2008.11.18

Нийгмийн эрүүл мэндийн даатгалыг сайжруулах талаар ярилцлаа

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн зөвлөх ноён Альфред Мерклег өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа.

Уулзалт ярилцлагын үеэр эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тулгамдсан асуудлыг цаашид боловсронгуй болгон бэхжүүлэх бодит шаардлагын талаар санал бодлоо солилцож , цаашид энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах тухай ярилцлаа.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан улмаар даатгуулагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх шаардлагатай байгааг Байнгын хороон дарга онцлоод, үүний тулд эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдлыг хангах замаар тусламж үйлчилгээ худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа тусламж үйлчилгээний багцыг оновчтой болгох, чанарыг сайжруулах замаар даатгуулагчдын сэтгэлд нийцсэн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх, эрүүл мэндийн даатгалын асуудлын нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж даатгалын тогтолцоог боловсронгуй болгох асуудал амьдралаас урган гарч нийгмийн тулгамдсан асуудал болоод байгааг анхаарах нь зүйтэй гэлээ.

Түүнчлэн эрүүл мэндийхээ төлөө даатгалд ихээхэн мөнгө төлдөг атлаа эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй, эмчилгээ оношилгооны олон төлбөрийг хувиасаа төлж байгаа болон даатгал төлсөн олон иргэн даатгалаас эрүүл мэндээ хамгаалсных нь төлөө урамшуулал олгохгүй байгаа өнөөгийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог иргэд ихээхэн шүүмжилж даатгалын үйл ажиллагааны дутагдал доголдол хэмээн үзэж байна. Энэ байдлаас болж иргэд эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцоонд эргэлзэж, эрүүл мэндийн даатгалын сангийн нэр хүнд, үйл ажиллгаа, цаашдын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаад сэтгэл зовниж буйгаа хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.