Д.Оюунхорол: Хүүхдийн мөнгөөр улс төр хиймээргүй байна
УИХ-ын гишүүд хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийн төсөл нь хүүхэд бүрт cap болгон 20 мянган төгрөгийн тэтгэмж олгох аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодрууллаа.
-УИХ-д өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар тодруулахгүй юу?
-Р.Гончигдорж, Н.Батбаяр гишүүн бид хэд хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь Монгол улсын харъяат 0-18 насны бүх хүүхдэд cap бүр 20.000 төгрөгийг амьжиргааны ямар нэг түвшинг харгалзахгүйгээр олгох зорилготой.
-Улсын төсөв нэлээн алдагдалтай батлагдсан. Хүүхдийн мөнгө олгох санхүүгийн бололцоо байгаа юм уу?
-Энэ асуудлыг намын бүлэг, байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Засгийн газар Хүүхдийн мөнгө олгох асуудлыг "Хүний хөгжил сангийн тухай" хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн байсан. Хууль гарсны дараа ямар эх үүсвэрээс хүүхдийн мөнгө олгохыг Засгийн газар шийдэх ёстой.
-Тэгэхээр хүүхдийн мөнгө гэж тусдаа ойлголтгүйгээр хүний хөгжил сангаар дамжиж олгогдох хэрэг үү?
-Тиймээ.
-Хүүхэд тус бүрт 20 мянгын тэтгэмж олгоход хэчнээн төгрөгийн эх үүсвэр шаардлагатай вэ?
-Өнгөрсөн оны статистик судалгаагаар 0-18 насны 932 мянган хүүхдэд cap бүр 20 мянган төгрөг олгоход жилд нийт 223.680 сая төгрөг шаардагдаж байгаа. Хагас жилд 111.840.0 сая төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай гэсэн судалгаа бий.
-Чинээлэг амьдралтай айлын хүүхдүүдэд 20 мянган төгрөг өгсөн ч, өгөөгүй ч ялгаагүй. Тиймээс бүх хүүхдэд гэж хавтгайруулан олгож байхаар амьдралын түвшин доогуур өрхийнхөнд ахиухан мөнгө нь зүйтэй гэх хүмүүс байгаа. Энэ тухайд?
-Өнөөдөр Монголын ард түмний маань нэг хэсэг нь эмзэг, ядуу, нэн ядуу амьдарч байна. Тийм учраас хүүхдийн мөнгө айл өрхийн амьдралд бодитой дэмжлэг болж байсан. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь зохимжгүй гэж олон нийт үздэг юм билээ. Энэ хуулийн төслийг боловсруулахаар ярилцаж байх үед олон эцэг эхчүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бидэнд хандаж байсан. Зарим байгууллагууд хийсэн судалгаагаа ч бидэнд ирүүлсэн. Өнөөдөр Монголын 2.7 сая хүн амын 20 орчим хувь нь боломжийн гайгүй амьдралтай, үлдсэн 30 орчим хувь нь цалингаас цалингийн хооронд зээл тавин амьдарч байна. Үлдсэн 50 орчим хувь нь ядуухан амьдарч байгаа шүү дээ. Тиймээс бүх хүүхдэд олгох дээр гэж үзсэн юм.
-АН-ын бүлэг хүүхдийн мөнгөний асуудлыг энэ удаагийн төсвийн тодотголоор шийдэхгүй бол завсарлага авахаа зарласан. Харин МАХН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьтай байх шиг ээ?
-МАХН-ын бүлэг энэ асуудлыг дэмжихгүй байгаа гэдэг нь ямар ч үндэсгүй. Хуулийн төслийг дөнгөж УИХ-д өргөн бариад байна. Одоо хоёр намын бүлгээр хэлэлцэнэ. Ер нь хүүхдийн мөнгөөр улс төр хийх нь зохимжгүй. Монгол Улсын төсвөөс иргэд хүүхдүүддээ зориулж өгч байгаа мөнгөөр аль нэг нам, хэн нэгэн улс төрч нэр хаяг зүүж явах нь зохимжгүй гэж боддог. Яагаад гэвэл татвар төлөгчдийн хөрөнгөнөөс хүүхдүүддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт, татвар төлөгчдийн мөнгийг хүүхдээр нь дамжуулж өөрсдөд нь олгож байгаа хэлбэр шүү дээ.