор. Хүний ийм чанар, чадварыг хөгжүүлэн сайжруулах нь чухам сурган хүмүүжүүлэх ажлын чухал бөгөөд амаргүй үүрэг юм.
5.Сармагчин адил дуурайгаад байвал уураг тархи мохно шүү дээ
Өөрөө бодож сэтгээд, түүнийг өөрөө гардан гүйцэтгэхийг сурч, судла.
Жинхэнэ "өөрийн бүтээлч чадвар" гэдэг бол аливаа зүйлийг өөрийнхөө бодол сэтгэлээр чадварлаг хийхийг хэлнэ. Хагас дутуу боловсролтой хүн бол гол төлөв хүнийг дуураймтгай байдаг.
"Бусдыг дуурайгч хүн их хүн болж чадахгүй".
Үүний хамгийн гол шалтгаан бол гайхамшигт хүмүүсийн сул тал буюу хүсээд байхааргүй дутагдалтай талыг дуурайх нь үнэхээр үлгэр жишээ болохуйц сайн сайхан чанарыг нь дуурайхаас үлэмж амархан байдаг учраас хүмүүс ихэнхдээ тэдний тааруухан талыг нь л дуурайчихдагт байгаа юм. Анзаарч мэдээгүй байх хооронд бусдыг дуурайх нь бур зуршил болж орхиод, өөрийгөө хатуужуулан төлөвшүүлэх нь бүтэлгүйтэж, амьдралаа утга учиргүй өнгөрүүлэх хүн цөөнгүй дээ.
Доктор Самуэл Жонсон (1709-1794. Английн бичгийн хүн. "Англи хэлний толь бичиг"-ийг бие даан бүтээсэн)-ыг дуурайгчдын дотроос Жонсон доктор шиг "баян тансаг үгийг эзэгнэгч" гарч ирсэн гэж үү?
Байрон шиг болохыг хүсэгчдийн дотор шүлэгч болчхоор хүн нэгээхэн ч байгаагүй дэг. Түүний хэмнэл, айзмыг дуурайн үл үзэгдэх мөрөөр нь орно гэдэг бол явахын аргагүй уул хадтай учрахтай адил. Тэр дуурайгчид Байроны агуу сууг нь биш ёс зүйн доголдлыг нь л дуурайж магад.
Бусдыг дуурайх замаар олны "хайрыг татагч" гэдэг бол нүд ирмэхийн зуур л "унаж ойчин", өнгөрч өөд болохынх нь цагт амьд ахуй үеийнх нь тансаг сайхан бүхэн сүнс сүүдэр ч үгүй алга болно. Түүнчлэн, ийм хүний дагалдагчид нийгэм нийтийн ёс зүйд хохирол хүргэхээс өөр юу ч хийлгүй үхэж үрэгдэнэ. Бурханы авралаар хорвоо ертөнц хорт муу бүхнээс зайлуулагдан байгаа билээ.
Агуулгаар нь ч юм уу, аргаар нь ч юм уу бусдын юмыг хуулбарлах нь өөрийн гэх юмтай байхаас хамаагүй амархан. Гэхдээ иймэрхүү дуурайгчдаас ёс зүйтэй, жудагтай нэгэн болж засарсан хүн нэг ч үгүй гэдгийг сэтгэлийнхээ угт санаж авах хэрэгтэй.
Өөрийн гэсэн чанартай, энэ чанараа хянах хэм, хэмжээтэй болох хэрэгтэй. Агуу суут, хүнлэг сайхан чанар гэдэг бол яаж ч хичээгээд дуурайж болох эд биш гэдгийг сэтгэл зүрхнээсээ ойлгоод авцгаая. Өөрийнхөө тэвчээр, хичээл чармайлтаар л өөрийнхөө үнэ цэнийг бий болгож авах хэрэгтэй.
6.Оновчтой шийдвэр гаргах чадварыг өөртөө бий болгож чадваас хичээл чармайлт бүр ч сайн хэрэгжих болно
Сурах судлахын бас нэг зорилго бол шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэх явдал юм.
Энэ бол уураг тархиа аливаа зүйлийг эрж ойлгож чаддаг болгоод зогсохгүй, хүмүүсийн жирийн санал бодол болон баримт нотолгоотой шинжилгээ судалгааны тайлбарыг хүртэл харьцуулан бодож чаддаг болгохыг хэлж буй юм.
Ийм шийдвэр гаргах чадвар байхгүй бол унших ёстой номоо шаардлагагүй номуудаас ялган шийдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, ямар зохиогчид итгэж болохгүй вэ, ямар санаа бодол чухал вэ гэдгийг шийдэж тогтоож чадахгүй гэсэн үг.
