Өнгөрсөн жилийн хугацаанд хамгийн идэвхтэй ажилласан байнгын хороо
АБГББХ-ны гишүүд
2017.09.21

Өнгөрсөн жилийн хугацаанд хамгийн идэвхтэй ажилласан байнгын хороо

Шинэ парламент байгуулагдсанаасаа хойш нэг жилийн хугацаанд хоёр удаагийн ээлжит чуулганаар нийт 40 гаруй хуулийг баталжээ. Үүнээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нийт 13 хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж, УИХ-аар батлуулсан байна.

Тус байнгын хороог УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр даргалдаг бөгөөд, 18 гишүүнтэй. Үүнд Т.Аюурсайхан, О.Баасанхүү, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Х.Нямбаатар, Ц.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, О.Содбилэг, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар ордог.

1. Олон улсын гэрээний тухай хууль

2016.12.01-нд баталсан.
2017.01.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Хуулийн төсөлд Засгийн газраас гадаадын хуулийн этгээд, иргэнтэй байгуулах, олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулагдах бизнесийн хэлцэл, гэрээнд энэ хууль үйлчлэхгүй гэж заажээ. Мөн олон улсын гэрээ үйлдэх хэл, орчуулга гэсэн шинэ зохицуулалт оруулж, энэ хүрээнд хоёр талт болон олон талт гэрээ хийхдээ юуг мөрдлөг болгохыг зааж өгчээ.

МОНГОЛ УЛС 290 ОЛОН ТАЛТ ОЛОН УЛСЫ ГЭРЭЭ, 1500 ХОЁР ТАЛТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭТЭЙ.

2. Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль

2016.09.01-нд баталсан.
2016.09.01-нд хэрэгжиж эхэлсэн.

2015 онд батлагдсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигтэй уялдуулан боловсруулсан Батлан хамгаалахын багц хууль нь энэ салбарт эрх зүйн шинэчлэлт хийж байгаагаараа онцлог юм. Батлан хамгаалахын багц хууль гэдэгт Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд багтана.

3. Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

2017.01.26-нд баталсан.
2017.06.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Уг хуулиар дипломат ажилтан, түүний гэр бүлийн нийгмийн асуудлыг бүрэн шийджээ. Дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтны цалин хөлсийг суугаа орны амьжиргааны өртөг ,амьдралын нөхцөлийг харгалзан Засгийн газар 3 жжил тутам шинэчлэн тогтоохоор болжээ. Мөн энэ хуулийг баталснаар дипломат албан пасдорттой иргэд галт зэвсгийн наймаанд холбогдох зээрг олон зөрчлийг залруулах боломжтой болжээ.

НҮБ-ын 193 бүрэн эрхт гишүүн орнуудаас Монгол Улс 186-тай нь дипломат харилцаатай.

4. Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

2016 оны 09 сарын 01-нд баталсан.
2016 оны 09 сарын 01-нд хэрэгжиж эхэлсэн.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хөдөлгөөн болох Парисын хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээж байна.

Уг зорилгоо биелүүлэхийн тулд эрчим хүчний үр ашгийг 5,3 хувиар, цахилгаан дамжуулах, түгээх үеийн алдагдлыг 5,9 хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, нийт чадалд эзлэх хувийг 30 хувьд хүргэх, барилгын дулаан алдагдлыг 40 хувиар бууруулж, шинээр баригдах дулааны цахилгаан станцуудад өндөр технологи ашиглахаар болжээ.

хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаагаар агаарын бохирдлыг ч мөн тодорхой хэмжээнд бууруулах болмжтой юм.

5. Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай

2016.11.24-нд баталсан.
2016.11.24-нд хэрэгжиж эхэлсэн.

Далайд гарцгүй орнууд “Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр”-т нэгдсэнээр худалдаа, тээврийг хөнгөвчлөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд гадаад худалдааны зардал 13.2-15.5 хувиар буурч, экспорт 13.8-22.3 хувь хүртэл нэмэгдэх боломжтой аж.

ДХБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр нь буюу 110 гишүүн нэгдэн орсноор уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд одоогоор 164 орноос 96 нь нэгдээд байгаа юм.

