Ирж яваа цагийн улстөрч
Америкчуудыг амжилтад хүрэхэд оюуны бүтээлээрээ гар бие оролцсон Жон Тоддын энэ ном УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг бид хоёрыг ойртуулав. "Бриджийн" гэх олноо нэршсэн алдраас нь өөрийг сайн мэдэхгүй явсан энэ эрхэм нэг л өдөр шинэхэн орчуулсан номоо хянан тохиолдуулж өгөхийг хүссэн нь миний хувьд ч гүн хүндэтгэлтэй хэрэг болсон юм.
Төрийн ордны эль хуль, уйтгартай хонгилд хаа нэг зөрж өнгөрөхөөс хэтэрдэггүй байхдаа би Д.Ганхуяг гишүүнийг их л гүн бодлын хүн бололтой гэж дүгнэдэгсэн. "Гүн бодлын" гэдэг маань үргэлж л хүнд бодолд дарагдаж явдаг гэсэн үг биш л дээ. Аливааг ямагт үндэснийх нь үзүүрт хүртэл ухаж бодон, төнхөж дүгнэдэг гэсэн санаа. Хурал, чуулганд оролцон, хөндөн хэлэлцэж байгаа асуудлуудад хандаж байгаа байдлаас нь надад ийм сэтгэгдэл үлдсэн хэрэг. Магадгүй, өнөөгийн УИХ-ын 76 гишүүний дотор түүн шиг шинжлэх ухаан ч ул суурь ба өндөр нарийвчлалтай логик гаргалгаагаар асуудалд ханддаг хүн тун ховор гээд хэлчихвэл хилс болохгүй байх. Би энэ УИХ-ын нэлээд хэдэн гишүүнээс бодлого өрсөлдүүлэх, бодлогын шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээтэй тухайлбал шинжлэх ухааны үндэстэй хандахыг Д.Ганхуяг гишүүн байнга ярьдаг юм гэж хэдэнтээ сонссон. Тэгээд цаадхыг чинь шинжлэх ухаан ч гэж хэлдэг юм гэсэн шоглонгуй яриаг сонсож байлаа.
Хүний үйл хэрэг бүхэн ямагт тодорхой зорилгоор нөхцөлдөж, тэр зорилгоороо түлхэгдэж хийгддэг гэж би хувьдаа боддог юм. Д.Ганхуяг гишүүн орчлонгийн олон номон дотроос энэ номыг сонгож орчуулсны учир шалтгаан нь надад сонин санагдлаа. Эдүгээ дэлхийн дээд боловсролын системийн жишгийг тогтоодог Харвардын Их Сургууль, түүнчлэн Йэлийн Их Сургуулийг үндэслэгчидтэй эн тэнцэхүйц сурган хүмүүжүүлэх болон философийн чиглэлийн зохиолч, номлогч гэж яригддаг XIX зууны суут хүмүүсийн нэг Жон Тоддын энэ бүтээлийг монгол залуустаа уншуулж, уураг тархиа хэрхэн цэгцтэй мэдлэгээр цэнэглэн, яаж өндөр бүтээмж бүхий дадал заншлыг эзэмшин, тэрхүү мэдлэг, дадлаа хэрхэн зөв, үр дүнтэй шийдвэр гаргахад ашиглаж амьдрах, улмаар яаж зорьсондоо хүрч, амжилт олохын нууцыг нээж өгөх гэсэн чин санаандаа хөтлөгдсөн байж таарна. «Өөрөө үнэнийг мэдчихээд бусдад хэлж өгөхгүй байх нь яавч нүгэл болно» гэж бодсон ч байж мэдэх юм. Ямартай ч залуус, хойч үеийнхэндээ туслахыг хүсэн, төрийн түшээгийн нүсэр ажлаа завчлан энэ сайхан буянтай үйлийг хийжээ.
"Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн л хамгийн сайн хүн" гэж Авраам Линкольн хэлсэн нь бий. Харин би яагаад ч юм сайн, муугийн аль нь ч үгүй, гагцхүү хэн нэгэнд буянтан мэт санагдах хэрнээ нөгөө нэгэнд нүгэлтэн адил үзэгдэх хүмүүсийн мөн чанар харьцангуй гэж бодож ирсэн юм. Энэхүү зөрчилдөөнт бодлоосоо болсон уу, эс бөгөөс ер амьдрал хийгээд хүмүүсийг танин мэдэхийг эрмэлздэг уран бүтээлчийн сониуч зандаа хөтлөгдсөн үү, Д.Ганхуяг гишүүнийг хэрэндээ л "нээн илрүүлэх"-ийг хичээсэн юм.
