Улаанбаатар хотод "Дэвшилтэт холбоо"ны хурал болно
Нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн Монгол Ардын нам “Прогрессив Аллианс – Дэвшилтэт ”-ийн “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх Нийгмийн шударга ёс, Тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт бага хурлыгэнэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
“Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл”-д дэлхийн 130 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагууд багтдаг бөгөөд Европын социалистуудын нам, Европын парламент дахь социалистууд ба ардчиллагчдын бүлэг, Азийн ардчилсан социалистуудын сүлжээ, Африкийн прогрессив аллиансуудын төв, Арабын социалдемократ форум зэрэг бүс нутгийн улс төрийн намууд багтдаг.
Тус эвслийг социал демократ үзэл санааны “уураг тархи” хэмээн нэрлэдэг нь зүүний үзэл баримтлалтай олон орны нам, эвслийг хамарсан байдал, үйл ажиллагааны цар хүрээ, нийгэмд үзүүлэх нөлөөг үнэлж дүгнэсэн хэрэг юм. “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” нь улс төр-энх тайван, ардчилал, хүний эрх, зохист хөдөлмөр, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал асуудлуудыг хөндсөн илүү дэвшилтэт үзэл санааг олон улсад түгээхийг эрхэм зорилгоо болгодог байна.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бага хуралд Англи, Австри, Швед, Протугали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн таван тивийн 34 улсын парламентийн гишүүд, улсын төрийн намын дарга нар оролцоно. Тус хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт – Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгш байдал – жендерийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц, шийдэл болох болон харилцан туршлага солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын холбоо “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” нь 2013 оны тавдугаар сарын 22-ны өдөр дэлхийн дэвшилтэт, социал демократ улс төрийн намууд болон Олон улсын байгууллагуудын хамтралаар үүсгэн байгуулагдсан хүчирхэг улс төрийн эвсэл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн намын хувьд МАН нь Ази номхон далайн орнуудын гишүүн намуудаас төрийн эрх барьж буй байдлаараа жин дарж байдаг.
МАН анх байгуулагдсан цагаасаа зүүний нам байсан. Нийгмийн баримжаатай зах зээл хөгжүүлэхийн төлөө одоо ч тууштай ажиллаж байгаа. Монгол Ардын Намын эрхэм зорилго нь эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт амьдралтай болгоход оршдог. Энэ үзэл санааг хөгжүүлэх, эрхэм зорилгоо биелүүлэхэд нь “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” болон удахгүй зохион байгуулагдах “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх Нийгмийн шударга ёс, Тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт бага хурал хүчтэй түлхэц үзүүлэх нь гарцаагүй юм.