6. Төрийн болон албаны нууцын тухай хууль

2016.12.01-нд баталсан.
2017.09.01-нд хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо боловсронгуй болж мэдээллийн нууцлалт, хадгалалт шинэ шатанд гаржээ. Төрийн бодлогын хүрээнд есөн төрлийн мэдээлэл, эдийн засаг, технологийн хүрээнд дөрөв, батлан хамгаалах хүрээнд 15, тагнуул, сөрөх тагнуул, хууль сахиулах хүрээнд 18, мэдээллийн аюулгүй байдлын болон бусад хүрээнд 14 гээд нийт 5 хүрээнд 32 төрлийн мэдээллийг төрийн нууцад хамааруулээ.

Төрийн нууцын тухай хуулийг анх 1995 онд баталж, түүнээс хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

7. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай

2016.11.04-нд баталсан.
2016.11.24-нд хэрэгжиж эхэлсэн.

Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэгэцээ, шаардлага их байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд 40 сая еврогийн “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулжээ.

Энэхүү хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, байгаль орчин, хог хаягдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэх юм.

Хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая евро нь 18 жилийн хугацаатай, хүүгүй, эхний таван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.

8. Гамшгаас хамгаалах тухай хууль

2017.02.02-нд баталсан.
2017.02.27-нд хэрэгжиж эхэлсэн.

Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчилснээр гамшгаас хамгаалах тогтолцоо оновчтой болж, албан хаагчдын сахилга хариуцлага сайжрахын зэрэгцээ гамшгийн эрсдэл буурах боломж бүрдсэн байна. Мөн хуульд онцгой байдлын албан хаагчдын нийгмийн хамгаалал, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх тодорхой зохицуулалтыг тусгаж өгчээ.

Олон улсын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашигладаг нэр томъёог өөрийн орны онцлогт нийцүүлэн, нөр томьёоны давхцалыг арилгаж, ойлгомжтой байдлаар цэгцэлжээ.

Хуулиар орон нутгийн төсвийн 1 хувийг гамшгаас хамгаалахд зориулахаар тусгажээ.

Зургаан жилийн өмнө Монгол Улсад газар хөдлөлтийн чичирхийлэл 600 бүртгэгдсэн бол 2016 оны байдлаар 2600 хүртэл нэмэгджээ.

9. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспотыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

2016.11.24-нд баталсан.
2016.11.24-нд хэрэгжиж эхэлсэн.

“Экспортыг дэмжих төсөл” нь уул уурахйн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх болмжийг нэмэгдүүлэх зорилготой. Уул уурхайн бус салбар гэдэгт жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийг салбаруудыг хамруулж байна.

Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр жилийн 1.25 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 25 жил байхаар хийжээ.

10. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

2017.05.31-нд баталсан.
2017.05.31-нд хэрэгжиж эхэлсэн.

Тус зээлийн хэлэлцээрээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг дэмжихээр Энэтхэгийн талтай тохиролцжээ. Ингээд Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтсон байна.

Зээлийн хэмжээ 1 тэрбум ам.доллар бөгөөд жилийн 1.75 хувийн хүүтэй 20 жилийн гэрээ юм.

Нефтийн үйлдвэр байгуулбал 11 жилийн дотор өөрийнхөө өртгийг бүрэн нөхөөд, цаашид ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

11. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль

2017.06.09-нд баталсан.
2017.06.09-нд хэрэгжиж эхэлсэн.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлийг өөрчлөх талаар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Засгийн газар санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон.

Зээлийн хэмжээ 1 тэрбум ам.доллар бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй, 20 жилилйн хугацаатай зээл юм.

12.  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

2017.06.09-нд баталсан.
2017.06.09-нд хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү экспортын зээл нь 50 сая еврогийн хэмжээтэй, жилийн 0,15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх аж.

Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил байсныг 28 жил, төслийн гэрээний үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлнэ гэснийг 100 хувь зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгажээ.

13. Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан 'Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил' төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

2017.06.09-нд баталсан.
2017.06.09-нд хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2017 оны хооронд хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгаас сонгож авсан 89 сум хамрагдаж, нийтдээ 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлсэн байна.

Төслийн эхний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр төслийг цаашид үргэлжлүүлж бусад аймаг, сумдыг хамруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулахаар төлөвлөжээ.

Төслийн нэмэлт санхүүжилт нь нийт 9.06  сая ам.долларын хэмжээтэй, жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,7 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тооцоолсон байна.

Эдгээр хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2017 оны 6 сарын 15-нд vip76.mn сайтын редакциас эрхлэн гаргасан УИХ-ын Тайлан сэтгүүлээс хүлээн авна уу. 

УИХ-ын Тайлан #1 сэтгүүл