Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын элчин сайд нар ИЖБ барив
2017.11.01

Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын элчин сайд нар ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Сантьяго Романа, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усенов нар Итгэмжлэх жуух бичиг барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Сантьяго Романатай уулзах үеэрээ Монгол Улс нь Филиппин Улстай тогтоосон уламжлалт, найрсаг харилцааг цаашид бэхжүүлж, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бололцоотой бусад салбарт бие биеэ дэмжсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчлан үздэгээ илэрхийллээ.

Элчин сайд Хосе Сантьяго Романа бүрэн эрхийн хугацаанд хоёр талын харилцааг өргөжүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллана гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзах үеэр энэ жил Монгол Улс, Киргиз Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлж, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаа хэмээлээ. Хоёр тал ирэх жил Киргизийн нийслэл Бишкек хотноо болох Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд ач холбогдол өгч, бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэв.