Д.Оюунхорол: Эх орныхоо уул, усыг ариун дагшнаар нь хадгалахын төлөө чадах бүхнээ хийнэ
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2017.08.01

Д.Оюунхорол: Эх орныхоо уул, усыг ариун дагшнаар нь хадгалахын төлөө чадах бүхнээ хийнэ

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Цөөнгүй газарт түймэр дэгдсэнтэй холбоотойгоор БОАЖЯ-ныхан энэ зун нэлээд завгүй, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байх. Ямар ажлууд амжуулав?
-Зөвхөн түймэр гэлтгүй аялал жуулчлалын улиралтай холбоотойгоор бид энэ зун онцгой байдалд ажиллалаа. Хамгийн сүүлд л гэхэд Төв, Сэлэнгэ аймагт дэгдсэн түймрийн үеэр хоёр баг гаргаж, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдад хоёр хоног ажилласан. Төв аймгийн сум дундын ойн ангид 27 сая төгрөгийн тоног төхөөрөмж, Батсүмбэр сумын Засаг даргад яамны ажилтнуудын нэг өдрийн цалин болох таван сая төгрөгийг хандивлалаа. Дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн сум дундын ойн ангид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан.
Үүнээс өмнө Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд тус бүр 10 сая төгрөг олгосон. Түүнчлэн манай яамаар дамжуулан “Оюутолгой” компани 160 гаруй нэр төрлийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, Самар үйлдвэрлэгчдийн холбоо 11, Аялал жуулчлалын холбоо 8.5, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс 3.7 сая төгрөг хандивласан.
Хандивын мөнгөөр РЛО буюу үүргэвчтэй ус шүршигч авахуулж, ойн ангиудад өгөхөөр боллоо. Түймэр гарсан газарт хамгийн түрүүнд очиж, хамгийн сүүлд буудаг хүмүүс бол ойн ангийнхан. Тиймээс ойн сан бүхий улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадад шаардлагатай тоног төхөөрөмжүүд олгож буй. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хандивласан мөнгийг өөрсдөд нь үлдээсэн төдийгүй мотоцикл өгч, түймрийн үеэр үрэгдсэн амьтдын сэг зэмийг хайх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Харамсалтай нь, байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч түймрийн тархалт нэмэгдсэн. Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймагт тус бүр хоёр, Дархан-Уулд нэг, нийт долоон баг гаргаж, 30 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 12 байршлаас үүлэнд нөлөөлөх аргаар 39 ширхэг пуужин харвасан нь түймрийг цурманд оруулахад маш их нэмэр боллоо. Ой хээрийн түймрийн 70 гаруй хувь нь иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсныг цагдаагийн байгууллагынхан тогтоож, хариуцлага тооцохоор ажиллаж байгаа тухай мэдээлэл ирүүлсэн.
-Гал түймрээс гадна ойг сүйтгэж байгаа нэг том аюул бол хортон шавьж. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Ойн хөнөөлт шавьжинд өртсөн 220.000 га талбайд нэн яаралтай тэмцлийн ажил явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө 6.6 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Уг ажлыг гүйцэтгэснээр ой дахин сэргэн ургах чадваргүй болохоос хамгаалж, хатаж, хуурайшин байгаль орчинд их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлэх юм.
-Хууль бус үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, аялал жуулчлалын компаниудын эрхийг цуцлах зэрэг хатуу шаардлагыг та тавьж эхэлсэн. Үүнээс үүдэж сүүлийн үед тань руу болон яамныхан руу зохион байгуулалттай дайрч, гүтгэх нь ихэслээ.
-Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн газар ашиглах эрх олгодог. Өөрөөр хэлбэл, төрийн газрыг түрээсээр түр ашиглуулж байгаа гэсэн үг. Тиймээс хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах учиртай. Би БОАЖ-ын сайдаар ажиллаж буй эх хүн, эмэгтэй хүний хувьд эх орныхоо уул, усны ариун дагшин байдлыг хадгалж үлдэхэд бүх л сэтгэл зүрхээ зориулан ажиллана. Улс орны болон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг учир ямар нэгэн компанийнхан над руу дайрахаас айж, шантрахгүй.
