Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа
2017.08.28

Ш.Анхмаа: 2020 он гэхэд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 85%-д хүргэнэ

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 70 орчим хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443 нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсөх төлөвтэй байна.

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд 24 хороо цэцэрлэггүй байна. Бид 2020 он гэхэд хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартал нийцүүлэхээр төлөвлөж байна. Энэ жил цэцэрлэгт хамрагдалт өнгөрсөн жилийнхээс 7 хувиар нэмэгдсэн нь том алхам. Хувийн цэцэрлэгүүдэд байгаа орон тоог ашиглаж, улсын төсөвт 1.4 тэрбум төгрөгийг суулгаж өгснөөр бид 3087 хүүхдийн асуудлыг шийдлээ. Мөн 5 байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгууллаа. 30 гаруй хувийн хэвшлийн цэцэрлэг мөн нэмж байгуулагдсанаар цэцэрлэгийн хүртээмж 77.6 хувьд хүрсэн.” гэлээ.