2009.10.14

ЗУРГААДУГААР БҮЛЭГ (Хэзээд бэлэн байх ёстой

1.Хаана ч, хэнтэй ч уг хэлээ олж чадах хүний баримталдаг нийтлэг дүрэм

-Тун ч сайхан өдөр байлаа шүү хэмээн нэгэн залуу амралтын өдөр зугаалгаас буцаж явахдаа найздаа хэлжээ. Найз нь,

-Харин ээ. Чи анх удаагаа л ингэж "сайхан байна" гэж хэлж байх шив дээ. Юу нь тэгээд сайхан байв Даа? Ангийнхан маань бүгд хөгжилтэй байсан. Салж тарахдаа ч сайхан байцгаасан. Харин би тэр танихгүй эрэгтэй хүний ярианд өөрийн эрхгүй л татагдан, бусад маань юу хийж байсныг нэг их анзаараагүй шүү, гэв.

-Үнэндээ би ч гэсэн ярианд нь татагдсан шүү. Тэр эр өөрөө мэдээгүй байх л даа, үнэнхүү ярианы урлагтай ^Үн байна лээ шүү, хэмээн залуу хариулав.
Өдрийг хөгжилтэй, сайхан өнгөрөөсөн нууц ердөө л энэ. Өөрөөр хэлбэл, уран цэцэн яриагаараа хүнийг сургаж, хөгжөөж чаддаг хүн зугаалагчдын дунд байжээ гэсэн үг.

Ярих авъяасаа хөгжүүлнэ гэдэг бол бидний "хойш нь тавьчихаад" байдаг юмсын нэг л дээ. Харин үүн шиг хөгжилтэй байдлыг бүрдүүлэн нэмэгдүүлдэг таатай зүйл өөр байхгүй гэсэн ч болохоор.

Яриа өрнүүлэх гялалзсан чадвартай хүн бол юунд ч хэрэг болох "зэвсэгтэй" байна аа гэсэн үг. Ийм зэвсэгтэй байх юм бол ямар ч хэсэг бүлэг хүмүүсийн дунд орсон тэр хүнийг халуун дулаанаар угтан авна. Ийм чадвартай хүнийг анх учирч байгаа ч гэсэн анхааран сонсох юм бол шууд л сонирхолтой хүн гэдэг нь ойлгогддог. Яриаг нь анхааран сонсож байх хооронд цаг хугацаа яаж өнгөрөхийг анзаарахгүй. Харин энэ хүн тийм сонирхолтой хүн үү? Үгүй ээ, түүний ярих арга барилд л учир байгаа юм.

Ярилцаж хөөрөлдсөний ачаар бие биеийнхээ санаа бодлыг ойлголцож чадах нь хичнээн сайхан бэ гэдгийг одоо энд нуршаад яахав. Сэтгэл сэргэтэл сайхан ярьж чадна гэдэг бол хүн ямар ч нөхцөл байдалд байсан баяр хөөртэйгөөр аж төрж болохуйц бурханаас хүнд заяасан үнэт зүйл бөгөөд үүнээс сайхан юм үгүй.

За тэгэхээр, энэ аргыг яаж дээд зэргээр хурцлан эзэмшиж, ажил хэрэг болгох вэ гэдгийг мэдмээр байгаа биз дээ? Үүнийг мэдэх нь хүн бүрт чухал.

2. "Жинхэнэ сургах ухаан " гэж үүнийг л хэлнэ

Уулзаж зөвлөлдөх ч юм уу, өөрийн санаа бодлыг ойлгуулах юмсан гэж бодогдоод байгаа найз нөхөр тань байвал түүнтэйгээ шууд уулзаад ярилцах нь хамгийн сайн арга.

Юуны өмнө, түүний байр суурь, хүсэл бодол, дургүй зүйл зэргийг сайтар бодож ярих хэрэгтэй. Сэтгэл зүрх нь юунд татагддаг, яажшуухан уран цэцэн яривал хүлээн зөвшөөрөх бол гэх зэргээр өөрөөсөө шаардагдах бүхнийг тунгаан бодох хэрэгтэй. Дараа нь түүнд сайн сэтгэгдэл төрүүлэхээр ярианы сэдвийг бодож олно.

Тэгээд л найз дээрээ очиж, дууны өнгө ярианы төрхдөө анхаарангаа өөрөө түүний найз нөхөр шүү гэдгийг итгүүлэх чиглэлд хичээн чармайна. Өмнө нь бодож төлөвлөснийхөө дагуу сонгож олсон хөнгөн, аятайхан үгээр болгоомжтойхон ярьж, өөрийн сэтгэлийг нээнэ.

Бүх хүчээ яриандаа төвлөрүүлсэн бол та өөрт буй хамгийн сайн аргаа шавхан гаргалаа гэсэн үг. Тэгсэн ч харилцагчийнхаа сэтгэлд болон сайхан бүхэнд нь хүрч чадаагүй бол зогсохоос өөр аргагүй.

Та нэгэн тодорхой асуудлаар мэдээлэл олох хэрэгтэй болжээ гэж бодъё. Чингээд, энэ талаар холбогдох бүхий л зүйлийг бичсэн ном болон энэ талаар бүрэн дүүрэн ойлголттой найз байгаа гэж бод. Ийм тохиолдолд ном биш, найз дээрээ очиж, яриаг нь сонсоё гэж боддог нь мэдээллийг олох сонирхолтой арга гэдгийг, бас тэгээд мэдээллийг хурдхан гартаа оруулах арга бол ном биш гэдгийг та мэдсэн учраас тэр.

Найз дээрээ очвол зөвхөн энэ тодорхой асуудлаар л шаардан мэдэж авч болох бөгөөд өөрийн эсэргүүцсэн санаа бодлыг ч хэлж болно. Аль эртнээс л өөрийн мэдэж байгаа бүхнийгээ найзынхаа хэлж ярьж байгаатай харьцуулж болох бөгөөд найзынхаа мэдлэгийг бүгдийг ойлгож авч чадна.

