Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд анхаарч буйд талархав
2017.10.30

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд анхаарч буйд талархав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр улсын хооронд тогтоосон удаан жилийн найрсаг харилцаа, нэг нэгэндээ туслах хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж буйд хоёр тал харилцан талархал илэрхийлээд харилцаа хамтын ажиллагааг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт илүү үр дүнтэй хөгжүүлэхэд анхаарч буйгаа илэрхийллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНХАУ-аас Монгол Улсын хүн амын хөгжил, нийгмийн эмзэг бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг буцалтгүй тусламжаар барьж буйд талархаад цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн саналыг тавьсан юм.

Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” барих төслийг хэрэгжүүлэх явцад дутуу орхигдсон зарим ажлыг гүйцээхэд шаардагдах 32,9 сая юанийн хөрөнгө оруулалтыг зайлшгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэх, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд Шин Хайминээс хүслээ.

Түүнчлэн С.Чинзориг сайд БНХАУ-аас авч байгаа ажиллах хүчтэй холбоотой асуудлаар баримталж ажиллах бодлогоо товч танилцуулсан юм. Тэрбээр хоёр улсын хооронд  “Ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах тухай олон жилийн өмнөөс ярьж байгааг онцлоод энэ баримт бичгийг байгуулснаар Монгол Улс дотооддоо бэлтгэж чаддаггүй, нарийн мэргэжлийн ур чадвар өндөртэй мэргэжилтнийг хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлтэд тулгуурлан авах боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа дуулгаад “Эдийн засаг хүндрэлтэй, дотооддоо ажилгүйдэл өсч буй өнөө цагт бид гаднаас авах ажиллах хүчний тоог одоогийн түвшингээс нэмэхгүй байх бодлого барих шаардлага байгаа.

Түүнээс гадна БНХАУ-ын холбогдох яамтай хамтарч ажилласнаар Монгол Улсад зайлшгүй шаардлагатай өндөр мэргэжлийн ажилтан мөн гэдгийг баталгаажуулсан үнэмлэх бүхий иргэдийг хүлээн авах боломж бүрдэх юм” хэмээсэн.

Элчин сайд Шин Хаймин “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-д нэмэлтээр шаардлагатай багаа хөрөнгө оруулалтыг шийдэхээр болсныг сайдад уламжлаад ажиллах хүчтэй холбоотой саналаа танилцууллаа. Түүний хэлснээр БНХАУ-аас Монголд гэрээгээр ирж буй ажилчид бүгд нийгмийн даатгалын шимтгэл давхар төлдөг асуудлыг зохицуулах шаардлага байгаа аж. Хятад ажилчдын гэрээний хугацаанаас хамаарч нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлдэг байх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Элчин сайдын тавьсан хүсэлтийн хариуд С.Чинзориг сайд манай хоёр улсын хооронд Нийгмийн даатгалын салбарт хамтран ажиллах гэрээгээр энэ асуудлыг зохицуулах боломж байж болохыг хэлээд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж хариу өгөхөөр боллоо.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хятад ажилчдад Монгол орон, монголчуудын ёс заншил, шашин шүтлэг, соёл уламжлалын талаар тодорхой ойлголт өгч, хүндэтгэлтэй ханддаг байх тал дээр сургалт сурталчилгааны тал дээр хамтарч ажиллахаар тогтлоо.