С.Чинзориг: Тэтгэврийн насыг нэмсэн өөрчлөлтөд малчдын тэтгэврийн нас хамаарахгүй
2017.07.27

С.Чинзориг: Тэтгэврийн насыг нэмсэн өөрчлөлтөд малчдын тэтгэврийн нас хамаарахгүй

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийг авах хүрээнд УИХ-аас төсвийн тодотголыг баталсан. Энэ хүрээнд тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэхээр боллоо. Намрын чуулганы төгсгөлд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах боломжтой болсон. Одоо тэгэхээр малчдын тэтгэвэрт гарах нас өөрчлөгдөж таарч байна уу?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2017 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай болсон. Тэр утгаараа УИХ-ын хаврын чуулганы эхэнд төсвийн тодотголоо баталсан. Ерөнхий зарчмын хувьд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тал дээр би эсрэг саналтай байсан. Манай орны хувьд ажилгүйдлийн түвшин нэлээд их байгаагийн дээр дундаж наслалт тийм ч өндөр биш. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дундаж наслалт 3.7 орчим сараар нэмэгдсэн судалгаа байдаг. Энэ бүгдээс аваад үзэхэд тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмнэ гэдэг нь өндөр байгаа юм биш үү гэдэг байр сууриа илэрхийлсэн. Нөгөө талаасаа тэтгэвэрт гарна гэдэг чинь ажлын байрыг чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа нэг хэлбэр. Залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа энэ үед тэтгэврийн насыг нэмнэ гэдэг хөдөлмөрийн бодлоготойгоо уялдах ёстой. Нэгэнт Засгийн газар ОУВС-гийн хэлэлцээрт орохдоо тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлнэ гэчихсэн болохоор бүлэг дэмжсэн. Тиймээс жилд зургаан сараар тэтгэврийн нас нэмэхээр батлагдсан юм.

2017 оны хоёрдугаар сарын эхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр малчдын тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах хууль батлагдсан. 2017 оны төсөвт тодотгол хийж тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээр болсон нь малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах асуудлыг хөндөөгүй.

-Тэгэхээр малчид эрэгтэй нь 55, эмэгтэй нь 50 настайд тэтгэвэрт гарах хэвээрээ гэж ойлгож болох уу?

-Хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг төсвийн тодотголын үеэр нэмэгдүүлсэн. Харин малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан хууль батлагдсан байсныг хөндөөгүй. Нэг үгээр хэлбэл, бусад хүмүүс жилд зургаан сараар тэтгэвэрт гарах нас нь нэмэгдсэн бол малчдад энэ хууль үйлчлэхгүй гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, малчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулиар шийдэгдсэн асуудал бол олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр нэмэгдүүлэн тооцдог байх юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл гэртээ асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгддөг байх, нийгмийн даатгалд хамрагдсан хэлбэрээсээ үл хамааран ээжүүд цалин хөлснөөсөө 100 хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг байх асуудлууд хуульчлагдан батлагдсан. Эдгээр хуулийн өөрчлөлт төсвийн тодотголоор хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, намрын чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон зүйл заалтууд төсвийн тодотголоор өөрчлөгдөөгүй.

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан, сая төсвийн тодотголоор тэтгэвэрт гарах насыг таван жилээр нэмсэн хоёр хоорондоо харшлахгүй юу?

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан хуулийн төсөл хэвээр үлдсэн.

-Зарим нь тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа асуудал зөвхөн төрийн байгууллагуудад хамааралтай гэх юм. Хувийн хэвшлийнхэнд ч бас хамааралтай биш юм уу?

-Тэтгэврийн насыг төрийн албанд болон хувийн хэвшилд ажиллаж байгаа гэдгээрээ ялгаатай гэсэн ойлголт байхгүй. Адилхан үйлчилнэ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр би хоёр санал хэлж байсан ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээний тодотгол гээд үүнд шахагдаад дэмжлэг аваагүй л дээ. Хуучин хуулиар эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай 60 настайдаа тэтгэвэрт гарах эрх нь нээлттэй. Олон хүүхэд төрүүлсэн ээж өөрөө хүсвэл 50 настай эсхүл 55 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой байсан. Үүнийг ажил олгогчид анзаараад заавал захиргааны санаачилгаар 50-тай ч юм уу, 55 настайдаа тэтгэвэрт гардаг байдлыг больчих. Өөрөө хүсээгүй бол шууд тэтгэвэрт гаргадаг байдлыг хорьсон заалт оруулж өгье гэсэн ч хэлэлцүүлгийн явцад яригдаж байгаад дэмжлэг аваагүй л дээ. 2017 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд би өөрөө санал гаргаж байгаад хоёр заалт тусгаж өгсөн.

Ерөнхий сайд, Засгийн газарт даалгасан заалтдаа өндөр насны тэтгэвэр нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэх, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж буй талаарх үнэлгээ, мониторинг, шилжилгээ, судалгааг жил бүр хийж холбогдох байнгын хороонд танилцуулж байхыг үүрэг болгосон. Нөгөөх нь тэтгэврийн нас нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг бууруулсан мониторингийн дүнг үндэслэн амьжиргааны түвшин буурч байгаа бол зайлшгүй өөрчлөх саналыг УИХд оруулж ирж байхыг Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороонд даалгасан заалттай тогтоолууд батлагдсан. Үнэхээр сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл хуулийн үйлчлэлийг зогсоох, өөрчлөлт оруулах эрх зүйн орчинг яаралтай Их хуралд оруулах эрхийг нь байнгын хороонд өгсөн.