Ингээд, энэ асуудлыг ойлгож авахын тулд дахин судалж үзнэ. Буруу ойлгож байсныгаа засч залруулаад зогсохгүй, энэ бүгдийгээ төгөлдөржүүлэн, өөрийн сургамж мэдлэгийн нэг хэсэг болгоно.

Өөрийн аж төрж буй орчин, улмаар хамт олон, эсвэл, өөрөө үүн дотор байвал дэвшиж дээшилж болмоор хамт олны сэтгэлийг чангаар татаж, үүнд хүрэхэд ярианаас өөр арга бараг байхгүй. Яриа хөөрөө гэдэг бол ярилцагч нөгөө талаасаа боломжоороо их зүйлийг "сугалан авч", тэр зүйлийг өөрийн болгоход л хэрэг болох арга юм.

Түүнчлэн, өнөөг хүртэл нэг ч удаа номд бичигдээгүй, цаашид ч бичигдээд байхааргүй, ихээхэн өргөн хэмжээний шинэ санаа, сэдэл, мэдээлэл нь мэдлэг чадвартай олон хүмүүсийн нэгдэл, бүлэг дунд "мэлтэлзэн бялхаж" байдаг зүйл билээ.

Найз нөхөдтэйгөө байнга л уулзан, сэтгэлээрээ харилцаад байвал тэдний сэтгэлийг зөөллөн гэгээрүүлж болох талтай. Тийм учраас, сайн найзтай хүн бол боловсорсон, ёс зүйтэй, зөв төлөвшсөн хүн гэж үнэлэгддэг. Ийм хүмүүсийн хэлэх үг бол багаар бодоход л төгс аятай санаа, сайхан сэтгэлийг илэрхийлж байгаа юм шиг санагддаг.

3.Та сайн ном, сайн найз нөхдөөр хүрээлүүлэхийн төлөө хичээдэг үү?

Хүмүүс бид нар дотоод сэтгэлээ гадна төрхөөрөө илэрхийлэхдээ өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд байдаг л даа. Хотын хүн болон хоттой төстэй орчинд аж төрж буй хүмүүс амар өртдөг хоёр "аюул" бий.

Нэгдүгээрх нь, өөрийн бодит сэтгэл хөдлөлийнхөө эсрэг нийцтэй, соёлтой үг өгүүлбэрийг хэрэглэх дадалтай болчихдог учир бусдыг ч хуураад, өөрсдийгөө ч хуурч орхидог нэг аюул. Хүн хуурамч царай гарган бялдуучилж байх зуур, яваандаа энэ нь бүр төрөлхийн зан авир болж орхидог. За ямар ч байсан, зөвхөн хиймэл ёс зүйд анхаараад байвал жинхэнэ сэтгэлд зай байхгүй болчих вий.

Нөгөө нэг аюул нь зөвхөн яриа хөөрөөний үр дүнд олж авсан мэдээлэл нь зөв мэдээлэл гэж хэлэх аргагүй байж болох юм гэсэн санаа зовнил.

Нэр төртэй нэгэн эрхэм хэлсэн юм гэсэн шалтгаанаар л тухайн мэдээллийг үнэлж цэгнээд байх тохиолдол бий. Ингэж олж авсан мэдээлэлд бүрэн итгэхэд хэцүү. Уг нь ном л чухам бодит баримтыг тэр чигээр нь үлдээн дамжуулдаг боловч заримдаа баримтыг шинээр зохион, түүхийг өөрийн дураар биччихсэн ном байж л байдаг. Зөвхөн ярьж хөөрөлдөн, хүмүүстэй харьцаж нөхөрлөснөөр олж авч байгаа мэдлэгтээ тулгуурладаг хүмүүс хичнээн аливаа зүйлийг бодох, сэтгэхдээ хурдан байсан ч, анхаарал султай, өнгөцхөн мэдлэгтэй хүн болчихдог. Иймэрхүү хүн бол бусдыг хөгжөөн баясгаж, бусдын сонирхолыг татаж эсвэл унтрааж, шинэ санаа бодлыг зааж чиглүүлж өгөх зэргийг чадах боловч гаргасан шийдвэр нь оновчгүй, шударга биш, үндэслэл муутай, ихэнхдээ хэрэгцээ шаардлага хангахгүй байдал ажиглагддаг.

Ерөнхийдөө, оюутан сурагчид нийгмийн бусад анги бүлгийн хүмүүсээс илүү аятайхан байр суурин дээр байдаг. Тэд мэдлэг олж авах хоёр чухал, бодит боломжтой байдаг.

Нарийн чухал, гүн гүнзгий санаа сэтгэлгийг номноос олж авах боломжтой, нөгөө талаас хүн болон аливаа үйл явдалтай холбоотой ерөнхий мэдлэгийг бол багш болон найз нөхөдтэйгөө ярьж хөөрч, хамтран ажиллаж байхдаа олж авдаг. Тийм учраас, тодорхой хэмжээний хязгаарын дотор, номоос суралцахын адилаар найз нөхдөөсөө ч суралцан, өөрийгөө хөгжүүлэх нь оюутнуудын үүрэг болдог.

Харин, яриа гэдэг бол нэгэн төрлийн солилцоо учраас оролцогч бүр өөр өөрийн мэдэх зүйлээ нийлүүлэх хэрэгтэй болдог. Хэрвээ ярилцагчдаа өгөх хангалттай юм байхгүй бол солилцооны чухал дүрмийг зөрчсөн болж таарна. Өөр бусад, хэрэг болж мэдэхээр мэдлэг, оюун санааны эх булгийг бусдаас олж авах хүсэлтэй бол нөгөө хүн ч танаас хэрэг болох зүйлээ олж авах боломжийг бий болгохын тулд та ч өөрөө авъяас чадвараа хурцлах ёстой. Тэгэхгүй бол таныг шударга солилцоо хийж байна гэж хэлэх аргагүй болно.

