“Улаанбаатар” олон улсын IX кино наадам эхэллээ
НЗДТГ орлогч Ш.Анхмаа
2017.10.12

“Улаанбаатар” олон улсын IX кино наадам эхэллээ

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэж, тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадам өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн наадмыг найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарч, албан ёсны нээлтээ “Corporate Hotel & convention center”-т хийх юм. Бусад төрөлд шалгарсан кино бүтээлүүд энэ сарын 12-нд Монгол кино хөтөлбөрийн үеэр Тэнгис кино театрт  үзэгчдийн  хүртээл болно.

Кино наадмын онцлох орноор АНУ сонгогдсон бөгөөд “Америкийн кино өдөрлөг”-ийг энэ сарын 11-нд АНУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулах юм. Америкийн кино өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “She Started it” баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра Монголд айлчилж, олон нийттэй нээлттэй ярилцлага хийх аж.

Мөн өдөрлөгийн үеэр Америкийн кино найруулагч, продюсер Тони Гэрбэр Монголд айлчлан, олон улсын хамтарсан кино уран бүтээл туурвих туршлагаасаа хуваалцаж, Монголын уран бүтээлчдэд зориулан хоёр өдрийн сургалт явуулна.

Монголын Урлагийн Зөвлөл уламжлал ёсоор Канн, Берлин, Бусан, Фрайбург, Казан, Весул зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Бразил, Бельги, Герман, Замби, ОХУ, Франц, Тайвань зэрэг орны кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн наадмын олон улсын хөтөлбөрийн хүрээнд Бельгийн кино найруулагч Питер Бросэнсийг онцолж, кино найруулагч Д.Төрмөнхтэй хамтран бүтээсэн “Нохойн Орон”, “Хадаг”, “Тав дахь улирал” киног  үзэгчдэд толилуулахаас гадна уран бүтээлчидтэй уулзалт зохион байгуулах юм байна.