2011.01.11

Ж.Сүхбаатар: Үндсэн хууль болон харшлах шийдвэр гаргасан гэж үзэхгүй байгаа

Сэтгүүлчдэд цензуртэй мэдээлэл өгөх тухай хууль буюу УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан.Тус ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ахалж байгаа юм. Тус ажлын хэсэг өчигдөр хуралдаад УИХ-ын даргад асуудлаа танилцуулах ёстой байлаа. Байнгын хорооны хурал хаалттай өрнөх тухай хууль хэр оновчтой талаар Ж.Сүхбаатар гишүүнтэй ярилцлаа.

-Ажлын хэсэг дээр ярьж буй асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Их хурлын даргын захирамжаар УИХ-ын дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дээр сэтгүүлчдээс тавьсан асуудал л яригдаж байна. Ажлын хэсгийн зарчим бол хувилбаруудаа боловсруулна. Ажлын цаг дуусахаас өмнө саналаа тодорхой болгож нэгтгээд УИХ-ын даргад асуудлаа танилцуулах ёстой. Үүний дараа л та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой. Одоогоор эцэслэж,томъёоллоо дуусгаагүй байна.

-Хууль  санаачилсан гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа учир зарим нэг асуудал дээр санал зөрөлдөж байгаа болов уу?

-Санал зөрөөд байгаа юм алга. УИХ Үндсэн хууль болон бусад хуульд харшлахаар шийдвэр гаргасан гэж үзэхгүй байгаа. Та бүхний хувьд алдаа гаргалаа гэж гомдоллож байна. Нөхцөл байдлаа авч үзээд ямар шийдэл одоогийн нөхцөлд зөв байна вэ, асуудлаа ямар арга замаар шийдээд явах, цаашдаа яаж зохицуулах ёстой юм бэ гэдэг дээр санал бодлоо солилцсон. Хуулийн энэ заалт ач холбогдолтой юм, нөгөө талаараа цаг хугацааны хувьд, нийгмийн сэтгэл зүйг ч харгалзаж үзэх асуудал бий. Санал зөрөлдөх гэхээсээ илүүтэй ажлын хэсгийн гишүүд яригдаж байгаа асуудал дээр өөр өөрсдийн хувилбараа дэвшүүлж байгаа. Үүнийгээ ч сонссон. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд шийдэх хэлбэр рүү нь томъёолол болгож хувиргаад түүн дээрээ нэгдэж байна уу гэдгийг гишүүдээсээ асуугаад явчихна.

-Хаалттай хуралдахаа боль гэсэн шаардлага тавьж байгаа. Хуультогтоох дээд байгууллагын гишүүнийхээ хувьд  ямар   байр суурьтай байна вэ?

-Ер нь, нээлттэй хуралдаан гэж юу вэ. Та мэдээллийн эрх чөлөөг юу гэж ойлгодог вэ,

ямар тохиолдолд мэдээлэл хаалттай болдог вэ гэдгийг хариулмаар байна. Мэдээлэл олж авах нь хаалттай болсон гэж тайлбарлаад байгаа.Гэтэл тухайн үйл явдлыг сэтгүүлч өөрийн  нүдээр

хараагүй, биечлэн байлцаагүй бол мэдээлэл авах эрх хаагдсан гэж үзэх үү, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ.Хуулийн  зохицуулалтаар биечлэн өөрөө байлцахгүй байх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл авч орох асуудалд хаалт  тавьсан. Түүнээс хуралдааны дэлгэрэнгүй нээлттэй. Олж  авахад хориглосон зүйл байхгүй. Хэн гэдэг гишүүн юу хэлэв гэдгийг протоколоос харж болно. Цаашдаа Байнгын хорооны үйл явцыг хэсэгчлэн таслах биш бусад оронтой адил нэг камераар бичиж олон нийтэд хүргэх зорилготой.

-Парламент нээлттэй байх зарчмаасаа ухраад байх шиг?

-Нээлттэй байдал гэж юу юм бэ гэхээр биечлэн сонсох төдийгүй тухайн  баримт бичигтэй танилцах олж авахад саад учрахгүй байх явдал гэж ойлгож байгаа. Гэтэл үүн дээр ялгаа гарч байгаа нь мэдээллийн нээлттэй байдал, ил тод байдал, мэдээлэл олж гээд ойлголтын зөрүү л үүсээд байгаа хэрэг. Дэлхийн олон оронд Байнгын  хорооны хуралдааныг сурвалжлах процесс бидний зохицуулснаар л байгаа.

-Зөвхөн хуралдаан даргалагчийн үгээр олон нийтэд мэдээлэлтүгээнэ гэдэг дэндүү өрөөсгөл. Бодит мэдээлэл хүрч чадахгүй?

-Бусад оронд мэдээллийн эрх чөлөө үнэхээр хязгаарлагддаг ч хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ тухайн улс парламентын ардчилал нь өндөр төвшиндгэж үнэлэгдэж байгаа.

-Гэтэл манай  улсын парламентад ийм бололцоо алга?

-Бид ч гэсэн бүрдүүлж ажиллахаар тооцож үүнийг хийсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.