Сайн зөвлөмж байнга хэрэгтэйгээс гадна үнэнд ойр байх тусмаа таны төлөө болдгийг байнга санаж яваарай.

4.Дэмий хоосон яриагаар өөрийн болоод өрөөлийн цагийг бүү үр

Сонирхолгүй, хоосон тэнэг яриа өрнөөд ирэхийн цагт боловсрол, хүмүүжилтэй нэгэн бол байж суух аргагүй болж тавгүйтэн, сэтгэл нь тогтворгүй уцаарлангуй болоод явчихна даа. Сүүлдээ ийм хүмүүс нөхдөөсөө холдон, ойртон нөхөрлөхийн амт шимтийг ч мэдрэхээ болино.

Боловсролтой, чадвартай хүмүүс ямар ч хэрэггүй маргаан мэтгэлцээн өрнүүлэхэд өөрийн үнэт цагийг тэр чигээр нь үрээд байж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэд ийм мэтгэлцээнд нь оролцолгүй, уулзалт өндөрлөхийг хүлээн дуугүйхэн сууцгаана.

Дэмий юм яригдаад эхлэнгүүт тэд адгаж уурлах юм уу, ямар ч юм байсан нарийн тодорхойгүй, Үндэслэл муутай бол тэвчээр алддаг тал нь нэг их магтагдах зүйл биш нь ойлгомжтой боловч, ямар ч хэрэггүй яриа хөөрөө өрнүүлдгээс болж оюунлаг хүмүүс нийтийн дунд орохоос болгоомжилдог болчихдог тул шал дэмий яриагаар "цэцэг навч дэлбээлүүлдэг" хүмүүсээс энэ явдалдаа болгоомжтой хандахыг хүсэх байна.

Оюунлаг хүмүүс ч хэрэггүй яриа хөөрөөнөөс зугтаахгүй байх хэрэгтэй. Ярианы агуулга, хэлбэрийг өөрчлөх зэргийн зориг тэвчээр гаргах л хэрэгтэй. Бусад нь тэнэг яриа өрнүүлээд байна гээд дуугүй суугаад байх хэрэггүй.

Ямар ч хүмүүс цугларсан байсан тэдний дотор дор хаяад нэг хүн хэрэгтэй зүйл ярихыг хүсч л байгаа. Тэгж ярьж чадах хүн ч байдаг. Тийм хүнийг олж асуулт тавиад, түүнээс шаардлагатай мэдлэгийг олж авахын тулд хэрэг болгож хичээх ёстой.

Хэрвээ хэрэг болох яриа өрнүүлчих хүн багаар бодоход хоёрын зэрэг байхгүй бол та ярианд оролцох хэрэгтэй. Тийм учраас, уйтгартай, хэрэггүй яриа боллоо доо хэмээн гомдоллох ёсгүй билээ.

Онцгой авъяас чадвартай хүн ч хүмүүс цугласан газар тэнэг, хоосон ярианд оролцохоос өөр аргагүй болдог.

Уг нь бол эдгээр авъяастан, чадвартангууд яриа хөөрөөг зөв зүгт нь чиглүүлэн, цугларагсдыг ярианд татан оролцуулж, сэтгэл санааг нь баясгаж өгөх ёстой. Байнга л ухамсартайгаар тус дэм болохыг хичээж байвал зүгээр. Хэрвээ ийм байдлаар хандахгүй байгаа бол энэ нь тэдний том дутагдал гэсэн үг.

Хүнд хэцүү хичээл, адармаатай санаа бодолтой тулгарч байдаг хүмүүс эвгүй байдалд орохдоо амархан байдаг. Хүмүүс цугларсан газар очихоороо хичээл ном, эрдмийнхээ санаа бодлыг таг мартаад, нүд нь гялалзан яриа хөөрөөнд оролцоод зогсохгүй ярьж байгаа хүмүүсээ ч мартаад, сэтгэл нь хөдлөөд ирнэ.

Өөрийн мэдлэг, авъяасаа цугларч ирсэн найз нөхөддөө ойлгуулан тэднийг дагуулж, нүдийг нь нээх ёстой байтал үүнийгээ ёстой л таг мартаж орхидог билээ. Хүмүүс цугласан ийм боломжийг тун чадмагаар ашиглаж чадахгүй бол өөрийнх нь зан төрхийг цугларагсад буруугаар ойлгож болох талтай гэдгийг мартаж байна гэсэн үг.

Би өөрийнхөө зан төрх, авъяас мэдлэгийг бусдад сурталчлан, өөрөө л ганцаараа яриад бай гэж хэлж байгаа юм биш шүү. Харин ч, зогсоо зайгүй нэг л юмаа яриад, өөрийн болон чих тавин хүндэтгэлтэйгээр сонсож суугаа хүмүүсийн цагийг үрээд байхын хэрэггүй гэж л хэлэх гээд байгаа юм. Тэгэхгүй бол цаг хугацаа өнгөрөөд байдаг, хүн цэцэн цэлмэг ч болохгүй, дэвшил хөгжил ч ирэхгүй.

Бардамнаад байна уу даа гэж бодогдохоор үйлдэл хийж болохгүй. Хүмүүсийн дунд чухал эрдэнэ болж хүндлэгдэн хайрлуулахын тулд дуу цөөнтэй байх нь чухал хэмээн бодож буй хүн бол хүний мөн чанарын талаар эндүү ойлголттой байгаа нь тэр. Үнэндээ, яахав дээ, харж байхад сэтгэл татагдан хүндэтгээд байж болох ч тийм хүнийг идээ будаанд урьсандаа баяртай байна гэх хүн байх болов уу даа.
Яриа хөөрөө дуусан, харьж буцах үед өмнөхөөсөө илүү ухаан мэдлэгийг өөртөө нэмээгүй бол, эс бөгөөс өөр бусаддаа ухаан бодол нэмээгүй бол шал дэмий юм болж дээ гэсэн үг.

