С.Мөнхчулуун: Нийслэлийн ИТХ-аас болж ажил саатсан зүйл байхгүй
Нийслэлийн ИТХ-ын өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.
-Өнгөрсөн тавдугаар сараас хойш ИТХ нэг ч хуралдаагүй. Ямар шалтгаа-наар хуралдахгүй байгаа юм бэ. Сөрөг хүчнийхний хэлсэн шиг нам доторх зөрчилдөөн байгаа юм уу?
-Нийслэлийн ИТХ гэдэг бол Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг удирдлага болгон ажилладаг. Энэ хуульд ИТХ нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана гэж заасан байдаг.
ИТХ-ын чуулган өөрөө байнгын ажиллагаатай биш. Иргэдийн хурлын шийдвэрийг Засаг дарга, түүний харьяа байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Бид жилийн эцэст дүгнэлт өгдөг. Түүнээс ИТХ хуралдахгүй байгаагаас нийслэлийн ажил зогссон зүйл байхгүй. Энэ бол сөрөг хүчнээс иргэдийг бухимдуулах улс төр хийж байгаа үйлдэл юм.
-Нийслэлийн ИТХ жилд хоёроос доошгүй удаа хуралдах ёстой учраас олон сар хуралдаагүй гэсэн үг үү?
-Төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл хоёрыг батлахын тулд жилд зайлшгүй хоёр удаа хуралдах ёстой байдаг юм. Өнгөрсөн тавдугаар сард ИТХ-ын нэгдсэн хуралдаан болсон. Түүнээс хойш Тэргүүлэгчид хуралдсан байдаг. Тэргүү-лэгчдийн хурлаар ИТХ-ыг хуралдуулах эсэхийг шийд-вэрлэдэг юм.
Өнгөрсөн хугацаанд Тэргүүлэгчдийн хурлаас ИТХ-ын чуулганаар хэлэлцүүлэх чухал асуудал оруулж ирээгүй. Тухайлбал, ТҮЦ-ийн журам, реклам сурталчилгааны самбар байршуулах журам зэргийг ИТХ-ын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээр хуралдах шаардлага байдаггүй. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард ИТХ-ын дэгийн дүрэм, журмыг баталсан.
Үүгээр нийслэлийн ИТХ-ын чуулган долоо, наймдугаар сард хуралдахгүй гэж заасан. Энэ хугацаанд тэргүүлэгчид хуралдсан. Үүнээс хойш есдүгээр сард хуралгүй байсан. Аравдугаар сард хуралдаж эхлэхэд хурлын даргаа огцруулах, солих асуудал ярьж эхэлсэн юм.
Өнгөрсөн хуралдааны үеэр АН-ын бүлэг зөвхөн тэргүүлэгчдээр биш бүх асуудлаар завсарлага авсан. Чуулганаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр таваас есдүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан.
АН завсарлага авсныхаа дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалттай гэж үзэхгүй байна. Нийслэлийн ажил гацчихаад байна гэсэн утгатай зүйл ярьсан байна. ИТХ-аас болж ажил гацсан зүйл байхгүй. Нийслэлийн ажил явдгаараа явж байгаа.
-Тэргүүлэгчдийг сонгох асуудалд хоёр бүлэг нэлээд маргаантай байх шиг санагдсан. Өнгөрсөн баасан гаригт болох байсан ИТХ-ын үеэр АН энэ асуудлаар завсарлага авсан. Өмнө нь бас танай бүлгийн зүгээс завсарлага авсан байх аа?
-Манай намын бүлгээс өмнө нь завсарлага авсан. Энэ үеэр АН-ын бүлгээс хурлын хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж “Нийслэлийн ИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” асуудлыг нэгдүгээрт оруулсантай холбогдуулж зөвшилцөх шаардлага тулгарсан юм.
-Энэ асуудлаар бүлэг дотроо зөвшилцөлд хүрээгүй байсан юм уу?
-Бүлэг дотроо ч, АН-тай ч зөвшилцөх шаардлага байсан. Засаг захиргаа нэгжийн удирдлагын тухай хуулиар аймаг нийслэлийн ИТХ 7-11 Тэргүүлэгчтэй байна. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй.
Эдгээрээс нэр дэвшүүлж хамгийн олон санал авсан 11 төлөөлөгчийг Тэргүүлэгчээр сонгоно гэсэн заалт байдаг юм. Харин аль нэг нам хэдэн суудал авна гэсэн заалт байхгүй.
-Тэргүүлэгчдийн хурлын гишүүдийг АН-аас хоёр, МАН-аас есөн гишүүн бай-хаар тогтсон ч АН хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үү?
-Олонхийн саналаар МАН-аас 11 гишүүн бүрдэх бүрэн боломжтой. Гэхдээ бид бүлгийн хурлаараа ярилцаж, улс төрийн намын соёлыг ч бодсон, төлөөллийн ардчиллын зарчмаар явж байгаа учир цөөнхөөсөө төлөөлөл оруулах ёстой.