"Тунгалаг төр..."-ийн тухай өөрийн үзэл баримтлалыг парламент дээр дэвшүүлэн тавьж байсныг нь би сайн санаж байна. Ард түмэн, олон нийтийнхээ өмнө болор мэт нэвт гэрэлтэн ил тодорхой харагдаж, элдэв хаалт халхавчны цаана бузар муухайгаа хадгалаагүй, булингаргүй цэвэр төрийн түшээдтэй төр л жинхэнэ утгаараа иргэддээ үйлчилж чадна гэж тэр үздэг юм.
-Төрийн үйл ажиллагаа иргэддээ ил тод байх тусмаа хариуцлагатай, хүнд суртал багатай, төрийн үйлчилгээ чанарлаг хүртээмжтэй, нийгмийн баялгийн болон татварын орлогын хувиарлалт оновчтой, ил тод байдаг. Иргэддээ үйлчилж, тэдний өмнөөс гүйж, замд нь асгарсан шороог шүүрдэж өгөх цорын ганцхан үүрэг төрд бий. Түүнээс биш төр иргэдийнхээ амьдралд шууд оролцох нь зохимжгүй. Яагаад гэвэл, энэ нийгэмд төр материал баялаг үйлдвэрлэх, аж ахуй хөтлөхийн хойноос нэг их хөөцөлдөх шаардлагагүй. Хэчнээн олон юманд оролцох тусам тэндээс төрийн бохирдол үүдэж, тогтолцоо гажин, шударга бус явдал цэцэглэн хөгжиж, нийгэм бухимдахад хүрдэг... гэж зөөлөн дуугаар нухацтай гэгч өгүүлээд, тэрээр япон янжуураа гаргаж асаав.
Тэгсэнээ,
-Зөвхөн төрийн үйлдвэрлэдэг нэг "бүтээгдэхүүн" байдаг юм. Тэр нь хүнд суртал улмаар авилгал... гэж хэлээд, доогтой жуумалзлаа.
Ер түүний ярианаас задгай сэтгэлгээ, өргөн мэдлэг хором бүр мэдрэгдэнэ. Аль социализмын үед л зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой Япон Улсад инженерийн боловсрол эзэмшиж, улмаар Швейцарт үйлдвэрлэлийн, АНУ-д эдийн засаг, бизнесийн, Тайландад аялал жуулчлалын, Тайваньд гадаад худалдааны менежмент судалсны хувьд хуучны егзөр эдийн засагчдаас хамаагүй өөр сэтгэж байх. Бизнес эрхэлж байхдаа хүртэл амар хялбараар ашиг олох гэж алт ухаж, архи найруулдаг бусад хүмүүсээс хамаагүй өөрөөр боддог байсан нь ярианаас нь илэрхий. Хууль бусаар ашиг хонжоо олохыг тэр үнэн голоосоо жигшиж амьдардгаа өгүүлсэн юм. Тийм ч учраас хуулиа дээдлэн шударгаар өрсөлдөж, хөгжих зарчмыг тууштай баримталж ажиллажээ. Төрийн түшээгийн нөр хэцүү албанд ард түмний итгэл хүлээн сонгогдоод, журмын нөхөддөө ажлаа хүлээлгэж өгөхдөө ч энэ зарчмыг ягштал баримталж байхыг цаадуулдаа сануулж.
Баянзүрх дүүргийнхнийг төлөөлөн УИХ-д ажилласан дөрвөн жилийн хугацаанд Д. Ганхуяг гишүүн хуулийн төсөл боловсруулах, санаачлагдсан хуулийг чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх 40 ажлын хэсэгт орж, эдгээрийн таван ч ажлын хэсгийг өөрөө ахалж ажилласан нь "нэг ангийн 76" дотроо нэлээд дээгүүрт орох үзүүлэлт юм. Түүний шинээр санаачилсан "Жижиг, дунд үйлдвэрийн тухай" зэрэг долоон хуулийн төсөл нь бүгд эдийн засаг, нийгмийн тулгуур харилцааг хөндсөн чухал суурь асуудлуудад холбоотой байлаа.
