Хүнсний салбарт төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын цогц тогтолцоо зайлшгүй шаардлагатай
2017.09.12

Хүнсний салбарт төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын цогц тогтолцоо зайлшгүй шаардлагатай

Өнөөдөр /2017.09.12/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн үндэсний чуулган  зохион байгууллаа.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн орлогч Аднан Кэрэши нар оролцсон юм.

Мөн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцож хүнсний салбарт тулгамдаж буй асуудлын талаар дуу хоолойгоо өргөлөө.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бөгөөд хүнсний аюулгүй байдал олон жил яригдсан ч шийдэлд хүрэхгүй удсаныг онцоллоо. Тэрээр: “Би элдэв нөхцөл шалтгаан тоочиж, номчирхолгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг энэ чуулганаас гараасай гэж ихэд хүсч байгаа. Төрийн бодлого нь уриа тунхагаас илүүтэйгээр тодорхой шийдлээр л дамжиж хэрэгждэг. Бид хүнсний аюулгүй байдал сайнгүй байгаа, импортоос ихээхэн хамааралтай байгаа, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал гэхчилэнгээр хэчнээн ч ярьж болно. Сайхан үгс хоол болохгүй” гэж хэлсэн юм.

Харин Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан хэлсэн үгэндээ: “Монгол Улсын төр, Засгийн газар, хувийн сектор, төрийн  бус байгууллагууд хүн амыг эрүүл чанартай хүнсээр хангах олон хөтөлбөр асуудлуудыг хэрэгжүүлж байгаа боловч хүнс өөрөө маш өргөн хүрээтэй, олон талын шавхагдашгүй, хойшлуулшгүй, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг дагуулж байдаг онцлогтой. Тиймээс энэхүү хэлэлцүүлэгт оролцогсод та бүхний хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж, гарц шийдлийг хамтдаа илэрхийлэхийг уриалж байна” гэсэн юм.

Хүнсний аюулгүй байдлын хэлэлцүүлгээс өмнө 3 өдрийн турш салбарын хуралдаанууд болж өнгөрсөн бөгөөд хуралдаанаас гарсан саналуудыг өнөөдрийн хэлэлцүүлгээр хэлэлцлээ.

Махны салбарын хувьд Монгол Улсын малын тоо өсөөд байдаг ч экспортын хэмжээ унаж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан. Учир нь монгол малын дунд халдварт өвчин гарч, малын үржүүлэг болон махны боловсруулалт, хадгалалт стандарт, нормативын дагуу явагддаггүй учраас экспортын түвшин бага байдаг аж. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ОХУ, БНХАУ, Вьетнам, Иран зэрэг цөөн оронд бага хэмжээгээр бүтээгдэхүүн гаргаж буй. Гэвч хил, гаалийн татвар өндөр, Тухайлбал, ОХУ руу мах гаргахад хил, гаалийн хураамж 32 хувь, маш өндөр байдаг аж.

Сүүний салбарын хувьд хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрдээгүй, тоног төхөөрөмж муу, улирлын хамаарлаас шалтгаалан үйл ажиллагаа доголдож эргэлтийн хөрөнгө багасдаг. Мөн боловсруулах, хадгалах, тээвэрлэх, худалдах шатандаа эрүүл ахуйн нөхцөл алдагддаг. Үндэсний бүтээгдэхүүн худалдан авдаг хэрэглэгчдийн соёл төлөвшөөгүй байгаа юм.

Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ зун гантай байснаас шалтгаалж 270 орчим мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд ирэх жилийн хэрэглээнд 200 гаруй мянган тонн буудай дутах учир үүнийг ОХУ-аас нөхөж авахаар тооцоо хийж байгаа талаар ярьлаа. Мөн хүнсний эмзэг бүтээгдэхүүний нэг болох бялуу үйлдвэрлэлийн салбарт далд үйлдвэрлэл идэвхжиж, үүнийг хянаж чадахгүй байгаагаас хэн, хэзээ үйлдвэрлэсэн, хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн ихэссэнийг онцоллоо.