5. Сэтгэлээ уудлан ярихгүй бол хэзээ нэгэн цагт үүний хариу ирнэ шуу

Найз болон танил нөхөддөө долигонодог зуршилтай бол өөрийгөө хорлож байгаа нь тэр. Өөрийгөө бусдын дор оруулж байна гэсэн үг. Байнга манж үг хэлж явдаг хүн бол нөгөө хүмүүсээсээ бас л тэр хэмжээний, эсвэл бүр илүү тал зассан үг ирнэ гэж бодож байгаагаас зайлахгүй. Ая тал зассан үг болон найз нөхдөө үнэхээр л хичээж чармайж байгааг нь үнэлэн зоригжуулсан үг хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай үгс билээ.

Тал зассан үгийг хүний нүүрэн дээр л хэлдэг. Магадгүй, гэрч хэрэгтэй байдаг биз. Хүний өмнө магтаал хайр хүлээчихсэн хүн бас л хариу барихаас өөр аргагүй болдог. Харин жинхэнэ ухаалаг, урам зориг хайрласан даруухан үгс бол хариу үл нэхнэ.

Ая тал зассан үг сонссон хүн бас л тийм байдлаар хариу барихаас өөр аргагүй. Үнэхээр л, хүн гэдэг чинь ийм л байдаг. Өөрөөр, "ачийг" нь хариулах арга байхгүй, гэдгийг мэдэж байгаа болохоор тэр.

Үүнээс өөрөөр нөгөө хүнээ сэтгэл хангалуун болгох арга үгүй болохоор тэр. Иймэрхүү хүмүүс бусдыг чадварлаг ашиглан, өөрийн алгын чинээ давуу талыг уулын чинээ болгон магтуулж чадна. Тэгэхээр, тал зассан манж үгийг хэлүүлэн сэтгэлээ таатай болгох хэрэггүй гэдгийг хүн мэддэг. Тэгсэн мөртөө бүр тал засахыг нь хүлээгээд байдаг болчихдог. Манж үгийг нь хүлээгээд байдаг болмогц л манж үгийн "цаад царай" нь заавал ил гарч ирнэ.

Хүн бид нар яасан ч магтаал сайшаалд дуртай юм бэ дээ. Гайхаад баршгүй. Энэ магтаал нь худал хуурмагаар будаж шунхадсан эд гэдгийг нь мэдсээр байж л магтаасай гээд бодоод байдаг. Магтаал сайшаалд үнэ цэнэ байхгүй гэдгийг мэдсээр байж магтуулмаар л болоод байдаг. Үүнийг би үнэхээр гайхаад бардаггүй юм.

Жонсон доктор үүнийг дараах байдлаар тайлбарласан байдаг юм. "Сэтгэлд байхгүй юмыг хэлээд байгааг ойлгосон мөртөө магтуулахаар таатай байдаг юм гэж байгаа бол, бусад хүн өөрийг тань худлаа хүртэл хэлж байгаад магтаад байна аа гэдэг бол, бага ч гэсэн өөрийн тань хүч чадлыг хүлээн зөвшөөрч байгаа нь тэр бөгөөд таны оршин байгаа нь нөгөө хүнд утга учиртай байгаагийн баримт юм" гэж.

Хүн сайхан санаа өвөрлөж байгааг нь, зөвхөн үүнийг нь магтъя гэж бодож байгаа бол энэ нь Уужим сэтгэлийн шинж гэлцдэг. Үнэхээр тийм байх аа. Үүнийг харин эсэргүүцэх бодол огт алга.

6. Өөрийгөө дөвийлгөөд л, магтаад л байвал эргэн тойрныхон тань таныг зөвхөн өрөвдөх л болно

Өөрийнхөө тухай болж өгвөл яриа хөөрөөндөө оруулаад хэрэггүй. Хэн ч байсан, ер нь л, өөрийнхөө тухай ярьчих гээд байдаг юм. Нас ахих тусам энэ аюул улам ихэснэ.

Коүли (1618-67. Английн яруу найрагч, эссэ зохиогч) хэлсэн нь, "өөрийн тухай ярих нь амар бищ, тун хэцүү. Санаа зовмоор юмыг ярина гэдэг бол сэтгэл зүрхээр тоглоод байгаа юм шиг санагддаг. Өөрийн зурсан зургаа магтана гэдэг бол сонсож байгаа хүнийхээ сэтгэл санаагаар тоглоод байгаа юм шиг санагддаг" гэж.

Ямар ч юм байсан, хүнийг тусалж дэмжих байр суурин дээр байгаа бол өөрийнхөө тухай ярихдаа онцгой анхааралтай байх шаардлагатай. Орон гэргүйчүүд үнэнхүү зовлонг амсаж байдаг бөгөөд тэд үүнийгээ зөв ойлгуулбал тусламж авах бололцоотой. Шаардлагаас илүүгээр өрөвдүүлж хайрлуулах гээд байвал тусалъя дэмжье хэмээн гар сунгаж байсан хүн хүртэл сэтгэл нь тавгүйтэн цааш эргэнэ шүү дээ.

Өөрийнхөө тухай, найз нөхдийнхөө тухай, түүнчлэн ажил амжилтынхаа тухай болж өгвөл ярих хэрэггүй. Тэгэхгүй бол магтуулахыг хүсээд байгаа юм уу, эсвэл өрөвдүүлэх гээд байгаа юм уу, гэсэн төөрөгдлийг нөгөө талдаа төрүүлнэ.

Нэгэн алдарт бичгийн хүн "хүний нийгэмд ихээхэн хувь нэмэр оруулаагүй л бол өөрийнхөө тухай яриагүй нь дээр" гэсэн байна. Харин, үнэхээр ярих юм байгаа бол ярьж болно оо. Гэхдээ, ямар нэгэн байдлаар тухайн ажил үйлсэд хувь нэмэр болохоор байвал шүү дээ.

7. Үнэндээ та "хийтэл" үгээр яриад байгаа юм биш биз?

Мартагнуулж байгаад аль эртний шог яриаг шинэ юм шигээр ярих ч юм уу, аль эрт хэн нэгний хэлсэн үгийг өөрөө шинээр бодож олоод хэлж байгаа юм шиг хэлж ярих хүн байдаг.