Хүмүүс сайн санаж байгаа даа, Ардчилсан нам 2004 онд УИХ-ын сонгуульд оролцохдоо "21 сайн үйлс" хэмээх үйл ажиллагааны хөтөлбөрөө дэвшүүлсэнийг. Энэ хөтөлбөрийн амин зүрх болсон гол дөрвөн асуудал нь татварын дарамтыг арилгах, хүүхэд бүрт итгэлийн мөнгө олгох, иргэн бүрт газар өмчлүүлэх, "40000 орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэх зорилтууд байсан. Энэхүү амин чухал асуудлуудад Д. Ганхуяг гишүүн гол анхаарлаа хандуулан ажилласан юм. Татварын хуулиудыг багцаар нь шинэчилж, бүх төрлийн татварын шатлалыг цөөлөн, хувь хэмжээг бууруулсан бодлогын шийдвэрийг хуульчилж чадсанаар манай улс Азидаа л хамгийн бага татвартай орон болж чадсан. Мөн "Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийж дуусган, "Барилгын тухай"хуулийг шинэчлэн найруулж батлуулсан. Хэдхэн хоногийн өмнө "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслүүдийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэ төсөлдөө тэрээр 2003 оноос өнөөг хүртэл газрыг өрхөд өмчлүүлж буйг цаашид иргэн бүрт өмчлүүддэг болох асуудлыг тусгажээ.
Хэдийгээр тэр сонгуулийн нэгэн тойргоос сонгогдсон ч гэлээ нийт ард түмнээ, улс орноо гэсэн сэтгэлээр ажилладаг нь үүнээс тодорхой харагдаж байна. Гэхдээ түүнийг тойргийнхныгоо орхичихсон гэж хэлж байгаа юм биш шүү. Өөрийнхөө санаачлан байгуулсан "Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан" болон бусад дэмжигч байгууллагуудын хандив, хүмүүнлэгийн тусламжаар тойрогтоо зарцуулсан нийт санхүүжилт 710 сая төгрөг, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийх саналыг оруулж батлуулсан зэргээс үзэхэд л тэрээр өөрт нь итгэл хүлээлгэсэн тэр хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ ажиллажээ гэсэн бодол төрж байлаа.
Мань хүн угсаа гарвалаараа бол Архангайн Цахирынх. Бөөрөгийн гол хэмээх сайхан газарт таван хүү, таван охинтой малчин айлын гуравдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Дээлийн суга, гутлын зулаг ханзартал ах дүү, үеийн хөвгүүдтэй барилдаж, адуу малтай ноцолдож өссөн хүүхэд нас нь бөх болохын эрмэг мөрөөдөлтэй өнгөрч, сургуулийнхаа үндэсний болон чөлөөт бөхийн аварга болж явсныг нь эргэцүүлэхэд яах аргагүй жудаг ханхалсан монгол эр аж. Гадаадын өндөр хөгжилтэй оронд боловсрол, мэдлэг эзэмшсэн, хөрөнгө мөнгөтэй бусад хүмүүс бол амралт, аялалаа гадаадад л өнгөрөөх гэж зүтгэцгээх болсон байхад Д. Ганхуяг харин хөдөө нутаг, төрсөн бууриа эргэж, агь таанын үнэрт нь согтож жаргадаг заншилтай. Эгэл хөдөөгийн эгэл боргил хүү явсан тэр сурагч ахуйдаа Тариатын сургуулийн олон жилийн уламжлал бүхий гайхамшигтай заах арга, сурган хүмүүжүүлэхийн ухааны ачаар тоо, физик, химийн шинжлэх ухаанд түүртэхээ байж, олон олимпиадын тэргүүн байр хүртэж байсан хүүхэд. Аравдугаар ангиа онц дүнтэй дүүргээд УБДС-ийн физик, математикийн ангид элсэн орж оюутан болсоор удаагүй байтал Засгийн газар хоорондын гэрээний дагуу Японд суралцахаар сонгогджээ.