Цөөнхөөс шүүмжлүүлэх асуудалтай зүйлдээ шүүмжлүүлж, хяналттай байя гэж үзсэн. Мөн сөрөг хүчнээс тавьж буй асуудлыг Тэргүүлэгчдээрээ сонсоя гэж үзсэн юм. Энэ үүднээс АН-аас хоёр төлөөлөл оруулахаар болсон.
Яагаад хоёр төлөөлөгч оруулж байгаа вэ гэхээр Ардчилсан нам 11 төлөөлөгчтэй. Энэ нь нийт төлөөлөгчийн 24 хувьтай тэнцдэг учир хоёр төлөөлөгч болох юм байна гэж үзсэн. Өнгөрсөн жилээс л бид хоёр төлөөлөгчийн нэрийг өгөхийг шаардсан. Жилийн турш есөн Тэргүүлэгч ажиллаж байгаа
-Өнгөрсөн жил АН-аас гишүүдийн нэрээ өгөөгүй юм уу. Одоо ямар саналтай байгаа юм бэ?
-Өгөөгүй. Одоо болохоор гурван төлөөлөгчтэй болно гээд байгаа юм. Өөрсдөө цөөнх учир Тэргүүлэгчдэд орох сонирхол бага байгаа юм уу гэж харж байгаа. Харин улс төрийн өнцгөөс л асуудал болгоод байх шиг байна. Гэхдээ бид АН-ын бүлэгтэйгээ зөвшилцөж, ойлголцоод явах ёстой. Бидний зүгээс хоёр Тэргүүлэгч гишүүнээ оруулж ирэхийг хэлж байгаа.
-Танай бүлэг ИТХ-даа үнэмлэхүй олон суудалтай. Сөрөг хүчнээс хамаарахгүйгээр асуудлаа шийдээд явчих бүрэн боломжтой санагддаг. Гэтэл сөрөг хүчнийхэн нь ямар ч асуудлаар өөрсдийнхөөрөө мэдээлэл түгээж байна. Эсвэл МАН-ын хагарал нийслэлийн МАН-ынханд ч нөлөөлж, сөрөг хүчнийхээ өгөөш болоод байна уу. Танай бүлгийнхэн үнэхээр хагаралтай байгаа юм уу?
-Нийслэлийн ИТХ-д манай намын 34 төлөөлөгч байгаа. Энэ бол намын асуудал гэхээс илүүтэй ИТХ-ын 34 төлөөлөгчийн л асуудал. Нийслэлийн МАН өөрөө 50 гаруй мянган гишүүнтэй. Нийслэлийн МАН хуваагдчихлаа гэвэл 25, 25-аараа салсан гэж ойлгоно. Хагаралдаж, хуваагдсан асуудал байхгүй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг бас хуваагдсан гэж хэлж болохгүй.
Мэдээж төлөөлөгчийн хувьд үзэл баримтлалын зөрчил байж таарна. Энэ асуудал юунаас болж эхэлснийг иргэд ч сайн мэдэж байгаа байх. Нийслэлийн ИТХ-ын даргыг огцруулахаар 17 төлөөлөгч гарын үсэг зурсан. Үлдсэн 17 нь үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр хүнийг буруутгаж болохгүй, МАН-ын Бага болон Их хурлын үеэр асуудлаа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байсан учир гарын үсэг зураагүй. Үүний дараа Ц.Сандуй дарга өөрөө ажлаас чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгсөн. Дараа нь ИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёр төлөөлөгч өрсөлдсөн. Нэр дэвшигчдэд төлөөлөгчид 17, 17-гоороо санал өгсөн байсан.
Ардчилсан намаас арван цагаан хуудас өгсөн. Тиймээс бид олонхийн санал аваагүй гэж үзэж дахин хуралдсан юм. Ийм л үйл явдал болсон. Үүнийг хүмүүс хоёр хуваагдсан гэж харж байгаа байх. Гэхдээ бидэнд хагарсан, бутарсан зүйл байхгүй. Тухайлбал, АН-ын төлөөлөгчдөөс хоёрыг нь тэргүүлэгчээр оруулъя гэж бүлгийн хурлаар хэлэлцэхэд 100 хувиар дэмжсэн.
Мөн намын зүгээс есөн дүүргээ төлөөлж, Тэргүүлэгчдээ сонгоход 71 хувийн саналаар дэмжсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар 50, 50 хувиар хуваагдсан гэж ойлгож болохгүй. Төлөөлөгчид өөрийн үзэл бодлын дагуу саналаа өгсөн юм.
-Ярианы сэдвээ өөрч-лөөд хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцая. 2017 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн хэрэгжилт нэлээд сайн биелэлттэй гэж байсан. Үүнийг тодруулбал?