Хаана энэ аятайхан үгийг сонслоо доо, хаа нэгтээ уншсан ч билүү гээд л. Гэвч огт санаанд орж ирэхгүй, харин толгойд алдарт хүмүүсийн шүлэг зохиол л санагдаад байдаг.

Жирийн үед бол санаандгүй байдлаар л ярьсан нь дээр байх. Ухаан санаа нь самуураад байгаа юм шиг аашлаад л, эсвэл хүнийг инээлгэж хөгжөөх гээд байгаа юм шиг яриад хэрэггүй, энэ бол хол явахгүй. Мартагдашгүй сайхан юм ярих гээд л, тийм ярианыхаа сэдвийг хаа нэгтээгээс хайн, зээлдэж ирнэ. Хүний санаагаар ярьсан энэ яриагаа дахин дахин ярьсаар, бүр мартчихаад сүүлдээ өөрөө бодож олсон юм шиг л яриад эхлэнэ.

Зарим хүний алиа марзан, эсвэл сэргэлэн цовоод нь хууртахаар бол тун анхаарч байх хэрэгтэй шүү. Авхаалж самбаа гарган, уран цэцэн үгийг бодож олдог авъяас бол тодорхой хэмжээнд хөгжинө л дөө. Харин, нөхцөл байдал гэнэт хувирмагц өнөөх "уран үгэнд" нь хүмүүс бөөн инээд ханиад болохыг та нар бишгүйдээ харсан даа. Гэхдээ, хэрэв энэ нь Урьдчилан тооцож төлөвлөсөн зүйл гэдгийг мэдэж болохоор байвал цугларагсдын сэтгэл тун гонсойх байхдаа. Гоёмсог чамин үг, өгүүлбэрийн талаар бол
ерөнхийдөө иймэрхүү л юмыг хэлж болох байх.

Онцгой ухаан санаагаар бялхсан үг өгүүлбэрийг сонсохоор, яг энд бодож хэлсэн үг мөн үү дээ, гэж эргэлзэхээр юм байж л байдаг.

8. Авхаалж самбаа хэрээс хэтэрвэл...

Авхаалж самбаагаа хэтэрхий их урьтал болгоод байх юм бол хоёр аюул гарч ирнэ.
Нэгдүгээрт, энэ "зэвсгээ" хэтэрхий их хурцлаад байвал заавал хэн нэгнийг шархдуулахад хүрнэ. Ийм байдалд хүргэхгүй гэсэн ч дээд зэргийн хошин яриа болон хурц ширүүн үг өгүүлбэр нь заавал бусдыг шархдуулна. Ингэснээр дайсантай болж, хорсол зэвүүцлийг л төрүүлнэ.

Авхаалж самбаагаа урьтал болгогчид бараг заавал гэж хэлж болно доо, дайсантай болдог. "Найз нөхдөөсөө илүүтэйгээр шог хошин ярианд дурладаг" хүн үерхлийн сэтгэлээс үүсч гарч ирэх элдвийн төвөг дарамтанд зовдоггүй гэж бодож байна.

Хүн бүр сонин хачин зуршил юм уу, сул талтай байдгаа өөрсдөө мэддэг. Энэ бол тухайн хүний дотоод ертөнцийн нэг хэсэг гэж хэлж болно. Тийм учраас, эд бүгдийг дайралтынхаа бай болгон бусдыг шархдуулагч этгээдэд сайнаар хандмааргүй байна.
Хүн болгон ийм сул талтай. Тухайн хүн "ядуу төрөл садныхаа" өмнөөс санаа зовцгоодог бөгөөд үүнтэй адилаар, өөрийн сул талтай байгаадаа ч бас санаа зовдог, гэхдээ үүнийг нь шоолоод байх хэрэггүй. Өөрийнхөө авъяаслаг чанарыг мэддэгээс илүүтэйгээр бусдыг шоолон элэглэдэг хүнийг бүгд таатай бус харцаар харна.

Ийм хүн инээд ханиад үүсгэн, хүмүүс тэднийг таалж угтдаг ч таалж байгаа хүмүүс нь өөрсдөө инээдмийн бай болохгүй гэсэн чимээгүйхэн найдвар байдаг учраас инээд үүсгэгчийг таалж байдаг байна.

Авхаалж самбаагаа урьтал болгогчдын хоёр дахь аюул бол өөрийн уураг тархины ажиллагааг эрүүл саруул бус болгож орхидогт байдаг.

Авхаалж самбаагаа урьтал болговол яаж ч байсан гаж, хачин бодол санаа орж ирээд байдаг болчихдог. Жирийн хүний толгойд орж ирэхээргүй "зүйлийг бодож сэтгээд байдаг болчихно. Бүх юм өмнө нь үзэж байснаас нь өөр болж харагдана. Тэгсээр байгаад хачин жигтэй санаа бодлоосоо салж чадахаа болино.

Үр дүн нь гэвэл, уураг тархи нь мэдлэгийг хүлээн авч, бас солилцох маягаар ажиллах үүргээ тэнцвэртэйгээр зохицуулж чадахаа больдог. Тэгээд сайнаар бодлоо гэхэд, хоёрдугаар эгнээний хүн болж хувиран, хачин жигтэй бодол санаа толгойд нь эргэлддэг болж, хэнд ч үнэлэгддэггүй нэгэн болж хувирна.

Нэгэн алдарт зохиолч авъяастны дүр эсгэгчдийн талаар "үнэхээр тийм дээ" гэж бодогдохоор зүйл бичжээ. "Тэр хүн амьдралынхаа жаран жилд огт мэдлэггүйгээр явж ирсэн бөгөөд Испани даяар хамгийн ихээр гялалзагч алдартны нэгэн байлаа.