Бид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад эхнээс нь мэдэгдэл хүргүүлж, зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж, хугацаа өгсөн. Тухайлбал, МХЕГ-тай хамтран Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэнд ажиллаж буй компаниудыг шалгаж, үйл ажиллагааг нь хоёр сарын хугацаагаар зогсоож, зөрчлөө арилгах үүрэг өгсөн.
Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Гутайн даваа орчим хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу энд Би” компанийн ашиглалтын зөвшөөрлийг цуцалсан. Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээгээгүй “Урд хутлаг уул” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Туулын бургасыг их хэмжээгээр хядсан “Зүүн баян рефайнери” компани байгалийн унаган төрхийг алдагдуулсан гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцалсан.
Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсны дөрөв нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримтаа зохих ёсоор бүрдүүлээгүй, дутуу учраас Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, зөрчилтэй компаниудын үйл ажиллагааг зогсоогоод байна. Нөхөрлөл нэрийн дор иргэд Ерөө голын голдиролд зөвшөөрөлгүй алт олборлож байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлагыг Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгон дахь цагдаагийн байгууллагад хүргүүлсэн.
-Сайдын сүрээр далайлган Элэг судлалын үндэсний төвийн газрыг дээрэмдэж байна гэх мэдээллийг тус төвийнхөн өгч буй. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Ийм мэдээлэл гарсанд үнэхээр харамсаж байна. Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын үндэсний төв нь “Хүн ба байгаль” төслийг хэрэгжүүлэхээр 2001 онд Байгаль орчны яамтай гэрээ байгуулж, 2002 онд нэг га газар ашиглах эрх авсан байдаг. Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж газар ашиглах эрхээ таван жил тутам сунгуулах ёстой атал тэд найман жилийн дараа буюу 2010 онд л сунгуулах хүсэлтээ яаманд тавьсан юм билээ.
Түүнээс өмнө буюу 2008, 2010 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан хүмүүс тушаал гаргаж, төвийн ойр орчмын газрыг тодорхой компаниудад ашиглах эрх олгожээ. Тэдгээр компанийнхан газраа ашиглах гэхээр Элэг судлалын үндэсний төвийнхөн хүлээн зөвшөөрдөггүй, шүүхийн шатанд маргалдсаар 2012 онтой золгосон байна.
Тус төв орчимд газар ашиглах эрх авсан компаниуд асуудлаа хүсэлтээ салбарын сайдад удаа дараа тавьж байжээ. Ингээд хажууханд нь орших “Энигма” компанитай тохиролцсоны үндсэн дээр Н.Батцэрэг сайд 2016 онд орц, гарц гаргах, давхцал арилгах тушаал гаргасан байдаг. Ингэснээр тухайн компаниуд Газрын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, орц, гарцаа чөлөөлүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм билээ.
-Тус төв нь шүүхийн шийдвэрийн дагуу найман га газар ашиглах эрхтэй гэж байсан.
-Монгол Улсын рашаан, сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандартад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд найман га газар эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Элэг судлалын үндэсний төв анх 2002 онд нэг га газар ашиглах эрх авч, 2010 онд зөвшөөрлөө сунгуулах хүсэлт тавьсан. Энэ хугацаанд газрын төлбөр огт төлөөгүй.
Тухайн үед тус төвийн ойр орчимд ямар ч рашаан байхгүй, нөгөөтэйгүүр, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ цаг тухайд нь сунгуулаагүй талаар мэдэгдэхэд БОАЖЯ-ыг шүүхэд өгчээ. Шүүхээс 2012 хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх үүргийг манай яаманд өгсөн байдаг. Харамсалтай нь, хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр тус төвд найман га газар ашиглуулах боломжгүй гэдэг үндэслэлээр яам өнгөрсөн он хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
Харин миний бие өнгөрсөн оны аравдугаар сард А/169 тоот тушаал гаргаж, тухайн төвийг газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ цаг тухайд нь сунгуулаагүй байсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, өмнө нь ашиглаж байсан нэг га дээр нь нэмж 3.8 га газар ашиглах эрх олгосон. Харамсалтай нь, тус төвийнхөн одоо болтол шаардлагатай материалаа бүрдүүлээгүй учир газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй юм билээ. Гэтэл одоо энэ бүхнийг эсрэгээр ярьж буй нь үнэхээр ойлгомжгүй, бас харамсалтай байна.
