С.Эрдэнэ: Төсвийг бүхэлд нь харахаар стратегийн төлөвлөлт зорилтгүй нь харагдаж байна
2017.11.06

С.Эрдэнэ: Төсвийг бүхэлд нь харахаар стратегийн төлөвлөлт зорилтгүй нь харагдаж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын чуулганаар 2018 оны төсвийг хэлэлцэх гэж байна. ирэх оны төсөвт тусгагдсан гол асуудлууд юу байна?

-Санаанд хүрсэн хэмжээнд биш байна. Бодит хөрөнгө оруулалт, цалин тэтгэвэр нэмэх тухай асуудлыг тусгасангүй. Олон улсын Валютын сан руу хамаг бурууг чихсэн төсөв орж ирж байна. 

Энэ оны төсвийн тодотголд 50 гаруй тэрбум төгрөг, ирэх оны төсөвт мөн 50 гаруй тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал хэлбэрээр тараана гэж байна. Төрийн албан хаагч нарт 300 мянган төгрөг тарааж буйг би огт ойлгохгүй байгаа юм. Одоо урамшуулал олгодог Засгийн газар болчихсон юм уу. Хэрэв урамшууллыг нэмье гэж байвал цалин тэтгэврийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар тодорхой бодлоготойгоор явах ёстой. Ер нь тусламж хэлбэрээр очиж буй нэг удаагийн урамшуулал тухайн хүндээ ч яг бодит орлого болж чаддаггүй. Цалин нэмэх, нэг удаагийн тусламж гэж мөнгө өгөх хоёрын дунд маш их ялгаа бий.

-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэсэн хүлээлт иргэдэд бий болсон байсан. Амласандаа мөн л хүрсэнгүй юу?

-Нийт хүүхдийн 60 хувьд нь олгох тухай урьд нь ч байж л байсан, тэр хэвээрээ төсөв дээр орж ирсэн. МАН 2016 онд сонгуульд оролцохдоо хүүхэд бүрт ялгаваргүйгээр олгоно гэсэн нөгөө амлалт нь хаачсан бэ. 

2017 онд энэ амлалтаасаа ухарсан бол 2018 онд бас ухрах нь.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө алдаагаа засч, хүүхэд бүрт ялгаваргүйгээр олгохоор боллоо гэж мэдэгдээд байсан, сонгууль дуусахад хуураад л өнгөрсөн. Өмнө нь ч хуурсан. Дахиад ч хуурчихлаа. Монголын сая гаруй хүүхдийг дандаа хуурсаар л байх уу.

-Төрийн албан хаагчдын цалин нийт төсвийн дөрөвний нэгд зарцуулагддаг гэсэн тооцоолол байна. Төрийн албан хаагчдыг цомхотгож багасгах тухай санал чуулганаар сая яригдаж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Бодит алхам хийгдсэн юм алга. Хэрэв цомхотгол хийх гэж байгаа бол цомхотголд орж буй иргэдийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүргийг төр өөрөө хүлээх ёстой.

Ажилгүй болж буй хүмүүсийн ажлын байрыг эргээд яаж хангах юм.

Амьжиргааны зардлыг нь хаанаас шийдвэрлэх вэ зэрэг шийдэх асуудлууд бий. Түүнээс биш гудамжинд шууд гаргаад шидчихдэг харгис төр байж болохгүй. Нэг талаасаа төрийн албан хаагчдын ажлын байрыг цомхотгож, тоог бууруулъя гэдэг санаа нь зөв байж болох ч тэр хүмүүсийнхээ ажлын байрыг заавал тооцож үзэх ёстой.

-Төсөвт бүтээн байгуулалт руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд хэр тусгагдсан байна вэ?

-Төсвийг бүхэлд нь харахаар стратегийн төлөвлөлт зорилтуудыг дэвшүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй төсөв болсон. Хэрэв улс орны хөгжлийн бодлогыг харж байгаа бол стратегийн гол асуудал нь юу юм, гол хөрөнгө оруулалтаа юунд чиглүүлэх гэж байгаа юм зэргээ дэс дараалалтайгаар тодорхойлох ёстой. Тэгээд тэрэндээ таарсан төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан хийх ёстой. Олон нийтээр хэлэлцүүлж ойлгуулсан байх ёстой.

Наад зах нь УИХ-ын 76 гишүүндээ ойлгуулсан байх ёстой. Гэтэл Сангийн яамнаас базчихсан, боочихсон бөөн цаас л оруулаад ирлээ. Яг үнэндээ бол төсөвт дунд, доод шатанд ажиллаж буй төрийн албан хаагчдын шахаа их орж ирдэг. Гадны зээл тусламж нэрийн дор баахан шахаа оруулж ирдэгийн цаана газар, хэлтсийн нэг даргын шахаа явж л байдаг байхгүй юу. Хуультай хугацаатай юм чинь оруулж ирсэн энэ төсөв нь батлагдах байх л даа. Цаашдаа ийм байдлаар яваад байвал улс орон хөгжихгүй дээ.

-Чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэх байсан ч тав хоногийн завсарлага авлаа. Энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхийлөгч хориг тавьсантай шууд холбоотой. Ерөнхийлөгчийн хоригийг та юу гэж үзэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн хэлж байсанчлан улс орны эдийн засгийг аваад явах чадвартай Сангийн сайд биш гэдгээ эхнийхээ алхмаараа харуулчихлаа. 55 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгөөр тарааснаар эргээд бодит ямар үр дүн гарах вэ. Мөнгө авч буй хувь хүндээ ч наалдацгүй. Нэг портер машины нүүрсний үнийг тараагаад яах юм. Гэтэл 55 тэрбум төгрөгөөр юу хийж болох байсан бэ гэдгийг бодоод үз. Бага мөнгө биш шүү дээ. Хэдэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж болох байсан бэ. Бүтээн байгуулалт хийсэн бол ямар үр дүнтэй байх байсан билээ.

Хөгжлийн бодлого гэдэг бол ирээдүй рүүгээ харсан, тодорхой эрсдлийг үүсгээд тэрийг давж чадаж байж өөрчлөлтийг хийнэ.

Энэ Засгийн газрын эхний алхмаас харахад Монгол Улсын Ерөнхийлөгч анхнаас нь зөв л харсан юм байна. Тийм учраас хориг тавьж байгаа юм байна. Анх томилогдоод орж ирэхэд нь л дэмжихгүй байна гэдгээ илэрхийлж байсан. Тэгээд тодорхой хугацааны дараа харж байхад энэ хүний хийж буй үйлдэл эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг бүр чиглэж байна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал руу халдсан алхам хийж байгаа үйлдэл болж байна. Яагаад вэ гэвэл нэг удаагийн тусламжийн 55 тэрбум төгрөг үнэндээ дотоодын зах зээл дотроо ч эргэлдэхгүй, шууд хилээр гараад л явах нь тодорхой. Ийм бодлого явуулж буй Сангийн сайд цаашдаа эдийн засгийн стратегийг холоор харж чадах уу. Манай улс томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа улс орны нэг. Хос төмөр замтай болмоор байна. Хурдны авто замтай болмоор байна. Цахилгаан эх үүсвэрийн асуудлыг шийдмээр байна. Уналтад орчихсон байгаа барилгын салбараа босгомоор байна. Үндэснийхээ үйлдвэрлэлийг сэргээмээр байна. Нэг тулгуурт эдийн засгийн бодлогоо өөрчилж олон тулгуурт эдийн засаг руу нэн яаралтай шилжмээр байна. Үндэсний хөгжлийн бодлогын үндсийг тавьсан эдийн засгийн шинэчлэлийг нэн яаралтай хиймээр байна л даа. Гэтэл бодит байдал дээр гал унтраах маягаар өнөө маргаашаа харсан ээлж өнгөрөөсөн байдлаар яваад байна.

-Шинэ Засгийн газрын үйл ажиллагаа өмнөхөөсөө дордчив уу яав?

-Дүгнэхэд эрт ч эхэлж байгаа байдлыг харахад бараг өмнөхөөсөө дор байна. Аль ч засаг нь аргацаасан байдалтай, өрийг өрөөр дардаг тэрийгээ их том ажил хийлээ гэж зарладаг. Бондыг бондоор дарахдаа өмнөх бондын хүүгээс өндөр хүүтэй өсгөж авдаг. Хүүний зөрүү төсөв дээр ирэхдээ хүнд ачаалал болж ирж байна. Төсөв чинь татвар төлөгчдийн бүрдүүлдэг мөнгө. Түүнийг нь захиран зарцуулах эрх бүхий Сангийн сайдын байгаа байдлыг хараад гутарлаа. Хатуу хэлэхэд МАН засаглаж чадахгүй байна. Нөгөө яриад байсан шударга ёс, дэг журмыг тогтооно гээд байсан нь яасан бэ. Томилгооноос нь үзэхэд л ойлгомжтой байна. Өнөөдөр оруулж ирж буй төсвийн төслөөс харахад бодлогогүй, ядуу сэтгэж байгаа нь харагдаж байна.

-Шинэ сайд нар ажилдаа орсон. Одоо халаа сэлгээ хийгдэх байх даа?

-Халаа, сэлгээ баахан л хийгдэх магадлалтай. Зөвхөн УИХ, Засгийн газрын түвшиндээ биш улс орны захиргааны бүх нэгждээ засаглалын тогтворгүй байдал үүсчихлээ. Нийслэлийн иргэдийн хурал нь гэхэд сая хуралдаж бас л чадсангүй, завсарлага авчихлаа. МАН-ынхан олонх байж ингэж өөрсдөө завсарлага аваад байгааг үнэндээ ойлгохгүй юм. Олонх нь завсарлага аваад байх юм. Цөөнх бид аль болох ажлыг урагш явуулах гээд хэрүүлээ болиоч гээд шаардаад л байдаг. Тэгтэл эрх баригчид нь хоорондоо үзээд л байдаг. Баян-Өлгий аймагт гэхэд өчигдөр шөнө хуралдаад аймгийн Засаг даргаа өөрсдөө огцруулчихлаа. Одоо дахиад хэдэн аймаг дээр ийм байдал үүсэх юм, бүү мэд. Энэ нь манай улсад засаглалын хямрал нүүрлэснийг харуулсаар байна. Тиймээс нэн яаралтай парламентын сонгуулийг дахин явуулахаас аргагүй болно. Хэрвээ ийм байдлаараа цаашаа удах юм бол дахин сонгууль руу явахаас аргагүйд хүрэх байх даа.

Б.ДОЛЗОДМАА