Аливаа парламент бүр гадаад харилцааныхаа асуудлыг "парламентын бүлэг" байгуулах замаар хэрэгжүүлдэг нийтлэг жишигтэй. Манай парламент буюу УИХ ч мөн энэ жишгийн дагуу Монгол-Оросын, Монгол-Хятадын, Монгол-Японы гэх мэт парламентын бүлгүүдийг байгуулах замаар харилцаа, хамтын ажиллагаагаа хэрэгжүүлсээр ирсэн. Д. Ганхуяг гишүүн УИХ-д сонгогдсоноосоо хойш өдийг болтол Монгол-Японы парламентын булгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд энэ бүлгийн хувьд хамгийн идэвхитэй, бүтээлч ажилласан үе нь сүүлийн дөрвөн жил байлаа гэж хаа хаанаа ярьцгааж байна. Мэдээж, Японтой харилцах талаар Д. Ганхуяг гишүүний хувьд давуу тал байгаа. Үүнийгээ ч тэрээр өөрөө соргог мэдэрч идэвхийлэн ажилласан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон 2006 оныг Японд "Монголын жил" хэмээн зарлаж өргөн хүрээнд тэмдэглэв. Хойтон жил нь буюу өнгөрсөн 2007 онд манай улсад "Японы жил"-ийг зохион байгууллаа. Урьд өмнө энэ арга хэмжээг хоёр улс ердөө долоо хоногийн хугацаагаар хийж байсан бол бүтэн жилээр ийнхүү тэмдэглэсэн явдал Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг танигдахын аргагүй болтол өргөжүүлж чадсан юм. Магадгүй энэ нь Монголын дипломат харилцааны бүх үеийн түүхэнд ч огт байгаагүй гэж хэлж болох шинэлэг үйл ажиллагаа болсон гэж хэлэхэд хилс болохгүй. 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэр тус улс анх удаа манай улсад жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ асуудлыг сүүлийн найман жилийн турш хоёр тал харилцан ярилцаад шийдэж чадахгүй байсан юм.
Гэсэн хэрнээ энэ асуудал УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар Д. Ганхуяг гишүүн ажиллаж байхад шийдэгдсэн нь санамсаргүй явдал болжээ гэж хэн ч хэлэхгүй биз. Мөн энэ айлчлалын үеэр Ази Европын агаарын тээврийг холбох ачаа тээвэр, онгоцны их засварын газар бүхий Олон улсын онгоцны буудлыг Хөшигтийн хөндийд барьж байгуулах ажлыг иж бүрнээр ярилцаж, төслийг Японы хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх анхны санаачлагыг гаргасан байна. Энэ хоёр төслийн мөнгөн дүн 300 гаруй ам. сая доллар болсон байна.
Монголчууд ажилд ордог бол япончууд компанид орж, өөрийнх нь оролцоотойгоор компани нь улам хөгжин цэцэглэж гэмээнэ хувийнх нь амьдрал ч мөн адил өөдөлнө гэж "тооцоолон боддог" тухай би хаанаас ч юм уншиж байснаа саналаа. Эндээс л гэхэд сэтгэлгээний эрс тэс зөрүү ялгаа харагдаж байгаа юм л даа. Талын монголчуудад дутагдаад байгаа энэ сэтгэлгээнд Д. Ганхуяг гишүүн хорин настай, хонгор зүстэйгээсээ суралцсан нь түүнийг социалист системийн боловсрол эзэмшсэн олон хүмүүсээс ялгаруулан харагдуулдаг бололтой юм. Ганцхан жишээ дурдъя. Саяхан "Барилгын тухай" хуулийг УИХ шинэчлэн баталсан. Д. Ганхуяг гишүүний зарим нөхөдтэйгөө хамтран санаачилсан энэ хуулиар урьд нь барилга барих зөвшөөрөл авахын тулд 20 гаруй байгууллагын маш олон дамжлага дамжиж 90 гаруй албан тушаалтнаас гарын үсэг цуглуулдаг байсан нүсэр хүнд суртлыг нэг цэгийн үйлчилгээгээр шийдэж байхаар болгожээ. Гарын үсэг бурийн цаана хүнд суртал, өч төчнөөн хог цаасны ажил өрнөнө гээд бодохоор хэцүүхэн байсан хэрэг.
Энэ тухай тэрээр,
-Ардчилсан орнуудад төрийг "иргэнээс сонгогдсон иргэний төлөө ажиллах иргэний төр"гэж тодорхойлдог. Гэтэл манайхны тэр олон хунд сурталтнууд харин ч иргэддээ үйлчлэх биш тэднээр өөрсдөө үйлчлүүлээд, бичиг цаасаа цэгцлүүлээд суугаа юм биш үү... гэж байна. Хувийн хэвшлээс авч болохгүй нийтлэг үйлчилгээнүүдийг л төр иргэддээ үзүүлж байх ёстойг тэр дахин дахин ярих аж. Тухайлбал хууль цагдаа, ерөнхий боловсрол, эрүүл мэндийн зарим хэсэг, гэх мэт. Түүнээс биш хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, олон нийтийн байгууллагуудтайгаа ажлаа булаалдаад суугаад байж болдоггүйг тэр тун тодорхой өгүүлэв. УИХ-ын чуулган дээр ч, иргэд сонгогчидтой хийж байгаа уулзалт дээр ч тэр үүнийгээ үргэлж ярьж явдаг юм.
