Д.Сарангэрэл: Би эрүүл мэндин салбарт шинэ хүн биш...
2017.10.30

Д.Сарангэрэл: Би эрүүл мэндин салбарт шинэ хүн биш...

Эрүүл мэндийн сайдаар томилогдоод долоо ч хоноогүй байгаа Д.Сарангэрэл сайд өчигдөр өглөөний 9:30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв дээр хүрэлцэн очиход тус төвийн дарга Ц.Лхагва, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг нар угтан авч эмнэлгийнхээ үйл ажиллагаатай танилцуулж, тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, зайлшгүй шаардлагатай байгаа эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийн талаар танилцуулсан юм. Д.Сарангэрэл сайдын хувьд ажилдаа ханцуй шамлан орж, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж эхлээд байгаа нь энэ. Сайд Чингэлтэй дүүргийн дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахаар хөдөлсөн юм. Энэ үеэр нь түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Та Эрүүл мэндийн сайдын ажлаа хүлээж аваад тав дахь хоногтоо дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж эхэлж байна. Мэдээж хүндрэл бэрхшээл, зайлшгүй шийдвэрлэх ёстой олон асуудлын зах зухаас нь сонсов уу?

-Тийм ээ. Мэдээж Монголын эрүүл мэндийн салбарт маш олон тулгамдсан асуудал байгааг хэн хүнгүй мэдэж, мэдэрч байгаа. Шинээр томилогдсон сайдын хувьд энэ салбарт хамгийн хурцаар тулгамдаад байгаа асуудлуудын гарц шийдлийг олохоос ажлаа эхлүүлээд явж байна. Одоо удахгүй жил бүр дэгддэг Томуу томуу төст өвчлөлийн дэгдэлт нэлээн ноцтой хэмжээнд тархаж болзошгүй.

Ерөнхийдөө амбулаторид үзүүлж байгаа хүүхдүүдийн 10-аад хувьд энэ өвчлөл тархаад ирвэл түүнийг дэгдэлт гэж үздэг. Одоогоор Томуу томуу төст өвчлөлийн хувь 4.3 хувьтай явж байна. Ер нь бол Олон улсын байгууллагуудын зүгээс өгч байгаа анхааруулга, таамаглалаас үзвэл энэ жилийн Томуу томуу төст өвчлөлийн тархалт нэлээн хүндэрч болзошгүй вирусын тархалттай байгаад бид бүхэн ноцтой дүгнэлт хийж, бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай байна.

Энэ ч үүднээс гэр хороолол ихтэй, өвөлдөө агаарын бохирдол, утаа тортог ноцтой байдалд хүрдэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өнөөдрийнхөө ажлыг эхлүүлж байгаа нь учиртай юм.

Энэ дүүргийн 19 хорооны айл өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байгаагаас өвөлдөө утаа тортогийн голомт болж, үүнээс үүдэн Томуу томуу төст өвчин ноцтой байдалд хүрдэг юм билээ.

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт бүртгэлд хамрагдсан 16 хүртэлх насны 51 мянган хүүхэд байгаа.

Тэгвэл бүртгэгдээгүй 170 мянга шахам хүүхэд байгаа тухайд надад танилцуулсан нь ихээхэн ноцтой тоо юм. Эдгээр тооноос харвал хүүхдүүд ханиад хүрвэл хүндрэх магадлал өндөр гэж үзэж байна. Яагаад гэвэл утааны голомтод байгаа учраас. Тиймээс Томуу томуу төст өвлөлийн оргил ачааллаас урьтаж бэлтгэлээ маш сайн хангасан байх ёстой юм.

