Австрийн Элчин сайд нутаг буцахын өмнө БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд бараалхаж, талархал илэрхийллээ
Австри улсаас Монгол Улсад суух Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль
2017.06.12

Австрийн Элчин сайд нутаг буцахын өмнө БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд бараалхаж, талархал илэрхийллээ

Австри улсаас Монгол Улсад суух Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль  Монголд суух хугацаа нь дуусч, нутаг буцаж байгаатайгаа холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийллээ. 

Тэрбээр Монгол Улсад 5.5 жил ажиллаж, амьдрах хугацаандаа Байгаль орчны чиглэл тэр дундаа Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэл дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэх эхлэлийг тавьсандаа баяртай байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд дэмжиж ажилласан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархаж байгаагаа илэрхийлэхгүйгээр нутаг буцахыг хүсээгүй гэдгээ уулзалтын эхэнд онцолсон юм. Хатагтай Ирэнэ Гинэр Райхэль  нутаг буцаж байгаа ч Монгол Улсын байгаль орчны салбарт хөрөнгө оруулагчдыг татах ажлыг үргэлжлүүлсээр байх болно гэдгээ ч энэ үеэр хэлж байлаа. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол УИХ-аар саяхан баталсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хогийг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр анхаарсан гэдгийг онцлоод цаашид Австри улстай хамтарч ажиллахад таатай байх болно гэдгээ дуулгасан юм. Мөн тэрбээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд энэ чиглэлд туршлага бүхий Австри улстай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд Австрын Элчин сайд хамтарч ажиллах бүрэн боломжтой хэмээснээр уулзалт өндөрлөсөн юм.