Хичээл чармайлтаараа бусдаас ялгарагч, хичээл номдоо сайн шамдагч нарын дунд хүртэл нэгийн төдий ч сайн үйлс бүтээлгүйгээр энэ амьдралаа төгсгөж байгаа хүн бий. Энэ нь тэнцвэртэй, оновчтой шийдвэр гаргах чадвар байгаагүйтэй л холбоотой юм.
Ийм хүмүүсийн тухай хэдийгээр баримт нотолгоотой хэлэхэд бэлэн бус байгаа ч, хамгийн сүүлд сонссон мэдээллээ л зөв гэж үзэцгээдэг. Хичнээн үнэ цэнэгүй ном байлаа ч хамгийн сүүлд уншсан ном нь л хамгийн сайхан ном байдаг. Бас тэгээд, яг ямрыг нь сайн мэдэхгүйгээс хамгийн сүүлд, шинээр танилцсан хүн нь хамгийн чухал хүн шиг бодогддог.
Энэ хорвоод хүмүүс зайлшгүй эрхлэн хийх ажил хөдөлмөр уул овоо шиг их, гэхдээ бас, юунд ч хэрэггүй ажил ч бас цөөнгүй. "Араг яс" нь ганхаад ирмэгц л арчаагүй дэмий болох нь мэдэгдэх ажил байх бөгөөд ийм юмыг хийгээд ирэхээр мэдлэг, хүчээ үнэ цэнэтэй зүйл рүү чиглүүлэх боломжгүй болж орхино. Үр ашиггүй, утга учиргүй, наад цаадах нь үл ойлгогдох юм руу яваад орчихно гэсэн үг л дээ.
Италийн нэгэн зохиолч, "би, өндгийг дээш нь шидчихээд тэр өндгөө хагалалгүйгээр тосч аван тоглож нааддаг нэгэн хоньчинтой таарч билээ. Эвлэгхэн гэдэг нь гайхалтай. Басхүү нэгэн зэрэг дөрвөн өндгийг өөд нь шидчихээд, дараалуулан хагалж асгалгүйгээр барьж авах уран үйлдлийг ч хэд хэдэн минут үргэлжлүүлэн тасралтгүй хийж байж билээ. Тэр эрийн дүр төрх шиг айхтар төрхийг урьд өмнө үзэж байгаагүй юм шиг надад санагдана. Гайхалтай тэвчээр, сэтгэлийн төвлөрөл зэрэг нь Нууцын хорооны зөвлөх тушаалтны ажил хэрэгч байдал, сүр хүчийг санагдуулж байлаа. Ийм хичээл чармайлт болон анхаарлаа хандуулах чадварыг зохих зүйлд нь чиглүүлсэн бол энэ хоньчин Архимедээс ч чадалтай тоочин болох байснаас гарцаагүй гэж бодогдоод ердөө болдоггүй юм" гэж хэлсэн байдаг.
Иймэрхүү жишээ цөөнгүй. Миний мэдэх нэгэн хүү номыг буруу харуулж барьчихаад, унших дасгалыг өчнө төчнөөн цагаар хийж байлаа. Тэр хүү тэгсээр номоо ч төвөггүйхэн уншдаг болж, латин хэлний хэлзүй болон өөр бусад нарийн ширийн зүйлийг ч өөрийн болгож чадсан билээ. Энэ бол зүгээр л цагийг ашиг муутайгаар өнгөрөөж байгаагаар барахгүй, жинхэнэ зорилтоосоо хөндийрсөн ач холбогдол муутай сонирхолд нийцсэн авъяасаа хурцалж байгаагаас хэтрэхгүй юм. Хичээллэн судлах зүйл, хэрэггүй зүйл хоёрыг ялгахад сургах нь сурган хүмүүжүүлэхүйн болон хичээллэн суралцах ухааны чухал хэсэг яахын аргагүй мөн.
Миний энд хүртэл бичиж ирснээс та бүхэн "бусдад нөлөөлөх чадвар, авъяас чадалтай хүн болохын тулд өргөн дэлгэр мэдлэг хэрэггүй юм байна" гэж ойлгосон бол тийм биш. Яагаад гэдгийг энэ номыг цаашид унших явцдаа ойлгох байх гэж бодож байна.
Миний хэлэхийг хүсээд байгаа зүйл бол залуу хүн таны юуны өмнө өөртөө тавих зорилго бол цаашдаа хуримтлуулан явах мэдлэгээ ашиглаж чадах уураг тархийг хөгжүүлэн бэлтгэх явдал бөгөөд "юу юугүй л асар их мэдлэг хуримтлуулах гээд байх хэрэггүй" гэсэн санаа юм.
