Ц.Цогзолмаа: Багш нарын цалинг 45 хүртэлх хувиар нэмэх боломж олсон
2017.11.15

Ц.Цогзолмаа: Багш нарын цалинг 45 хүртэлх хувиар нэмэх боломж олсон

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-Багш нарын ажил хаялтад хэдэн сургууль, цэцэрлэг хамрагдаад байна вэ?

-Өнөөдрийн (өчигдөр) байдлаар 134 сургуулиас 78 нь, 227 цэцэрлэгээс 122 нь ажил хаялт зарласан. Тэднийг үйлдвэрчний эвлэлийн холбоодоос зохион байгуулж байгаа. Багш нарын хувьд гудамж талбайд гарч жагсаагүй, ажлынхаа байранд ажил хаялт зарлаж байгаа тухай мэдээлэлтэй байна даа. 

-Энэ ажил хаялт хууль ёсных уу?

-Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр тохиролцоод тодорхой үр дүнд хүрчихсэн. Ийм нөхцөлд ажил хаялт хийж байгааг хууль эрх зүйн үндэслэлтэй гэж харах боломжгүй л дээ. Тиймээс бид ажил хаялтын мэдээллийг аваад энэ асуудлыг эрх зүйн талаас нь багш нартаа ойлгуулах талаар анхаарах зайлшгүй нөхцөл үүсээд байна.

Энгийн жишээ авахад цэцэрлэгийн 30 хүүхэдтэй нэг ангийн багш өнөөдөр ажил хаячихсан өрөөндөө ганцаараа сууж байгаа нь яахав. Гэтэл үүний ард 30 айл өрхөд асуудал үүсч байгаа шүү дээ.

Ажил төрөлтэй хүмүүс хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг асуудал үүснэ. Өвлийн хүйтэн эхэлчихсэн, гадуур халтиргаа их байна. Гэртээ цоожлоод үлдээвэл үүсч болох олон эрсдэл бий.

Тиймээс БСШУС-ын яаманд цалин нэмэгдүүлэх асуудлыг тавьснаас хойш 21 хоногийн хугацаанд ажлын хэсэг байгуулж талуудыг оролцуулж бодитой тооцоо, үндэслэл хийсэн. Ингээд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын сарын бодит орлогыг 45 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломж байна гэдгийг тохиролцоод шаардлагыг нь биелүүлчихээд байхад ажил хаяж байгаа нь ойлгомжгүй байгаа. 

-Саяхан Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр хийгээд нийгмийн гурван талт зөвшилцөлд хүрснээ зарлаж байлаа. Түүнээс хойш бас хамтарсан ажлын хэсэг гарсан гэж ойлголоо?

-Хамтарсан ажлын хэсэг дээрээ зөвшилцөлд хүрээд үр дүнгээ ойлгочихсон байгаа. Тэгсэн атлаа юуны төлөө нь ойлгомжгүй, эмх журамгүй байдлыг нийгэмд үүсгэж байна л даа. Багш нар бол сэхээтний том төлөөлөл. Тиймээс ч мэдээллүүдийг ойлгож хүлээж авч, соён гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс.

Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад ОУВС-гийн хөтөлбөрт орчихоод байна. Тэндээс ямар шаардлага тавьчихсан байгаа билээ. Улс орны эдийн засаг ямар байгааг хамгийн сайн мэдэж байгаа сэхээтний арми маань ийм байдал гаргаж байгаад хувь хүнийхээ зүгээс маш их харамсаж байгаа.

Ажил хаялтын байдалд хүргэчихгүй юмсан гээд өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн Боловсролын газар, яамны аппарат ажиллаж сургууль, цэцэрлэг бүртэй нэг бүрчлэн холбогдож “Та нар энэ ажил хаялтад битгий оролцоорой. Хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй шүү. Бид та нарын төлөө хамтраад ажиллаад зөвшилцөлдөө хүрч байгаа шүү дээ” гэдгийг хэлсэн.

Гэтэл ажил хаялт болж байгаа нь ард талдаа улс төрийн захиалгатай хүмүүс ард иргэдийг турхирч байгаа зүйлд оролцоод байна уу гэж бодохоос өөр аргагүй байдалд хүргэж байна. 

-Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны багш нарын салбар хорооноос ажил хаялт зохион байгуулна гэж арваад хоногийн өмнө зарлаж байсан. Та тар хүмүүстэй уулзсан уу?

