УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.09.08

Л.Оюун-Эрдэнэ: Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох ёстой

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын салбарт Д.Оюунхорол сайдтай хамтран ажилласан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн маш их хичээл зүтгэл гарган ажилласан. Дурдах нь зүйтэй болов уу. Гишүүн бүрт хувийн итгэл үнэмшил байна. Надад ч бий. Хувь хүн биш хууль засагладаг тогтолцооны төлөө байгаа учраас  Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан.

Монгол төрийн бодлого төрийн ордонд бус хэсэг компанийн оффис өрөөнд шийдэгддэг ийм тогтолцоо 65 суудал авсан ч гэсэн үргэлжилж буй нь Эрдэнэтийн асуудал дээр тодорхой харагдсан учир би энэ зүйлийг эсэргүүцэж гарын үсгээ зурсан.

Наанаа нам нам гэж байгаа ч цаанаа өөр намтай эвсээд хууль хяналтын байгууллагыг авчихсан мафижсан бүтэц өнөөдрийг хүртэл үе хөврөл нь хөврөөд байгаа учраас үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг явах нь улстөрийн сэв болж үлдэх нь гэсэн үнэмшил надад байгаа учир би эсэргүүцэж гарын үсгээ зурсан юмаа.

Концессыг буруутгаагүй, харин Засгийн газрын гишүүд нь ашиг сонирхол нэгтэй компаниуддаа өгснийг буруутгаж байна. Хүүхдийн мөнгө олгосныг буруутгаагүй, харин төсөвтөө тусгаж, УИХ-аараахэлэлцүүлээгүйг буруутгаж байна. Буруугаа бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Наадмын өмнө 49 хувьтай байсан рейтинг, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 13 хувь болтлоо унасан. Соёлтой нийгэмд Ерөнхий сайд уучлал гуйгаад огцрох ёстой.