Харин манай Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв эдгээр бэлтгэлээ маш сайн хангасан байна гэж Эрүүл мэндийн сайдын хувьд байдалтай газар дээр нь танилцаж мэдлээ. Би эмнэлгийн дарга Ц.Лхагва, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг нарт талархаж байна. Яагаад гэвэл бусад эмнэлгүүдэд үлгэр жишээ болохуйц зохион байгуулалтуудыг хийсэн байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийнхээ нөөц орон зайг ашиглан ор дэлгэх бэлтгэлээ хэдийнэ хийчихсэн байна. Шаардлагатай бол том хүний орыг дэлгэж хүүхдүүдэд зориулах бэлтгэлээ ч хангаж. 

-Сая эмнэлгийн дарга Ц.Лхагва, болон Эмчилгээ эрхэлсэн орлогч Х.Чинзориг нар зарим нэн шаардлагатай багаж хэрэгсэл дутмаг байгаа талаар танилцууллаа. Сайдын хувьд ямар тоног төхөөрөмжийн асуудлыг газар дээр нь шийдэв? 

-Энэ эмнэлэгт өнөөдрийн байдлаар мониторингийн аппарат нэн шаардлагатай байгаа юм байна. Тэр аппарат нь тухайн хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг хянаж шалган харж байдаг.

Тэгээд сая газар дээр нь манай Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын даргаБуянжаргал маань Эрүүл мэндийн яам болон бусад газруудтай холбогдон өнөөдрийн дотор нэг мониторингийн аппарат, нэг тариурын шахдаг аппарат, мөн хүчилтөрөгчийн нэг аппаратыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлэхээр боллоо. Цаашид зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр Томуу томуу төст өвчлөлийн оргил үед энэ эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах болно. 

-Эрүүл мэндийн яам бол шийдэгдээгүй хуримтлагдсан маш олон асуудалтай газар. Тухайлбал хэдэн жил дамнаж байгаа Түлэнхийн төвийн барилга, Яармагийн эмнэлэг гээд дуусаагүй барилгуудын асуудал байдаг бол ЭХЭМҮТ, Шүүх эмнэлэг гээд эмч ажиллагсад нь ажилдаа хайхрамжгүй, өвчтөнүүдтэй тангараг өргөсөн эмчийн ёсоор ханддаггүй газрууд нэлээн бий. Эдгээр асуудлыг яаж шийдэх гэж байна?

-Та хамгийн чухал, ноцтой гэж болохуйц асуудлуудыг хөндлөө. Өнөөдөр Эрүүл мэндийн салбарт дуусаагүй хэдэн он дамжсан 19 барилгын асуудлыг яаралтай шийдэх тулгамдсан зорилт бий.

Тэдгээр дотор таны саяын дурдсан Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа ахмад настнуудын сувиллын байр байна. Дээр нь хүүхдийн болон амаржих газрын барилга, Түлэнхийн төвийн байрууд орно. Би Эрүүл мэндийн сайдын хувьд эдгээр барилгуудыг ашиглалтад оруулахын төлөө ихээхэн анхаарч ажиллана.

Хамгийн гол нь өнөөдөр Эрүүл мэндийн салбарт зориулалтын эмнэлэг дутагдаж байгаа байдал нь эргээд ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг нормативынх нь дагуу үзүүлж чадахгүйд хүргэж байна. Байдал иймэрхүү ноцтой хэмжээнд хүрээд байгаа болохоор дуусаагүй эмнэлгийн барилгууд дээр ихээхэн хөрөнгө хүч гаргаж, бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэхийн төлөө, ашиглалтад оруулахын төлөө уйгагүй ажиллана гэдгээ илэрхийлье. 

-Улаанбаатар руу шилжилт хөдөлгөөн багасахгүй байгаагийн нэг гол хүчин зүйл нь Монгол орны баруун зүүн бүсийн тулгуур төвүүд болох Ховд, Чойбалсан хотуудад орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон II шатлалын нэгдсэн эмнэлгүүд байхгүй байгаатай холбоотой. Энэ чухал асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ? 

-Энэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлд Эрүүл мэндийн сайдын тушаал болон Засгийн газрын чиглэл гараад ажиллаж байгаа. Энэ чиглэлд яг таны асуусан баруун зүүн тулгуур бүсүүдийн гол гол аймгуудад эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх төвүүдийг барьж байгуулах, одоогоор эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмж өргөтгөхөөр төлөвлөөд зарим ажлууд эхнээсээ эхлэх шатандаа яваа. Би ч сайдын хувиар эдгээр асуудлуудын араас тууштай хөөцөлдөж ажиллана.

-Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид цалингаа нэмүүлэхийн тулд хугацаагүй ажил хаялт зарлана гэж мэдэгдсээр л байгаа. Энэ ярвигтай асуудлын зөв зүйтэй гарцыг олсон уу?

-Мэдээж би эмч нарын ажил хаялтыг дэмжинэ гэж хэлэхгүй. Яагаад гэвэл Монгол хүний эрүүл мэнд, амь настай холбоотой ноцтой асуудал учир тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнуудын тухайд ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгээд явах ёстой л гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ нөгөө талд нь эмнэлгийн эмч ажилчид цалин мөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь өнөөдрийн тухайд зүй ёсны л шаардлага юм.

Яагаад гэвэл өнөөдөр эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал асар их байгаа ч авч байгаа цалин нь ажлынх нь ачаалалтай огт дүйцэхгүй байгаа нь маргашгүй үнэн. Тийм учраас амьдрал ахуйтай нь хамгийн их холбоотой шаардлагыг манай эмч эмнэлгийн ажилтнууд тавьж байгааг би эхнээс нь анхааралтай ажигласаар ирсэн.

Эрүүл мэндийн сайдын хувьд монгол хүний амь насыг сахин хамгаалах үүрэгтэй эмч, эмнэлгийн ажилтнуудын хугацаагүй ажил хаялт зарлана гэж байгааг дэмжихгүй ч, тавьж байгаа шаардлагуудыг нь бол дэмжиж байгаа.

Тэгэхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ чиглэлд эрүүл мэндийн салбарын эмч ажилчдынхаа эрх ашгийг хамгаалан тэмцэж байгааг өөрийн зүгээс зөв зүйтэй алхам гэж үзэж байна. Одоо Засгийн газартай Үйлдвэрчний байгууллага хамтарч ажиллаад эхний ээлжинд 300 мянган төгрөгийн орлого нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх гэж байгаа.

Хамгийн гол нь цөөхөн монголчууд бид тулгарсан хүндрэл бэрхшээл, хуримтлагдсан асуудлуудаа хоорондоо ярьж хэлэлцэн ойлголцох ёстой юм.

Өнөөдөр эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдан Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсан байгаа. Тэнд бидний ойлголцон ярилцаж эцэст нь хүлээсэн үүрэг бол “Цалин нэмэхгүй” гэсэн шийдэлд хүрсэн учраас түүнийгээ биелүүлэх л учиртай

. Тиймээс ч бид орлого нэмэгдүүлэх тухай асуудлыг ярьж байна. За 2017 он дуустал орлого нэмэгдүүлэх боломжийг нь бүрдүүлнэ, 2018 онд ч мөн адил гэж ойлгож болно.

Би энэ Засгийн газарт Эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа сайдын хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахыг хүлээхгүйгээр, Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх боломж нөхцөл бидэнд бий гэж дүгнэж байгаа

. Энэ нь өөрөөр хэлбэл төсвийн захиран зарцуулагч нарт төсвөө өөрсдөө дотроо зохион байгуулаад, эмч ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийн үнэлгээг тухайн ажлаа хэрхэн гүйцэтгэж байгаа байдлаар нь үнэлж дүгнээд өгдөг ийм шударга зарчимд шилжүүлэхээр ажиллаж байна.

Энэ ажлыг Сангийн яамтай харилцан ярилцаж шийдэх ёстой юм. Манай Сангийн сайд ч энэ асуудлыг бүх талаас нь дэмжиж, төсвийн захиран зарцуулагч нарт эрх мэдлийг нь шилжүүлж, шударга ардчилсан байдлаар энэ асуудлыг шийдэх чиглэлд ажиллаж эхлээд байгаа.

