Кувейтийн тусламжаар Парламентын ордон барих, Түлэнхийн төвийн барилгыг барина
2017.05.17

Кувейтийн тусламжаар Парламентын ордон барих, Түлэнхийн төвийн барилгыг барина

Кувейт Улсын Эль-Кувейт хотод 2017 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

Хуралдаанаар Кувейт Улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцах юм.

Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэх юм. Мөн Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахыг зорьж байна.

Түүнчлэн Кувейт Улсад хонь, ямаа болон үхрийн мах экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай Протокол, хоёр орны Стандарт, хэмжил зүйн газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. 

Кувейтийн сан нь Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалан чиглэлийн 415 км зам барихад 58 сая, Тайширын усан цахилгаан станцыг барихад 20 орчим сая, нийт 78 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, 13 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.  

Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахлах бөгөөд Кувейтийн холбогдох өндөр албан тушаалтнуудтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох юм.