-Элэг судлалын үндэсний төвтэй хаяа залгасан, Богдхан уулын амны 42 га газрыг ашиглаж буй “Энигма” компанийн гурван га газрын эрхийг цуцалж, автомашины цогцолбор, ариун цэврийн байгууламж, хогийн цэг байгуулах шийдвэрийг та гаргасан. Гэтэл “Энигма” компанийн биш, Элэг судлалын төвийн газар дээр цогцолборын ажлыг эхлүүлсэн. “Авто зогсоол барина гэдэг нь шоу, Элэг судлалын үндэсний төвийг дайруулан зам гаргаж буй компаниудын замыг засчээ” гэж яригдах боллоо.
-2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас Богд уулын аманд аялагчдад зориулсан цогцолбор байгуулах тогтоол гаргаж, газар чөлөөлөх үүргийг БОАЖ-ын сайд надад, санхүүжилтийг шийдэх үүргийг нийслэлийн Засаг дарга С.Батболдод өгсөн. Үүний дагуу би цогцолбор барих боломжтой газруудыг судлуулж, иргэдээс санал авсны үндсэн дээр “Энигма” компанийн ашиглаж буй гурван га газрыг нийтийн эрх ашгийн өмнөөс цуцлах шийдвэр гаргасан.
Гэтэл тус компанийнхан “Их сургууль барих газрыг дээрэмдэж, казино, зочид буудал байгуулах нь” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нийтлэл гаргаж байсныг хүмүүс санаж буй байх. Богдхан ууланд аялж, алхдаг хүмүүс, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж гаргасан шийдвэрүүд маань мөнгө, хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа учир намайг болон яамныхныг зохион байгуулалттай гүтгээд байх шиг байна.
Төр, засгийн зүгээс нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө түрээслүүлж буй газрынхаа эрхийг хэзээ ч цуцалж, бүтээн байгуулалт хийх эрхтэй. Тэгээд ч бид “Энигма” компанийн ямар нэг объект бүхий газрын эрхийг цуцлаагүй. Олон жил хоосон байсан газарт ард түмний шаардлагын дагуу, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн цогцолбор байгуулахаар болсон юм. Цогцолборын ажил нь Элэг судлалын үндэсний төвийн газарт нэвтрээгүй. “Энигма” компани МХЕГ-ын лацыг авч, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй атлаа газар шорооны ажил эхлүүлсэн байхтай бид өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж танилцсан юм. Үүнийг л мушгин гуйвуулж буй бололтой.
-Сүүлийн үед дотоодын аялагчдын даац хэтэрч, аялал жуулчлалын салбарт багагүй ачаалал үүсэх боллоо. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Монголчуудын амьжиргааны түвшин сайжрахын хэрээр жуулчин хүлээж авдаг орноос гадаад руу болон дотооддоо жуулчилдаг орон болж хувирсан. Аялал жуулчлал манайд шинэ тутам хөгжиж буй салбар гэдэг утгаараа учир дутагдалтай асуудал олон бий. Саяхан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын тусгай хамгаалалттай газрын 33 захиргааны даргатай уулзаж, хэлэлцүүлэг хийлээ.
Тусгай хамгаалалттай газрууд руу нэвтрэх хураамжаар улсын төсөв бүрдүүлдгийг өөрчлөх цаг болсон, хураамжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах шаардлагатайг тэд сануулсан. Тусгай хамгаалалттай газрын захиргаад руу нэвтэрч буй иргэдийн төлсөн мөнгөөр улсын төсөв бүрдүүлчихээд орон нутгийн захиргаанаас санхүүжилт хүсдэг байдлыг өөрчлөхийн тулд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг яаралтай батлуулах шаардлага тулгарч байна.