7.Ашиглах тусам ажиллагаа нь сайжирна - энэ бол уураг тархи гээч зүйл
Хорвоо ертөнцөд нөлөөлж чадах гайхамшигт эрхтэн бол уураг тархи. Уураг тархи шиг дасгал хийн ашиглахын хэрээр илтээр бас тэгээд, зогсолтгүй дэвшин хөгжиж байдаг "хэрэгсэл" өөр байхгүй.
Өөрийн авъяасыг нэгэн цагт бүгдийг ашиглаад ДУусгачих нь муу гэж боддог хүмүүс магадгүй байж болох юм. Биеийн хүчийг бол нэгэн томоохон ажилд зориулан нөөцлөх хэрэгтэй гэж ярилцах нь бий л дээ. Энэ нь морийг жирийн үед алгуурхнаар, анхаарал гамтайгаар цогиулдаг боловч гал түймэр гарсан ч юм уу, нэг тийм, амь тэмцсэн үед амыг нь сул тавиад хайр найргүй ташуурдан давхиулдагтай адилхан юм л даа. Харин уураг тархийг морьний яс чанар, булчин шөрмөстэй адилтган үзэж болох уу? Та бодоод үз.
Толгойгоо (уураг тархиа) зовоолгүйхэн шиг аливаа нэгэн ажлыг яаж аргалах вэ, сэтгэх чадвараа багахан хэмжээгээр ашиглахад хэр зэрэг юм мэдчих бол гэх мэт яаж бодож сэтгэхгүй байх тухай бодохдоо л харин их хүч гарган уураг тархиа ажиллуулдаг хүн байдаг гэсэн шүү. Ийм хүмүүс л уураг тархиа байнга ашиглаад байх юм бол түүнд шингээн хуримтлуулсан мэдлэг нь шавхагдаад дуусчих болов уу, чадамж чадвар нь сульдчих болов уу гэж болгоомжлоод байх шиг байдаг.
Нумыг хэтрүүлэн татсан ч хугарахгүйгээр, харин ч сайн нумарч хол харвадаг. Уураг тархин дахь мэдлэг тань энэ нумтай адил хичнээн ажиллуулж, ашиглах тусам улам холд сэтгэж, алсад бодно. Хуримтлуулсан мэдлэг маань дуусчих болов уу гэж санаа зовох хэрэггүй. Шуудхан л өнөөдрөөс эхлэн уураг тархиа дээд цэгт нь тултал ажиллуулаад, энэ чадвараа хамгийн дээд зэргээр ашиглаад үз. Энэ нь таны хувьд сайн хэрэг шүү. Уураг тархи улам л идэвхтэй ажиллаад ирэх вий.
Маргааш нь ч энэ үйлдлээ давтаад үз. Давтах бүр уураг тархи өөрийн тань хүсэл шаардлагад тааруулан тухай бүр хариу үйлдэл үзүүлэх биз ээ. Уураг тархийг зөвхөн тодорхой цаг үед ажиллуулах биш, байнга ажиллуулж байх нь үнэнхүү ач холбогдолтой хатжуулан хөгжүүлэх дасгал болдгийг бүү мартаарай!
Хэрвээ уураг тархиа тогтмол хөгжүүлэн хатжуулъя гэж бодож байвал хичээл хийх хэдэн цагийн хооронд ч амралтгүйгээр уураг тархиа ажиллуулах хэрэгтэй юм.
Тогтмол хөгжүүлэн чадваржуулсан уураг тархи гэдэг бол, таахын аргагүй эрч хүч, айзам хэмнэлээр ажиллан, гэнэт том нээлт хийх уураг тархи биш, тодорхой цаг хугацаа л гарвал тогтмол хэмжээний амжилт гаргах нөхцөл бүрэлдсэн уураг тархи юм.
8.Одоо байгаа "өөрийн байдлаа" зөвөөр мэдэрсэн хүний давуу тал
Өөрийгөө мэдэх гэдэг нь бас нэгэн чухал эрдэм юм.
Урт удаан хугацааны турш оюун ухааны хичээл, сургуулилтыг хийлгүйгээр тун хялбархан өндөр албан тушаалд хүрээд, энэ албаа удаан хугацаагаар хашиж буй хүмүүс хүн төрөлхтөний дотор олон бий. Гэвч бусад хүмүүс таны чадварыг удаа дараа бодитойгоор үнэлэхгүй байгаа бол таны мэдлэг зүгээр л үзмэр болж, та зөвхөн өөрийнхөө санаа бодлыг бусдад илэрхийлэгч болсон гэсэн үг. Энэ нь өндөр албан тушаалыг боломжийн хугацаанд хашихын тулд өөрийнхөө оюуны чадварыг байнга хөгжүүл гэсэн санаа л даа.