Хоёрдугаарт эмнэлгүүд өөрсдийн дотоод зохион байгуулалтын хүрээнд нэмэлт орлого олох боломжтой. Одоогоор олсон нэмэлт орлогыг илүү цагаар ажиллах юм уу эсвэл аймгуудтай гэрээгээр ажиллаад орлогоо нэмэгдүүлэх бодит боломж байгаа юм билээ. Эдгээр боломжоо ашиглаад нэмэлт орлого олохоор хуучин бол Сангийн яам шууд хураагаад авчихдаг байсан гэдэг.

Тэдгээр орлогыг нь зургаан сарын дараа буцаагаад тухайн эмнэлгүүдэд нь өгнө гэсэн яриа хөөрөө байдаг ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг ажил хэрэг болгохоо манай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байгаа.

Тийм болохоор Эрүүл мэндийн салбар эдийн засаг сайжрахыг юм уу, Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг харзналгүйгээр менежмент, дотоод зохион байгуулалтаа сайжруулсны үр дүнд эмч ажилтнуудынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэх боломж гарч ирнэ гэж харж байна. 

-Энэ жилийн тухайд цалин нэмэх тухайд яриа байхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс 300 мянган төгрөгийн буюу нийтдээ 55 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэх талаар ярьж байна.

-Та түрүүнд яриандаа удахгүй томуу томуу төст өвчин дэгдэлтийн байдалд хүрч болзошгүй талаар дурдсан. Түүнээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв гарц нь мэдээж вакцинжуулалт гэдэг нь ойлгомжтой. Ер нь вакцинжуулалтын ажил ямархуу түвшинд явагдаж байгаа бол? 

-Тийм ээ. Энэ өвчнийг дэгдэлтийн түвшинд хүргэхгүйн тулд вакцинжуулалт хамгийн чухал. Эрүүл мэндийн салбарын тухайд өвлийн улиралтай зэрэгцэн үүсдэг ханиад томууны дэгдэлт эхлэхээс өмнө бэлтгэл хангах, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудыг эм, эмнэлгийн хэрэгсэл, бензин шатахуунаар хангах, засварын ажлыг дуусгах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлага бий. Эмнэлгүүдийн нөөц орон зайг ашиглан 840 ор бэлтгэх ажил ид өрнөж байна.

Энэ жилийн тухайд ханиад томуунаас сэргийлэх зорилгоор 220 мянган хүнд вакцин хийж байгаа. Ингэж л энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдол өгч байна. Дархлаа дэмжих амин дэмүүдийг бага насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүдэд өгч байна. Энэ арга хэмжээнд одоогийн байдлаар 15 аймгийн 96 сумын хүүхдүүд хамрагдсан тоон үзүүлэлт гарсан. 

-Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр мэргэжлийн бус ч гэсэн эрүүл мэндийн салбарт эхийн сэтгэлээр хандаж, эмчийн сэтгэлээр зүтгэнэ, сэтгүүлч хүн аль ч салбарын наад захын мэдлэгтэй байдаг” гэсэн байсан? 

-Тийм ээ. Сэтгүүлч байхдаа эрүүл мэндийн салбарын талаар багагүй сурвалжилж, зэгсэн мэдлэгтэй болсон гэж ойлгож болно. Дээр нь парламентын гишүүн болсноосоо хойш таван жил тасралтгүй Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллахдаа эрүүл мэндийн асуудлаар дагнасан.

Түүний дотор Эрүүгийн хуульд орсон эмч нарт мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор хариуцлага тооцох тухай заалтыг анхнаасаа л өөрчлөх ёстой гэж зүтгэсэн.

48 мянган эмч, ажилтантай энэ том салбарыг доргиосон асуудал шүү дээ. Энэ ярвигтай асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нартай хамтран хөөцөлдөж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өргөн барьсан маань ажил хэрэг болсон.