-Төсвийн тодотголыг хэлэлцэж байхад цагдаа, онцгой, боловсрол, эрүүл мэндийн салбараас хоёр хүн тэтгэвэрт гарахад нэг хүн оронд нь авч байхаар болсон. Тухайлбал, биеийн тамирын багш, англи хэлний багш хоёр тэтгэвэрт гарлаа гэхэд яг аль мэргэжлийн хүнийг нь ажилд авах вэ гээд асуудал гарч мэдэх юм?

-Засгийн газраас оруулж ирсэн саналыг би дэмжсэн. Учир нь орон тооны цомхотгол хийх, томоохон бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэж ярьдаг хэсэг гишүүд байдаг. Тэдний нэг нь би. Томоохон бүтцийн өөрчлөлт хийж байж эдийн засгийн хямралтай үед төсөв мөнгө хэмнэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ эдийн засаг ийм хүнд байхад төрийн албан хаагчдыг олон мянгаар нь цомхотгохоо больё. Нэг талдаа төсөв хэмнэж байгаа ч нөгөө талдаа 2030 мянган төрийн албан хаагчийн цаана 5060 мянган хүний гэр бүлийн амьдралын асуудал сөхөгдөнө. Тиймээс эдийн засгийн хямралтай байгаа үед олон мянган хүний амьжиргааг дордуулж байснаас цалинг нь царцааж хэвээр нь төрийн албанд цомхотгол өндөр хэмжээнд хийлгүй явах сонголтын өмнө бид ирсэн. Хямралын үед олон хүнийг ажлаас халж болохгүй гээд хоёр дахийг нь сонгосон. Нөгөө талдаа таны хэлж байгаа үнэн. Нэг эмнэлэг дээр хоёр нарийн мэргэжлийн эмч зэрэг тэтгэвэрт гарахад оронд нь нэг аваад тэр хүн нь ачааллаа дийлэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тэр утгаараа уян хатан хандаж төсөв захирагч нар зохицуулж байхаар УИХын тогтоолд нээж өгсөн. Үүгээрээ шийдээд явах бүрэн боломжтой.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэхээр боллоо. ажил ол-гогчдод дарамт болох уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь хоёр талтай асуудал. Нэг талаасаа Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх зайлшгүй шаардлагатай. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх өөр нэг шалтгаан нь 1960 оноос хойш төрсөн иргэд нэрийн данснаас тэтгэвэр авах эрх нь үүснэ. Гэтэл 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл нь долоон хувь байдаг. Иргэн долоо, ажил олгогч долоон хувийг нь төлдөг. Тэтгэвэрт гарахдаа төлсөн 14 хувиасаа тэтгэвэр авна. Тиймээс нэрийн данснаас тэтгэвэр авах хүмүүсийн тэтгэвэр маш бага гарна. Харин 1960 оноос төрсөн хүмүүс одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэд адилхан 14 хувийн шимтгэл төлж байгаа ч тэтгэвэр бодуулж авахдаа доод тал нь цалингийн 45 хувь, дээд тал нь 85 хувиар тооцуулж тэтгэвэр авдаг. Тэтгэвэр бодож буй аргачлалаасаа хамаараад Нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэвэр, нэрийн данснаас авч буй тэтгэвэр хоорондын ялгамж асар их зөрүүтэй болчихож байгаа юм. Энэ утгаар нь авч үзвэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь зөв. Сөрөг тал нь ажил олгогчдод очих ачаалал ний нуугүй хэлэхэд нэмэгдэнэ. Ялангуяа манай аж ахуйн нэгжүүдийн 85 хувь нь ес хүртэлх ажилтантай, жижиг аж ахуйн нэгжүүд байдаг. Тиймд дийлэнх олонхи болсон жижиг аж ахуйн нэгжүүдэд сөрөг талтай.

Нөгөө талаас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ нийгмийн даатгалд хамрагдагсдын хамрагдалтыг нэмэгдүүлэх ёстой. Энэ миний зарчмын байр суурь. Байнга хэлдэг. Өнөөдөр улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа ч тэдний 48 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Нэг үгээр хэлбэл нийгмийн даатгалын гадна байна гэсэн үг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэхээсээ өмнө тэр 48 хувийг нийгмийн даатгалд хамруулах шаардлагатай.

Нэг талдаа нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа нь үнэнч нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл багагүй бий. Тэр мөнгийг зөвхөн арилжааны банкуудад байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах замаар арвижуулахаас өөрөөр хуримтлал бий болгодог механизм дутагдалтай байна. Бага ч гэсэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг санхүүгийн зөв менежмэнт хийх замаар хуримтлал үүсгэдэг байх шинэ тогтолцоо бий болгох хэрэгтэй. Энэ хоёр арга хэмжээг авч чадвал Нийгмийн даатгалын сангийн алдагдал буурах, нөгөө талдаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд ирэх ачаалал буурах юм.