Хүмүүжил боловсролыг олж авахын тулд хувийн профессор багш хөлслөн, латин болон грек хэлээр бичиж сурахыг зорьж байв. Нэг талаас, сонирхолтой зохиомол яриануудыг уул овоо шиг олноор нь цээжлэн, тэр зохиомол худал яриагаа хүмүүст байнга л ярьж явдаг байж. Сүүлдээ нөгөө яриа хөөрөөндөө өөрөө ч итгэж эхэлж. Иймэрхүү зүйлийг л хүмүүстэй ярилцах учир, эцэстээ хүмүүс түүний тухай юмыг цээжлэхдээ тун авхаалжтай хүн шүү гэж л шүүн ярилцдаг болжээ".

9. Иймэрхүү далд санааг тэдээгүй гэж бод

Хүмүүс мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Тэд өөрийн хүмүүжил боловсролыг бусдынхтай зэрэгцүүлэн харьцуулах үед "өөрийнх нь хүмүүжил боловсрол их мундаг байгааг бусдаар хүлээн зөвшөөрүүлэн, бусад хүмүүс бүгд мэдлэггүй болохыг хүмүүст мэдүүлье" гэсэн далд санаа агуулж байдаг. Ийм харанхуй санаа бодол шиг тааламжгүй юм гэж байх уу даа.

Миний мэдэх нэгэн залуу "олон нийтийн дунд алдар нэрийг олъё" хэмээн ихээхэн зүтгэсэн бөгөөд олигтой амжилт олоогүй л дээ. Яагаад амжилт олоогүйгээ тэр өөрөө ерөөсөө ойлгоогүй. Харин нэгэн оройны цугларалт дээр ойлгосон гэдэг. Залуу латин хэлээр эш татан, грек хэлээр яриа өдөж хэлний үүсэл гарлын талаар уран яруу нь аргагүй тайлбарлаж байлаа.

Жишээлбэл, "комеди" хэмээх үг бол одоо анхныхаа утгыг алдаад байгаа, уг нь бол "зам дээр", "ДУУ" гэсэн утга илэрхийлэх үгнүүдээс бүтэж, "зам дээр дуулагдаж байсан дуу" гэсэн утгыг илэрхийлж байсан, эрт цагт тосгон суурингийн зам дээр морин тэргэн дээр ийм тоглолт болдог байжээ, гэх мэтээр найз нөхөддөө тайлбарлан, их л хичээж чармайж байж гэнэ.

Түүний тайлбарт үнэхээр нэг ч алдаа байсангүй. Удлаа гэхэд л 30 минут толь бичгээс шалгаад мэдээд авчих юмыг тайлбарлаад байснаараа найз нөхдөө оройжингоо "зовоосон" бөгөөд эрдэмтний хэмжээнд түүнийг эсэргүүцэх тохироо ч байхгүй байв. Жинхэнэ эрдэм мэдлэгтэй нэгэн бол ийм хэмжээний юмыг хэрэг болгоод, сүр дуулиан болгоод яриад байхгүй л дээ.

Хагас дутуу мэдлэг эзэмшсэн эмч хүн өөрийг нь юм мэддэггүй гэчих вий гэхээс эмээн, мэргэжлийн хүнд хэцүү хэллэг хэрэглэн, мэдээжийн эмнүүдийн нэрийг хүртэл сүр болгоод л нэрлээд байдаг шүү дээ. Эрдэмтний нэр зүүгч зарим хүн бас нэг иймэрхүү байдаг даа.

Зогсоо зайгүй латинаар яриад л, грек хэлээр таныг "унтуулаад" байвал, тэр хүний мэдлэгийн түвшинг, эзэн нь гэрийн өмнүүр явах болгонд чанга хуцан тойрон шогших яршигтай нохойны зориг зүрхээс нэг их ялгаагүй гээд хэлчихэд буруутахгүй л болов уу.
Иймэрхүү хүмүүс бол найз нөхдийнх нь Цугларалтыг эс тооцон, янз бүрийн байр суурьтай хүмүүс цуглах үед ярих ёстой гадаад хэлээр ямар ч айхтар юм ярьсан талархал хүлээхгүй.

10. Яриа хөөрөөнийхөө донжийг тааруулах гэдэг бол тун нарийн, чимхлүүр авъяас шүү

Эрүүл саруул харилцаат нийгэмд олиггүй тааруу үг хэллэг хэрэглээд байвал заавал зэмлэл хүлээнэ. Олиг муутай,хатуу үг хэллэгт баярлах хүн нэгээхэн чүгүй.
Ар хударгандаа эрсдэлтэй, бүдүүлэг санаа агуулсан үг, өгүүлбэр шиг эвгүй юм гэж үгүй. Шалтгаан нь бүгдэд ойлгомжтой. Хоцрогдсон, бүдүүлэг яриаг сонсоод баярлана хэмээн дураар бодох шиг доромжлол мэдрүүлэх зүйл гэж үгүй. Энэ бол цагаан гдйлган, саруул сэтгэлт, ёс зүйтэй хүнийг бол шууд л доромжилж байна гэсэн үг.

Миний л мэдэж байгаагаар бол иймэрхүү бүдүүлэг зүйл ярианы сэдэв болох адил хүмүүсээс ширүүн шүүмжинд өртөх цаг үе гэж байхгүй. Бусдыг гэгээрүүлж, баясгах зорилгоор бодитой болон хошин зүйлийг ярих үед заавал ухаалаг үгээр, саруул сэтгэлгээгээр ярьж, бичих хэрэгтэй.

Хошин шог яриа болон хүүрнэл яриа өгүүллэг зэргийг яаж хэрэглэвэл зохилтой вэ? Чадварлаг хэрэглэж чадвал маш чухал үүргийг биелүүлэх бөгөөд буруу ташаа ярьж хэрэглэвэл тус болох нь битгий хэл тэрнээс дор юм болно. Ямар нэгэн ажил төрлөө амжуулахдаа заавал хошин шогийг болон хүүрнэл яриаг ашигладаг хүн гэж бий. Таншщаад удаагүй байхад л, энэ хүн бол хэзээ ч дуусашгүй яриа хөөрөөний эрдэнэсийн далайг эзэмшигч юм даа гэж бодогдохоор. Гэхдээ, бага багаар дотносон, сайн харилцаад ирэхээр ярианы үр үндэс нь хязгаарлагдмал, жил бүр нэг л ижил юмаа давтдаг, нөгөө л инээдтэй яриа нь дахин давтагдаад байгаа нь ойлгогдоно.