-Учир дутагдал их байна аа. Гэхдээ л огт болж бүтэж байгаа юмгүй гэж хэлбэл өрөөсгөл болно. "Тhe Time" сэтгүүлд манай улсын тухай, "Азийн цээжинд улс төр, эдийн засгийн шинэчлэлийг гайхалтай хийж байгаа орон бол Монгол" хэмээн бичсэн байсныг би уншиж байснаа санаж байна. Манай Үндсэн хууль бол тун чамбай боловсрогдсон хууль шүү дээ. Нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох үйл явц одоо ч, цаашид ч өрнөсөөр л байх болно. Ардчилсан улс төр, зах зээлийн эдийн засгийн олон зуун жилийн уламжлалтай улс орнуудад ч эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явц одоо хэр хийгдсээр л байгаа шүү дээ... хэмээн түрүүнээс хойш төр, засгийг "загнасан" хатуу ширүүн үгсээ зөөллөв.
"Үгүйсгэхээс бусдыг умартсан оюун ухаан өөрөө өгөрч ганддаг" гэсэн Тургеневийн мэргэн үг санаанд орлоо. Магадгүй, аливааг бүхий л талаас нь дүгнэн шинжлэх япон ухаан нь түүнийг өр зөөлөн болгодог биз. Япончууд тусламж болгон манайд ноолуурын үйлдвэрийг байгуулж өгсний зэрэгцээгээр тэр үйлдвэрийнхээ инженерүүдийг бэлтгэсний нэг нь Д.Ганхуяг. 1989 онд будаг нь ханхалсан шинэхэн инженер ирж, ажилдаа ормогц ноолууран утасны гологдлыг багасгах эдийн засгийн өндөр үр ашигтай судалгаа хийж үйлдвэртээ нэвтрүүлжээ. Түүний энэ ажлын үр дүнд ноолууран утасны гологдол 15 орчим хувиар буурч, үйлдвэрлэлийн үр өгөөж тэр хэрээр нэмэгдэж байлаа. "Говь" комбинатад хоёр жил гаруйхны хугацаанд ажиллахдаа тэр 10 жил ажилласан хүний хийгээгүй их өгөөжийг үйлдвэртээ өгсөн гэж учир мэдэх улс ярих юм билээ.
Даваажавын гэхээсээ илүүтэйгээр түүнийг "Бриджийн" гэж олон нийт овоглодог. Эх газрын Монголыг арлын Японтой холбох оюуны гүур байж, жинхэнэ шинэ цагийн сэтгэлгээгээр зах зээлд хүч сорихоор шийдэн, "Bridge" компаниа 1991 онд байгуулсан. Энэ үед тэр 30 хүрээгүй цэл залуухан байлаа. Магадгүй хөрөнгөтний нийгэм, зах зээлийн эдийн засгийн учир начрыг түүн шиг залуугаасаа узэж таньсан хун одоо ч ховорхон байгаа гэвэл бусад хүмүүсийг гүтгэсэн болохгүй байх. Энэ давуу талаа мэдэрч, өөрийгөө улам боловсруулахаар тэр 1999 оныг хүртэл тасралтгүй суралцсан байна. "Ухаарч ойлгоогүй амьдралыг туулж өнгөрүүлэх хэрэггүй" гэж Сократ хэлсэн байдаг. Тэгвэл ухаарч ойлгосон бол туулсан шиг туулахын ухааныг би Д. Ганхуяг гишүүнээс танив. Цаагуур бодож хойгуур дуугарах дөлгөөн, намуухан энэ эр надад шинэ цагийн, магадгүй, ирээдүй цагийн монгол хүний дүр төрх, чадал чансааг илтгэх мэт гoн сэтгэгдэл үлдээв. Хойч ирээдүйнхэндээ тэмүүлж хөгжин, тэмцэж амьдрахын ухаан суулгахыг хүссэн тooний хүсэл биелж, Жон Тоддын нууцыг нь тайлсан амжилт бүтээл монгол залуу хун бүрийг оргил өөд хөтлөх болтугай.