Ер нь эрүүл мэндийн салбарын хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгосон хуулийн төслүүд дээр ажилласаар ирсэн. Түүнчлэн Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын ажлын хэсэг ахалж УИХ-аар батлуулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийн ажлын хэсгийг мөн ахалсан. Одоо Донорын тухай хуулийн ажлын хэсэгт мөн ажиллаж байна. Салбарын сайдын хувьд цаашид ч эрүүл мэндийн салбарын олон хууль,тогтоомжийн ажилд гар бие оролцож ажиллах нь тодорхой юм. Энэ бүхнээс үүдэн өөрийгөө Эрүүл мэндийн салбарт шинэ хүн гэж бодохгүй байгаа. 

-Та сая Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нарыг магтлаа. Энэ эмнэлгийн тухайд удахгүй дэгдэж болзошгүй Томуу томуу төсч өвчлөлийн оргил ачааллыг хүндрэл бэрхшээлгүй давж гарах бүх бэлтгэлээ хангачихаж уу? 

-Тэгж дүгнэсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн тухайд хүүхдийн 80 ортой байснаа нэмэлтээр 20 ор гаргаж, нийтдээ 100 ортой болсон байна. Тоног төхөөрөмжийг нь засч сайжруулахад тодорхой хэмжээний зардал мөнгийг нь шийдээд өгвөл энэ эмнэлэгт эмнэлгийн нарийн мэргэжлийн инженер засварчин хүртэл ажиллаж байгаа юм байна.

Одоо нэг байгаа инженер засварчныхаа орон тоог удахгүй хоёр болгохоор төлөвлөөд байгаагаа ч эмнэлгийн дарга Ц.Лхагва эмч ярьж байна. Одоогоор Томуу томуу төст өвчин дэгдэлтийн байдалд хүрээгүй ч өнөөдөр энэ эмнэлэгт 85 хүүхэд эмчлүүлж байгаа нь бас л өндөр үзүүлэлт. 

-Мэдээж эмчилгээ үйлчилгээгээ чанартай явуулах, эмч ажилчдынхаа цалин урамшууллыг цаг хугацаанд нь олгохын тулд хамгийн гол нь санхүүжилт тасралтгүй хийгдэх учиртай. Энэ эмнэлгийн тухайд энэ жил улсын төсвөөс хэд орчим төгрөгийн санхүүжилт хийгдсэн юм бол?

-За Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн тухайд энэ жилийн нийт төсөв нь 5.8 тэрбум төгрөг байсан юм. Харин саяхан 6.7 тэрбум болгож 746 сая төгрөгөөр төсвийг нь нэмэгдүүлсэн байгаа. Энэ талаар дарга нар нь ч сайн мэдээгүй байсныг би өнөөдөр тайлбарлаж мэдээллээ.

Ер нь манай Засгийн газрын барьж байгаа гол чиг шугам бол төсвийн захиран зарцуулагч нарт эрхийг нь олгоод овсгоо самбааай ажиллуулахыг чухавчилж байгаа тул Ц.Лхагва дарга Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг нарт тодорхой үүрэг даалгавар, санамж сэрэмж болох тайлбар зөвлөгөө өглөө.

Ялангуяа гэр хороолол ихтэй, утааны голомтод оршдог Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн тухайд төсөвт нь нэмж суулгасан энэ 746 сая төгрөг бол ажлын амжилттай сайн ажиллаж байгаа эмч, ажилтнуудаа шагнаж урамшуулах, цалинг нь үе шатлалтай нэмэгдүүлэх тодорхой хэмжээний боломж гаргаж өгч байгаа Засгийн газрын дэмжлэг гэж ойлгож, маш сайн зохион байгуулалттай ажиллах л үлдэж байна. 