Салбар тус бүрт тулгамдаж буй бэрхшээлүүдээс гадна шууд аваад хэрэгжүүлэх бэлэн хүнсний салбарын үйл ажиллагааг бүрэн хангахуйц тогтолцоо Монгол Улсад байхгүй байгаа нь нэн тэргүүний тулгамдсан асуудал гэдгийг оролцогсод хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд талууд дотоодын үйлдэрлэлээр хангаж чадах гурилан бүтээгдэхүүн, ургамлын тосыг гаалийн татварын бодлогоор дэмжих, хилээр орж ирж буй импортын бүтээгдэхүүний татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн санал нэгдэв. Мөн хүнсний салбар, түүний аюулгүй байдлыг хангах тал дээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлсэн төлөвлөгөө гаргах шаардлага байгаа юм.

Чуулганы төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөмж хүргэв.

Үүнд:

 Эрх зүйн хүрээнд:

  1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шинэчлэх хүрээнд: Баталгаагүй хоол хүнсний талаарх ноцтой мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгааг хуулийн хүрээнд үнэ төлбөргүй бүх телевиз, радиогоор тогтсон цаг хугацаанд явуулдаг байх, эрүүл бус хүнсний талаарх зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

  2. Хүнсний шим тэжээлийн тухай хуулийг боловсруулах;

  3. Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс болсон монгол малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх үндэсний аян санаачлан хэрэгжүүлэх;

  4. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол, хүнс, сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны асуудлыг хууль эрх зүй, тогтолцооны хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангаж байхаар шийдвэрлэх;

  5. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайшилтийн цар хүрээ нэмэгдэж, үржил шимтэй газар нутгийн хэмжээ багасч байгаатай холбогдуулан хамгийн үржил шимтэй газар нутаг болох Дорнодын Халх голыг Газар тариалангийн “үүц” газар болгон хадгалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Засгийн газарт:
  1. Хилийн боомт дээрх хүнсний хяналтын лабораторийг байгуулах, чадавхжуулах;

  2. Хүнсний сүлжээний бүх үе шатуудад зохистой дадлыг заавал нэвтрүүлж мөрдөх;

  3. Монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хоногт авах сүү, цагаан идээний зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Үдийн цай” хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд “өдөрт нэг аяга сүү”, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг 200 граммд хүргэх арга хэмжээг дэмжин хэрэгжүүлэх;

  4. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих банкны уян хатан нөхцөлтэй урт, богино хугацааны зээл олгох талаар судлах;

  5. Лабораторийн хог хаягдлыг устгах хүрээнд химийн хортой болон аюултай хог хаягдлын менежементийг сайжруулах, устгах байгууламж байгуулах;

  6. Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн нэгдсэн, оновчтой тогтолцоо бүрдээгүй, жирийн тариаланчдаас худалдааны сүлжээ байгууллагуудад хүргэх оновчтой ложистикийн тогтолцоог бүрдүүлэх;

  7. Арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь хөрс, хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг бохирдуулж байгаатай холбогдуулж арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах.

Хүнсний хяналтыг дээшлүүлэх:
  1. Импортын хүнсний бүтээгдэхүүнийн гарал үүслийн бүртгэлжүүлэлтийн хяналтыг чангатгах;

  2. Хүнсний хяналтын бүтэц зохион байгуулалт, тогтолцоог сайжруулах хүрээнд Хүнс, эмийн агентлагийг байгуулах.

Хэрэглэгчдийн хүнсний тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр:
  1. Хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хоол, хүнсний талаарх хичээл оруулах;

  2. Хүн амын эрүүл мэндийн болон хүнсний хэрэглээний боловсролыг сайжруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх;

  3. Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудад шилжүүлж, салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц бололцоог ашиглах хэрэгтэй байна” гэсэн байна.