Харин, яаж Скилла (Грекийн домог үлгэрт гардаг, далайн шуурганаас зугтан гарч, ойртон ирж яваа усан онгоцонд суугчдыг идсэн хэмээгдэх зургаан толгойт эм мангас)-гаас зугтаж, Карибдис (Грекийн домог үлгэрт гардаг, далайд шуурга үүсгэгч мангас)-ийн далайн шуурганд өртчихгүй байх вэ буюу та дээрх хошин шогийн "эрдэнэсийн далайг" эзэмшигч байсан бол яах ёстой вэ?

Шог яриа болон хүүрнэл өгүүллэг яриаг ашиглаж болно л доо. Энэ бол болох зүйл. Болохоор барахгүй чухал, үүнгүйгээр хүний сонирхолыг татаж ярианд оролцуулах боломжгүй. Бүр ихээр ашиглаж болох боловч хэмжээ хязгаарыг нь л тааруулах хэрэгтэй. Энэ утгаар бол анхаарах хоёрын зэрэг зүйл байна. Нэгдүгээрт, агуулгыг нь байгаа чигээр нь л байлгах ёстой.

Сонирхолтой, хачин чамин болгох гээд дураар нэмж, хасч болохгүй. Жаахан л нэмж, эсвэл хасах юм бол түүх гажих болно. Дахин давтан яриад байх 3УУР нэгэн ижил зүйл гэж бодогдохооргүйгээр агУУлгыг нь өөрчлөн гажааж, найруулж, зохиомол яРИа болгодог хүн гэж байна. Энэ бол муу зуршил л Даа. Тэгсээр байгаад, үнэнхүү сонирхол татах яриаг байгаа чигээр нь ярьж чадахаа больчихдог юм.

Хоёрдугаар анхаарах зүйл бол, яриаг сонирхолтой, хачирхалтай болгохын тулд л хошин яриа, хүүрнэл яриа түүхийг ашиглах хэрэгтэй гэсэн зүйл юм. Өөрийн ярьж, бичиж байгаа зүйлийг ойлгоход улам хялбар болгохын тулд л, уг нь бол, эш татах хэрэгтэй юм л даа. Хэрвээ тийм биш бол илүүдэл болоод явчихна.

Таныг бүү эргэлзэж төөрөлдөөсэй гэж бодож байна. Дээрх шалтгаан байгаа учраас, заавал бодит баримт болон бусад юмыг хайгаад, ухаж төнхөөд байх хэрэгтэй гэж байгаа юм биш. Үүнийг тэвчихэд тийм амар биш л дээ. Загасыг идэх гэж жижиг ясыг нь салгаж авахаар оролдож оролдчихоод идэж дууссаныхаа дараа яс салгаж байсан нь л толгойд үлдээд, их биеийнх нь тухай мартаж орхихтой адил.

Яарч сандарч байгаа хүн бол ийм маягийн зоог барихгүй байж болох биз ээ.

11. Хүний харилцааг сайн зугт эргүүлэх "Мэйсоны 11 дүрэм"

Хардалт төрүүлэх юм ярихаас зайлсхийх хэрэгтэй. Хардалт төрүүлэхээр байснаас шулуухан ярьсан нь дээр. Хүнтэй ярьж байхдаа цовоо сэргэлэн байх хэрэгтэй. Энэ тань дадал болох юм бол хүмүүс таныг үргэлж тааламжтай угтах болно.
Хүн өөр өөрийн олон дутагдал, сэтгэл санаагаар унагасан олон асуудалтай байдаг. Тийм учраас хөгжилтэй, цайлган найз нөхөдтэйгөө уулзахаар сэтгэл нь амардаг.

Ямар ч ааш муутай хүн байсан, эсвэл эвдэрч хүмүүжилгүй болсон хүн байлаа ч гэсэн хүүхэд багачуудын цангинасан дуу хоолойг сонсохоороо саатан зогсож, сэтгэл нь уужраад явчихдаг. Халуун бүлээн өнгө аясаар, тод томруун яриа өрнүүлэхээр яригч өөрөө ч, сонсож буй хүмүүс ч сэтгэл баясаж сайхан болно.

Доор дурдсан зүйлс бол цэцэн ухаант Мэйсон та бидэнд үлдээсэн, хүмүүстэй яриа өрнүүлэхэд хэрэг болох дүрмийн эмхэтгэл юм. "Ярилцах арга, нөхөрлөх урлагийг" эзэмшихэд тань тус болох болов уу.