-Энэ жилийн тухайд томуу томуу төст өвчин нэлээн өвөрмөц байдлаар дэгдэлт нь ч нэлээн ноцтой байдлаар явагдаж болзошгүйг Олон улсын байгууллагууд мэдээлж байгаа юм байна. Энэ асуудалд иргэдээ хэрхэн бэлтгэлтэй болгох вэ. Яамны зүгээс энэ талд ямар ажлууд хийх вэ? 

-Энэ өвчин жил бүрийн өвлийн эхэн сараас хүндэрч эхэлдэгийг манай иргэд тэртэй тэргүй мэдэж байгаа. Гэхдээ энэ жилийн тухайд дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд явдаг Томуу томуу төст өвчлөлийн талаарх дүн шинжилгээ гадны хэвлэл мэдээллээр гарсан байна лээ.

Тэндээс үзвэл Австрали улсад энэ жил томуу томуу төст өвчлөлийн дэгдэлт тун хүнд явагдаж өнгөрсөн мэдээтэй байна. Тэнд 93 мянга груй томуугийн тохиолдол шинжилгээгээр батлагдсан гэсэн. Тэр нь өмнөх жилүүдтэй харьцуулбал 2.5 дахин илүү өвчилсөн тоо гэж байна. Эмнэлэгт хэвтсэн хүний тоо, мөн нас баралт маш өндөр үзүүлэлттэй гарсан гэнэ.

Тэнд дэгдсэн вирус орчиндоо хэсэг эргэлдэж байгаад дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэг рүү шилждэг гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Ер нь Олон улсын эмч мэргэжилтнүүд дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт дэгдсэн вирус удалгүй хойд хэсэг рүүгээ шилждэг гэдгийг анхааруулдаг юм билээ.

Тэгэхээр энэ өвлийн тухайд манай иргэд онц шаардлагагүй бол олон хүн цугласан газар ялангуяа хүүхдүүдээ дагуулж явахгүй байх, маск буюу амны хаалт байнга хэрэглэх, орой үдшийн цагаар дулаан хувцаслах, “Өвөл болохоор хүйтэн болдог”-ийг цаг тутамд анхаарах гээд хувь хүн болгон бэлтгэлтэй л байх хэрэгтэй.

Энэ өвөл томуу томуу төст өвчний дэгдэлт нэлээн ноцтой хэмжээнд хүрч болзошгүйг бодолцож Нийслэлийн Засаг даргын зүгээс бүр өнгөрсөн долоодугаар сард захирамж гаргаж нийслэлийн бүх л төр захиргааны байгууллагууд, тэр дундаа эрүүл мэндийн байгууллагууд энэ өвлийн томуу томуу төст өвчлөлийн бэлтгэлийг эртнээс анхаарч, бүх талаар бэлтгэлтэй байхыг тусгасан байдаг.

Энэ талаар ч Эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч сайдын хувиар дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийн өвлийн бэлтгэл ажилтай танилцаж, тодорхой асуудлуудыг газар дээр нь шийдэх ажлаа өнөөдрөөс эхлүүлээд явж байна. Одоо ингээд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, өвлийн бэлтгэлтэй танилцана. 

-За энэ өвлийн томуу томуу төст өвчин дэгдэлтийн байдалд болж өгвөл битгий хүрээсэй, Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд маань ч ард иргэдийнхээ өмнө хүлээсэн эмчийн ёс зүйн тангаргаа бодолцож асуудлаа эв зүйгээр шийдээсэй гэсэн үгээр ярилцлагаа өндөрлөе? 

-Монгол хүн амны бэлгээр гэдэг дээ. Өөрийн тань хэлснээр эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудтайгаа хэл амаа ололцоод шийдвэрлэх ёстой асуудлуудаа цаг тухайд нь шийдээд, өмнөө тавьсан зорилтуудаа хэрэгжүүлээд явна гэсэн итгэлтэйгээр ажилдаа орж байна даа. 

Сэтгүүлч: Д.Энхтүвшин

Дугаар: 2017.10.26 №192 /2705/