Ц.Сандуй: Олон нийтийн дунд үүссэн эргэлзээг нэг тийш болгохын тулд би чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 11-р хурал яг одоо үргэлжилж байна. Тус хурлаар НИТХ-ын шинэ даргыг тодруулах юм. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 44 нь хуралдаа иржээ.
Хурлын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэллээ.
Ц.САНДУЙ: АМЖИЛТ, ОЛОЛТ, АЛДАА ДУТАГДАЛ БАЙВАЛ БИД БҮГДИЙНХ БАЙХ УЧИРТАЙ
Миний бие НИТХ-ын дарга хэмээх хүндтэй албан тушаалыг хүлээж авснаас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүтсэн НИТХ, түүний тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл 37 удаа хуралдаж, 174 асуудлыг хэлэлцэн, шийдэврлэж шуурхай ажиллаа.
НИТХ-ын даргын хувьд Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхагийг мөрдлөг болгон хотын хөгжлийн асуудлыг иргэд, оршин суугчид бие даан шийдвэрлэх шинжлэх ухаанч хандлагыг нутагшуулахад анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ. НИТХ, тэргүүлэгчид бид хамтдаа чамгүй ажлыг хийж хэрэгжүүллээ.
2017 оны улс, нийслэл, дүүрэг гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 49 цэцэрлэг шинээр ашиглалтанд орж, цэцэрлэгт хамрагдагсдын хангамж 76 хувиар өсчээ. 3 ээлжээр хичээллэж байсан сургуулийн тоо гурваар аар буурлаа.
Өнгөрсөн онд НИТХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан төдийгүй төрийн болон төрийн бус иргэний нийгмийн байгууллага, шашны байгууллагаас гаргасан санал санаачилга, тавьсан хүсэлтийг дэмжих тал дээр илүү хамтран ажилласан гэж бодож байна.
2012 оны НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээж, гишүүд дэмжигчид намын ажлаас дайжиж хөрөнгө, санхүү бага, үйл ажиллагаа явуулах өөрийн байргүй Нийслэлийн МАН-ыг удирдах даалгавар хүлээн авч, миний бие журмын нөхөдтэйгөө хамтран зүтгэж, иргэдийн итгэлийг сэргээн, сонгогдын дэмжлэгийг авахын төлөө хүчин чармайлт гаргасны үр дүнд 2016 оны УИХ-ын нийслэлийн болон орон нутгийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, эрх баригч хүчин болж бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх боломж бүрдсэн билээ.
2016 оны сонгуулиар нийслэлийн МАН-аас нэр дэвшигчид НИТХ-ын 45 суудлын 34-ийг авч ялалт байгуулснаар “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Жил гурван сар урт хугацаа мэт боловч хотын хөгжлийн төлөө, 1,3 сая иргэний эрх ашгийн төлөө томоохон бодлого, бүтээн байгуулалт, зорилтыг хэрэгжүүлэхэд дэндүү богино хугацаа байлаа.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлог нь хамтын шийдвэр гаргадаг, бодлого зорилтоо хамтран тодорхойлдог, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хамтын хариуцлага хүлээдэг байгууллага. Амжилт, ололт, алдаа дутагдал байвал бид бүгдийнх байх учиртай.
Гэвч улстрөрийн сонгуульд нэг баг болж, ялалтын төлөө гар гараа барин алхсан журмын нөхдийн зүгээс эрх мэдэлд шунахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор гүтгэлэг, дайралтыг удаа дараа зохион байгуулалттайгаар хийж, нэр төрд халдаж, итгэл сэтгэл рүү минь ус цацах явдал бишгүй байлаа.
27 жилийн өмнө Монгол Улс ардчиллын замыг сонгохдоо хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг тунхаглаж, хэн нэгнийг шүүхээр гэм буруутай гэж тогтоогдоогүй байхад нэр төрд нь халдахгүй байхыг тунхаглан зарласан. Гэтэл НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид НИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдаанаар шийдсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Төлөөлөгчдийнхөө шаардлагыг хүндэтгэж үзсэний зэрэгцээ олон нийтийн түвшинд эргэлзэж буй асуудлыг нэг талд болгох үүднээс би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.
Хурлын төлөөлөгчдийн шаардлагад дурдсан хариуцлага хүлээх үндэслэл болоод буй 60 тэрбумын гэх асуудлаар миний бие хууль, хяналт АТГ-т 10 гаруй удаа мэдүүлэг өгсний зэрэгцээ 2016 оноос хойш нэг жилийн хугацаанд цагдаа, хуулийн байгууллагад гурван удаа шалгагдаж, уг хэрэг хэрэгсэхгүй болсон төдийгүй Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр ч гэм буруугүй гэдгийг тогтоосон.
НИТХ-ын дарга хуулиараа хэнийг ч албан тушаалд томилдоггүй, чөлөөлдөггүй. Энэ утгаараа НИТХ-ын дарга миний бие төрийн албыг наймцаалцаж, мөнгө босгодог хүн биш гэдгийг та бүхэн төвөггүй ойлгоно.
Хуулийг мэдсээр байж мэдэн будилж, улстөржүүлж болохгүй. Хариуцлагаар халхавч хийж, муу муухай бүхнээ хэн нэг рүү чихэж, өөрсдөө уснаас хуурай гарах арга саам сүвэгчилж, улс хотод бий болсон эерэг үйл явцыг үгүйсгэн харлуулахыг санаархагчид манай нам төлөөлөгчдийн дотор тодрон гарч ирлээ.
Зүгтгэсэн нь буруудаж, айхилсан нь зөвдөж, буруутан хайх ажиллагааг манлайлж байгаа нь хачирхалтай. Багаар нүүрээ халхлагчид шударга иргэний дүрд хувирч, улиг болсон мэдээллээр бамбай хийж, тэр ч бүү хэл улс төрийн өөр хүчин, тэдний төлөөлөлттэй сүлбэлдэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үгэн дайн өдөөж байна. Хүнд итгэх итгэл, мөс чанар, жудаг үгүй болж байна. Ийм зохисгүй үйлдлийн жишээг хурлын төлөөгчид үзүүлж, өөрдсийн тарыг олон нийтэд таниулж буй нь тун харамсалтай санагдаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн 7 дүүрэгт ялагдал хүлээснээр манай намаас нэр дэвшигч энэхүү сонгуульд ялагдахад нөлөөлжээ гэж үзэн, улстрийн хариуцлагыг нийслэлийн МАН, НИТХ-ыг удирдаж байгаа хүний хувьд хүлээх нь зүйд нийцнэ.
МАН өнөөдөр эрх баригч хүчний хувьд хотын хөгжлийн үзэл баримтлал, бодлого зохион байгуулалт, үйл ажиллагааны нэгдэл хамгаас чухал байгааг би өөрийн шийдвэр гаргахдаа бодолцож үзлээ. Ийм ч учраас би УИХ нийслэл, орон нутгийн сонгуулийн ялалтын буухиагаа хамтран зүтгэсэн журмын нөхөддөө хүлээлгэн өгөх зорилгоор албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанд гаргаж байна.