Хүн ер нь юуг чадахгүй байгаагаа ойлгож байна гэдэг бол чадах юмаа ойлгож байгаатай агаар нэг агаад тун чухаи чанар юм. Бусдын мэдлэг чадварыг мэдэрч байвал өөрийн мэдлэг чадвар туугээр хурцлагдаж, уураг тархи тань илүү чадварлаг болоод зогсохгүй, хатуужин хөгжиж, та "эрдэмтэй хүн даруу" гэсэн үгийн эзэн болно. Харин энэ үед, та ичиж зовох юмгүйгээр мэднэ гэж хэлж чадах танаас дутахааргүй "өндөр дээд боловсролтой болон уураг тархины хөгжил өндөртэй" суут хүмүүстэй уулзаж учирч эхэлнэ дээ.
Жинхэнэ идэвхи чармайлттай хүмүүстэй хамт хэдэн жилээр хичээллээд ирэхээр сүүлдээ өөрөө ч тун цэцэн ухаалаг болоод байх шиг, эсвэл суут хүн болчихсон юм шиг санагдаад байна гэж хэлж байгаа хүн харин ямар нэгэн "төрөлхийн дутагдалтай" байж таараад байгаа юм. Үнэн хэрэгтээ, тэр хүн арай гэж эрдмийн аяны гараанд хөл тавиад, суут хүмуүсийн хязгааргүй бүтээлч үйл ажиллагаатай адилаар хязгааргүй үргэлжлэх эрдэм мэдлэг болон дэвшлийн ертөнц рүү дөнгөж л харц шидсэнээс хэтрээгүй байгаа билээ.
Ингэхэд, хүн ер нь яагаад өөрийгөө зөвөөр ойлгох шаардлагатай юм бол? Өөрийгөө хэтэрхий ихээр үнэлчихвэл юунд хүрэх бол? Би энэ асуултанд жишээ татан, хадгаламжийн мөнгөнөөсөө илүү их мөнгийг авъя гээд байвал юу болох вэ, санаснаар болохгүй л болов уу гэж л хариулна даа.
Хэн хүний сэтгэлд бага биш бардамнал байдаг бөгөөд бусдыг үнэлэхийн хувьд ямар ч байсан хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хамгийн доод хязгаарын үнэлгээг л хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор, та өөрсдийн эрдэм мэдлэгийг болон өөрийгөө ихээхэн өндрөөр үнэлдэг гэдгийг ямагт санах хэрэгтэй. Нөхдийнхөө дунд ороод явчихаар энэ нь таны үнэлэмжинд сөрөг үр дагаварыг авчирч, эцэст нь сэтгэлийн тааламжгүй байдалд хүргэх болно.
Эрдэм номын талаар ойролцоо түвшний хүмүүсийн хувьд аль даруухан хүн нь ичгүур сонжуургүй бардамналуудаас ангид байж найз нөхдөөсөө жинхэнэ сэтгэлийн урам, сайхан сэтгэлийн дэмжлэгийг авч чаддаг. Төлөв даруу зан зөв ухамсарт тулгуурлаж байж гуйвшгүй, тууштай болдог бөгөөд энэ нь чухамдаа бас л хичээл сургуулийн үр дүнд бий болдог юм.
9.Өмнөх үеийнхний эрдэм ухааны өв сан дээр өөрийн эрдэм мэдлэгийг нэмэх нь
Хүмүүс бид нар ер нь л ой тогтоомжоо "муулах" гээд байдаг болчихдог. Ой тогтоомж бол тун чухал зүйл, хөнгөн хийсвэр хандаж болохгүй.
Ингэж хэлээд байгаагийн маань учир гэвэл бид ой тогтоомжийнхоо ачаар гайхаж бахархмаар олон зүйлийг хийж чадах учраас тэр. Уншсан номын агуулга, тэр номынхоо талаарх бодол санааг мөнхөд хадгалан, уураг тархиндаа шингээн өөриймшүүлэх ой тогтоомж болон аливааг харьцуулан судлах, шийдвэр гаргах чадвартай хүн л бусдаас ялгаран тодорч чаддаг.
Бидний толгой тархинд байгаа мэдлэгийн хэмжээ ямар ч тохиолдолд өргөн дэлгэр биш, бас тийм байх шаардлага ч байхгүй. Хичнээн сайн насосс байсан ч ус дамжуулах хоолой нь ус оргилон гарах ундарганд нь хүрээгүй байх юм бол, эс бөгөөс хоолой хоосон болмогц шуудхан л дүүргэх нэмэгдэл техникгүй бол хэрэглэх боломжгүй болчихдогтой адилхан юм.
Үүнтэй ижилхэн өнөөгийн мэдлэг тань хичнээн ууршаад алга боллоо ч гэсэн, энэ нь далайгаас дэгдэн босох уур адил өөр замаар хичээл чармайлттай, эрдэмтэй хүнд дахиад л хүрээд ирнэ.