Тухайн захиргаад санхүүжилтээ шийдчихвэл жуулчдад тулгардаг асуудлууд үгүй болох юм. Нөгөөтэйгүүр, саяхан зурагтаар Эрхүү хотын захирагч монголчуудыг “Орчин үеийн зэрлэгүүд” гэж нэрлэснийг сонслоо. Сүүлийн үед монголчууд Байгал нуурыг олноор зорьж, тэнд хог хаяж, архидаж буйд нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Монголд ч ийм асуудал тулгарч байгаа. Жишээ нь, гал түймрийн 70 гаруй хувь нь хүмүүсийн болгоомжгүйгээс гарч буйг иргэд ухамсарлаасай.
-Өдгөө аялал жуулчлалын салбарт ямар ажлууд хэрэгжүүлж байна вэ?
-Хэрэгжүүлж буй ажил олон бий. НҮБ-тай хамтран Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт бага оврын цэвэрлэх байгууламж бүхий нийтийн бие засах газар барьж, ашиглалтад орууллаа. Энэхүү байгууламжийг тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын бүсэд жишиг болгохоор ажиллаж байна. Уг байгууламж нь өдөрт гурван тонн бохирыг 98.6 хувиар гүн цэвэрлэж, ариутган, 40 хувийг саарал ус болгон бие засах суултуурт дахин ашиглана. Хамгийн гол нь манай орны эрс тэс, хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирсон буюу 40 градусын хүйтэн, халуунд ажиллах боломжтой юм.
Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн уралдаан зарлахад архитекторын 12 баг оролцож, цогцолбор байгуулах ажлыг хамтран эхлүүлэхээр болсон. Монгол, Орос, Хятад гурван улсын Ерөнхийлөгчийн түвшинд ярилцаж тохирсон эдийн засгийн коридор байгуулах үйл ажиллагааны хүрээнд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бүс нутагт хөгжүүлэх “Цайны зам” төслийг эхлүүллээ. Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын II уулзалт энэ сарын эхээр Улаан-Үдэд болсон. III уулзалт ирэх жил манай улсад болно. Энэ мэтээр эхлүүлсэн ажлууд маань амжилттай хэрэгжиж байна.
Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Мөн энэ салбарт мөрдөж буй стандартуудыг олон улсын түвшинд хүргэн, шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу аялал жуулчлалыг баруун, зүүн, хангай, төв, говийн хэмээн бүсчлэн хөгжүүлэхээр судалж байгаа.
-Хог хаягдын тухай хуулийг саяхан шинэчлэн баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулахад хэрхэн анхаарч байгаа вэ?
-Хуулийг шинэчлэн батлуулсантай холбоотойгоор НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвтэй хамтран үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан.
Энэ нь Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, менежментийг сайжруулахад ихээхэн түлхэц болно. Энэ хүрээнд 2017-2030 онд хэрэгжүүлэх, Хог хаягдлын менежментийн алсын хараа, эрхэм зорилго, зургаан зорилт, 20 стратегийг олон улсын аргачлалын дагуу томьёолсон. Олон нийт, аж ахуйн нэгж, орон нутгийн засаг захиргаадад уг хуулийг таниулах үүднээс “Цэвэр сайхан орчин” сарын аян зарласан. Улсын хэмжээнд хог хаягдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор 19.537 иргэн, аж ахуйн нэгжид 89 удаа сургалт, семинар зохион байгууллаа.
Нийт дүнгээр 18.974 иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн 21.148 тонн хогийг цэвэрлэж, төвлөрсөн цэгт буулгасан тухай мэдээллийг холбогдох албаныхан ирүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгаар хог хаягдлын дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг зохицуулсан. Хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон. Тодруулбал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, менежментийг сайжруулах бүрэн эрх олгосон.
Нийтийн эдэлбэр газар, ногоон бүсэд хог асгахад ашигласан тээврийн хэрэгслийг хураах, хог хаягдал хаясан хүнийг нэг сая, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох заалт бий. Мөн хог хаяж байгаа тухай мэдээллийг өгсөн иргэнд мэдээлэл нь баталгаажсан тохиолдолд торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал өгөхийг хуульчилсан. Олон улсад баримталдаг “үүсгэгч нь хариуцах”, “бохирдуулагч нь төлөх” зарчмаар бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татах, дахин ашиглах, боловсруулахыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалттай болсон.