Завхан аймгаас сонгогдсон гишүүд сонгогчидтойгоо онлайн ярилцлага хийлээ
2008.01.01

Завхан аймгаас сонгогдсон гишүүд сонгогчидтойгоо онлайн ярилцлага хийлээ

УИХ-ын Тамгын газраас 12 дахь удаагаа зохион байгуулж буй өнөөдрийн онлайн ярилцлагад Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Оюунхорол, С.Сайхансамбуу нар оролцож, “Завхан аймгийн 2010 оны төсөв”, “Хүний хөгжил сангийн тухай хууль” болон “Монгол мал хөтөлбөр” сэдвийн хүрээнд аймгийн удирдлагууд болон сонгогчидтойгоо санал солилцлоо.

Онлайн ярилцлагыг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үг хэлсэн бөгөөд тэрбээр орон нутгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийхийг урьж, Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятавт микрофоноо шилжүүлсэн юм.

Аймгийн Засаг дарга, УИХ-ын Тамгын газраас шинэлэг, сонирхолтой, техникийн дэвшил, хөгжлийг мэдрүүлсэн ажил зохион байгуулсны үр дүнд гишүүдтэйгээ шууд онлайнаар холбогдож байгаадаа талархал илэрхийлэв. Тэрбээр цааш нь орон нутгийн өвөлжилтийн байдал, цаг агаарын хүндрэл бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ялангуяа нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байгаагийн 20 хувь нь 16см-ээс дээш цастай төдийгүй “мөсөн ултай” байгааг онцолж байв. Хэдийгээр мал сүрэг тарга тэвээрэг сайн авсан ч яваандаа өвөлжилт улам хүндэрвэл өвс тэжээлийн фондыг хүртээмжтэй хуваарилахад санхүүгийн асуудлаа шийдэх эхний алхамуудыг хийсэн, түүнчлэн аймгийнхаа 114 багийн дарга нарыг цуглуулж, хүндрэл бэрхшээлтэй үед хэрхэн ажиллах талаар удирдамж өгсөн зэрэг цаг үеийн олон чухал асуудлыг хөндөн ярьсан юм.

Засаг дарга өвөлжилтийг даван туулахын тулд хөрш зэргэлдээ аймгуудтай найрсаг хамтын ажиллагаа тогтоон ажиллаж, эхний гэрээ хэлэлцээнүүдийг хийж эхэлсэн тухайгаа яриад, мөн орон нутгаасаа хол өвөлжиж буй малчдыг эргэж тойрох, туслах тал дээр Засгийн газраас шийдвэр гаргуулахад, өвс тэжээлийн фондыг тогтвортой ажиллуулахад, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг гишүүдээсээ хүссэн юм.

Гишүүд сонгогчидтойгоо онлайнаар ярилцах боломж олгосонд талархаад, 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, УИХ-аас батласан Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ирэх оны төсөвт анх удаагаа 10 тэрбум төгрөгийг суулгасан зэрэг мэдээллүүдийг өгч, Завхан аймгаас онлайн ярилцлагад оролцож буй аймгийн удирдлагууд болон сонгогчдын тавьсан асуултад хариулж, харилцан нээлттэй санал солилцов.

Өнөөдрийн онлайн ярилцлага хөдөөгийн тулгамдсан асуудлыг хөндсөн, шийдэл хайж, дүгнэлт саналаа илэрхийлсэн, цаг хөрөнгө хэмнэсэн, амжилттай ярилцлага боллоо гэж УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Шаравдорж хэлсэн билээ.

Онлайн ярилцлагад Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав, ИТХ-ын дарга Ч.Дэмчигсүрэн болон аймгийн бусад удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон бол УИХ-ын Тамгын газраас ЕНБД Ц.Шаравдорж, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр, Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн дарга Г.Чиндэгсүрэн, Тамгын газрын холбогдох ажилтнууд оролцлоо

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.