-2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг МАН бүлгээрээ хэлэлцээд сонсоод явж байгаа. Энэ оны үндсэн чиглэлийн биелэлт 88 хувьтай байгаа. Цаашид хоёр сарын хугацаа байгаа учраас үндсэн чиглэлийн биелэлт хангагдах боломжтой.
Зам талбай, барилгын ажлууд, сургууль цэцэрлэгийн тохижилт зэрэг олон ажил хийсэн. Нийслэлийн төсвөөр хийсэн ажлууд өмнөх жилийнхтэй ижил хэмжээнд байгаа.
Мөн Тэргүүлэгчид нэгээс аравдугаар сард 13 удаа хуралдаж, 95 асуудал хэлэлцэж, 134 тогтоол гаргасан байна. Энэ хугацаанд нийслэлийн ИТХ-ын ажил хуульд заасны дагуу хэвийн үргэлжилж байгаа. Тэргүүлэгчид боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг, эрүүл мэндийн чиглэлээр нийслэлд баримтлах дүрэм журмуудыг гаргасан.
ТҮЦ-ийн асуудлаар журам гаргаж, рекламны самбаруудыг цэгцэлсэн. “Нэг өрх нэг ажлын байр” хөтөлбөрийг баталсан. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажлын байраар хангах тухай “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт тусгасан зүйл заалтад байгаа ажлуудыг хэрэгжүүлэх дүрэм журмыг ИТХ-аар батлаад явж байна.
Нийслэлийн зүгээс 23 сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хийсэн. Шинээр 10.9 километр автозам барьж, 32.6 километр замыг өргөтгөн шинэчилж, таван байршилд шинээр гүүр барих ажлыг эхлүүлсэн зэрэг мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудыг хангалттай хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний тоог нэмэгдүүлсэн.
Төвийн үйлчлэх төрлүүдийг нэмэгдүүлсэн. Энэ хууль батлагдвал нийслэлийн хөгжилд маш том ахиц үзүүлнэ. Үүнээс гадна “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ бол эхлэл төдий зүйл байсан. Өнөөдөр автобусууд бүрэн смарт картаар үйлчилж, утсаараа автобусны байршлыг мэдэх боломжтой болсон. Энэ сард “Улаанбаатар үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гаргах гэж байна. Энэ мэт олон ажил хийж байна.
-Ирэх оны төсвийг хэзээ батлах вэ. Төсвийн төсөөлөл ямар болсон бэ?
-Ирэх онд төсөв нэлээд багасах шинжтэй байгаа. Төсвийн төсөөлөлд нийслэлээс улсын төсөвт бүрдүүлдэг орлого дээр 50 гаруй тэрбум төгрөг нэмсэн. Тэгэхээр ирэх оны нийслэлийн хөрөнгө оруулалтын төсвөөс ийм хэмжээний хөрөнгө хасагдана гэсэн үг. Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг. Үүнээс хойш арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэлийн төсвийг батална гэж хуульд заасан байсан.
Одоо энэ заалт байхгүй болсон. Арванхоёрдугаар сард л багтаж батлах ёстой. Хугацаа заасан зүйл байхгүй. Гэхдээ бид ирэх оны ажлаа түргэн явуулахын тулд арванхоёрдугаар сардаа л багтаж батална. Өвөл болох гээд байхад хурлаа хийсэнгүй гэж шүүмжлээд байгаа юм. Одоо хийх, хэрэгжүүлэх ажлуудыг өнгөрсөн жил баталж, хуваарилчихсан шүү дээ.
Одоо Захирагчийн ажлын алба, дүүргүүд гүйцэтгэх ажлаа л хийх ёстой. ИТХ гэдэг бол бодлогын бичиг баримтыг боловсруулж өгөөд хяналт тавьдаг. Ажлын хороод, бүлгүүд, цөөнх хяналт тавьдаг. Цөөнх маань ажлыг мушгиж, харлуулж, иргэдэд буруу мэдээлэл өгч байна. Зөвхөн нөгөө намаа буруутгах, харлуулах үүднээс нийслэлийн засаг захиргааны ажлыг буруутгасан байдлаар харуулж байгаа нь харамсалтай.
Анхнаасаа нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл эхний хурал дээр “Жагсаж чаддаг, төр засгийг чинь түйвээх чадалтай цөөнх байгааг санаж байгаарай” гэж хэлж байсан. Биднийг харлуулж болно. Гэхдээ улсыг ажлыг харлуулж, иргэдэд уур бухимдал нэмэх ёсгүй. ИТХ-аас болж, ажил саатсан, гацсан зүйл байхгүй гэдгийг иргэддээ хэлмээр байна. Ардчилсан намынхан маань ч бас нэг, хоёр суудлаас болж улсын ажлыг цааш нь явуулахааргүй болгохгүй байх.