Шөнийн гудамж нээлтээ хийлээ
2017.06.09

Шөнийн гудамж нээлтээ хийлээ

Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Энэхүү гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй их хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой юм.

Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Гудамжны албан ёсны нээлтийн ёслолд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн иргэд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Мөн энэ үеэр жазз болон сонгодог урлагийн тоглолт, рок поп урлагийн тоглолт, электро хөгжмийн шоу тоглолт болсон юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Улаанбаатар бол дэлхийн хэмжээний хот. Тэр ч утгаараа залуус цөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлэх, эрүүл аюулгүй орчинтой шөнийн гудамж манай нийслэлд байх ёстой. Залуусаас шөнийн гудамжтай болох талаар олон санал хүсэлт ирж байсан. Үүнийг хотын удирдлагууд дэмжин бодит ажил болгон өнөөдөр нээлтээ хийлээ” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгоно гэж заасан байгаа юм. Тэр утгаараа залуус руу чиглэсэн олон ажил багтсан юм. Үүний эхлэл болж өнөөдөр нийслэлд анхны шөнийн гэрэлт гудамж нээлтээ хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Орчин үеийн Мегаполис хотын хэмжээнд залуус оройн цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулж цаашдаа цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор бий болгоно. Мөн залуус чөлөөтэй худалдаа үйлчилгээ эрхэлж, үзвэр үйлчилгээ үзэж болдог ийм гудамжийг олноор бий болгох нь чухал юм. Өнөөдөр энд олон залуус цугларсан байгааг хараад бид их баяртай байна. Залуус ийм гудамжтай болохыг хүлээж байсан гэдэг нь харагдаж байна. Хэдийгээр өнөөдөр гудамжны маань тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа ч цаашдаа бид шат дараатайгаар хийж дэлхийн жишигт хүргэх болно. Энэ гудамж маань үр дүнгээ өгч залуусын хүсэл сонирхлыг татаж чадвал дахин 2-3 байршилд нэмж тохижуулна гэсэн бодолтой байгаа” хэмээн ярив.

Улаанбаатарын шөнийн гудамжны нээлтэд хүрэлцэн ирсэн залуус цагийг зөв боловсон өнгөрүүлэх ийм гудамжтай болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Хотын даргын зүгээс гудамжны тохижилтын ажил бүрэн дуусаагүй, үргэлжлүүлэн хийгдэнэ гэдгийг залууст дуулгаж, шинэ гудамжинд тохирсон нэр өгөх уралдааныг залуусынхаа дунд зарлаж буйгаа хэллээ.

Гудамжны тохижилтын ажлын хүрээнд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлжээ. Мөн олон нийтэд зорилсан үзвэрийн дэлгэц, 400 хүний зориулалтын суудал зэргийг бий болгосон байна. Сөүлийн гудамж Наран их дэлгүүрээс Циркийн уулзвар хүртэл авто замын  хөдөлгөөнийг долоо хоног бүрийн баасан гарагийн 00:00 цагаас даваа гарагийн 06:00 цаг хүртэл хязгаарлаж байхаар болжээ.