  1. Ном адил ашиг тусаа өгөх найз нөхрөө сонгож ол. Таныг дээшлүүлэн дэвшүүлж, хөгжилтэй сайхан болгох зүйл бол маш сайн ном, тун сайн найз тань билээ. Найз нөхөр тань юунд ч тус үл болох, бүрэг чимээгүй хун бол та өөрөө найз нөхдийнхөө төлөө хичээх хэрэгтэй. Ашиг тусыг ч авч чаддаггүй, тус нэмрээ ч өгч чаддаггүй найзаас бол холдож явсан нь дээр.
  2. Хүний зан төрхийг ойлгодог бай. Өөрөөс тань илүү байх юм бол найзаасаа олон юм асууж байх хэрэгтэй. Найз нөхөр тань өөрөөс тань дутуу байх юм бол түүнийг дэмжиж, тусла.
  3. Бүх юм намуухан чимээгүй болоод ирэх үед бүх хүн яриа хөөрөөнд оролцох боломжтой өргөн сэдвийг хөндөн тавьж, байдлыг хөгжилтэй болго. Таарч тохирох яриа үүсэх нөхцөлийг урьдчилан үүсгэх нь чухал.
  4. Шинэ, чухал зүйл болон хэрэг болох юм сонсвол хурдхан тэмдэглэж ав. Тэгээд, үлдээгээд авах үнэ цэнэтэй зүйл байвал бүгдийг үлдээгээд, хэрэггүй юмыг бүгдийг хая.
  5. Тайз нөхдийнхөө дунд байгаа байхгүй нь үл мэдэгдэх маягаар байж болохгүй. Хөгжилтэй, аятай уур амьсгал бий болгохын тулд хичээн, бусад тань хүлээн авахуйц ямар нэгэн ярианы сэдвийг ол. Дуугүй байх бол том алдаа шүү. Саналаа шулуухан хэлэх юм бол ердийн зүйл ч байсан дуугүй байснаас л илүүтэйгээр баярлаж хүлээн авна. Харин энэ нь дараагийн ямар нэгэн үйлдлийн шалтаг болохыг ойлгоорой. Бүгд чимээгүй болчих юм бол яаж ийж байгаад чимээгүй байдлыг эвдэх хэрэгтэй. Бүгд л санаа амран, танд талархана.
  6. Ярьж хөөрөхдөө яарч сандрах хэрэггүй. Яриа хөөрөө улам өрнөсөн ч өөрийгөө "холдуулан", ярианы өрнөлийг яах аргагүй өөрийн гарт орж ирэх хүртэл хүлээ. Тэр үед та өөртөө итгэлтэйгээр ярьж чадна. Тун сайхан зүйл байлаа ч гэсэн нэг ярьсан юмаа тэр найз нөхөддөө дахин бүү ярь.
  7. Хүн бүр өөр өөрийн дутагдал, алдаатай байдгийн адил хүн бүр өөр өөрийн санаа бодолтой гэдгийг санаж байх хэрэгтэй. Тийм учраас нөхдийнхөө өмнө богино сэтгэлээр бусдыг шүүмжлэн, эсэргүүцээд байхгүйг хичээ.
  8. Найз нөхөд тань худлаа ярин, ёс бус авирлаад байвал үг хэлээр анхааруулж болохоор бол анхааруулж, тэгээд болохгүй бол юу ч битгий хэл, бүр тэгээд ч болохгүй бол тэндээс гарч явах хэрэгтэй.
  9. Энэ талаар мэргэжлийн хүн нь би шүү, гэх юм уу, эсвэл би л бусдаас илүү авъяастай юм байна гэх мэтээр бусдынхаа анхаарлыг татаж болохгүй.
  10. Тэнэг хоосон яриаг тэвчээртэй сонс. Мэдээж санал нэгдэхийн аргагүй л дээ, гэхдээ ямар нэгэн байдлаар хэрэг болж ч мэднэ.
  11. Тайван амгалан, сэтгэл уужим байдалтай бай. Бусдыг ч ийм байдалд оруул. Хэрэв ийм байвал улам бүр ашиг тусаа өгөх санаа бодол толгойд ороод ирж ч мэднэ шүү.
  12. Таныг "алж" ч, "амьдруулж" ч мэдэх сэтгэл хөдлөлийг хянах дүрэм

Дээр нь нэмээд нэг дүрмийг хэлээдхэе. Энэ бол найз нөхдийнхөө дунд ямар ч тохиолдолд "сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй бай" гэсэн дүрэм юм. Ямар ч өдөөн хатгалганд автсан байлаа гэсэн уур тань хүрч байсан ч оволзож уурсаад хэрэггүй. Том дуугаар орилж чарламаар байсан ч сэтгэлээ чанга барьж өнгөрөөх хэрэгтэй.

"Сэлэм хүйтэн тусмаа сайн хэрчдэг"-тэй адил тайван л байх юм бол мэтгэлцээнд заавал ялна. Тэсрэлтийг "тайван амгалан" сэтгэлээр угтах хүн найз нөхдийнхөө дэмжлэг, хүндлэлийг заавал хүлээдэг билээ.

"Юм л бол хэрүүл уруул болоод байдаг хүнийг зүгээр л зөнд нь орхичих. Өөдөөс нь хэрэлдэх хүн гараад л ирнэ. Бүр аймаар хэрүүлч хүн гарч ирээд, түүнийг болгоод өгнө. Мэтгэлцэж хэрэлдэгч аманцар нэгэн бол насан туршдаа тэмцсээр байдаг".

Үгэн маргаан бол ер нь өөрийн санаа бодлыг хүчтэйгээр гарган тавьж, ялахын тулд тэмцэлддэг үйл явдал бөгөөд найз нөхдийн дунд өрнөдөг зүйл биш л дээ. Аль нэг тал нь "шархдаж" үлддэг. Ийм хэмжээнд хүрэхээр бол шууд л зогссон нь дээр.

За тэгээд энэ бүгдийг дуусгахын өмнө, уншигч таныг дахин нэг удаа эргэн санахыг гуйя. Санаа бодол болон сэтгэгдлээ харилцаа, яриагаар дамжуулан ойлголцох шиг хүмүүст заяагдсан таашаалтай "сайхан бэлэг" үгүй. Энэ бол хүмүүс бидний үүрд мөнхийн тайвшрал ч мөн, өнө мөнхийн арга хэрэгсэл ч мөн билээ.

Үүний хажуугаар, ам хэл бол аюул зовлонгийн ч эх үүсгүүр мөн. Таныг мууд ч, сайнд ч хөтлөн хүргэж мэдэх зам харгуй мөн. Тэгэхээр, бидний үүрэг тун их.

Үг хэлээр урсан гарч ирэх сэтгэл хөдлөл нь их ч бай, бага ч бай бусдад нөлөөгөө үзүүлнэ. Энэ нь зөв нөлөө бол зүйтэй боловч зөв биш бол тун ч зүйгүй юм болно. Энэхүү "сайхан бэлгийг" ашиглахад хүмүүс бидэнд асар том үүрэг дагалдаж байдгийг мартах өдөр нэг ч байж болохгүй.




0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.