-Уулзалгүй яахав. Ажлын хэсэг байнгын холбоотой байгаа. Өдөр бүр шахуу тэр хүмүүсийн төлөөлөл яаман дээр ирсэн. Батзориг гэдэг даргатай нь хамт Сарантуяа, Сарангэрэл, Оюунчимэг гээд хэд хэдэн эмэгтэйчүүд ирээд уулзаад нөхцөл байдлаа ярьж ойлголцож байлаа. Мөн хоорондоо эв түнжингүй байдаг юм уу “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхныг хүлээж авч уулзаад бидэнтэй хоёрдугаарт уулзлаа” гэдэг зүйл ч хэлж байсан.

Бид нэг л зүйлийн төлөө явж байгаа. Хэн ч байсан төрийн сайдын хувиар асуудлыг шийдэхийн төлөө уулзана. Аль нэгийг нь нэгдүгээрт хүлээж авч уулзаад дугаарлаад байна гэсэн зүйл байхгүй шүү дээ. Бид энэ системийн төлөө явж байгаа учраас асуудлаа харилцан ойлголцоод шийдээд явах ёстой. Тэгэхээр өөрсдөө дотроо хагаралдаантай байгаа юм байна гэж анзаарч байгаа. 

-Олон удаа уулзсан ч гэлээ зохицож чадаагүй мэт санагдаж байна?

-Уулзаад салахдаа “Бид зохицож чадлаа. Асуудал шийдэгдэх гэж байна. Яамандаа баярлалаа, хэзээ ч биднийг ингэж хүлээж авч уулзаж байгаагүй. Сонссон болоод ойлголоо гээд явуулдаг байсан.

Та бол үнэхээр 21 хоног бидэнтэй байнга уулзаж ажиллаж байлаа, баярлалаа” гэж байсан. Гэвч гараад эсрэгээрээ ойлгоход хүндрэлтэй байдал үүсгэж байна шүү дээ. 

-Одоо өөр ямар гарц байна?

-Ажил хаялтыг зохион байгуулж байгаа Батзоригтой өнөөдөр (өчигдөр) уулзсан. Цаанаа ажил хаялт зохион байгуулж байгаа ажлын хэсэг байгаа юм байна. Тэр ажлын хэсэг дээрээ Батзориг очиж уулзаад мэдэгдэл авчирч өгнө гэсэн. Тэр мэдэгдлээ хүлээн зөвшөөрчихвөл ажил хаялтаа зогсооно гэсэн зүйл ярьсан. 

-Ирэх оны төсвийн дөрөвдэх хэлэлцүүлгийг хийх л дутуу байна. Тэгэхээр Засгийн газрын зүгээс ямар нэгэн цалин нэмэгдүүлэх нэмэлт санал оруулах арга байхгүй биз дээ?

-Угаасаа нэмэлт санхүүжилт шаардагдахгүйгээр бид зохицуулсан шүү дээ. Төсөвт хүндрэл учруулахгүйгээр батлагдсан мөнгөнийх нь хүрээнд бид багш нарынхаа урамшууллыг нэмээд явах боломж байна. Анги даасан, дэвтэр зассан, дугуйлан секц хичээллүүлсэн, улс орон нутгийн олимпиадад сурагчаа бэлдсэнийх нь төлөө урамшуулал олгоно.

Багш ажлаа таслахгүй, чөлөө авахгүй, өдөр тутам ачааллаа аваад ажилласан бол улиралд 45 хүртэл хувиар урамшуулал олгодог байсныг сар болгон өгөөд явах боломж байна гэж хараад байгаа юм.  

-Ажил хаялтыг зохион байгуулж байгаа хүмүүс болоод ажил хаялтад оролцсон багш нарт ямар нэгэн хариуцлага байх уу?

-Хуулийнхаа хүрээнд ажил хаялтад хэдэн хүн оролцов, яг хуулийн хүрээнд байна уу гэдгийг манай дотоод аудит, мониторингийн газар дүгнээд гаргаад ирэх байх. Тэр үед нь танилцуулъя. 

-Багш нарын цалин, урамшууллыг нэмэхийг дэмжиж байгаа хэсэг байхад нөгөө талаас ажлын амжилттай нь холбох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байна. Тухайлбал, өнгөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалтад хангалтгүй оролцсон хүүхдүүдийн асуудал бий?

-Яалт ч үгүй багшийн цалин нэмэх талаар ярихын нөгөө талд тухайн багш ажлаа хэр чанартай хийж байгаа асуудал хөндөгдөнө. Хүүхэд болгонд боловсролын үйлчилгээг чанартай, мэргэжлийн өндөр ур чадварын төвшинд хүргэж байгаа юу гэдэг асуултыг ажил хаялт яригдаж эхэлсэн цагаас л эцэг, эхчүүд манай яаманд тавьсан. Нэг асуудлын хоёр тал. Тэгэхээр цаашдаа урамшуулал гэдэгтэй ажлын үр дүнтэй шууд холбоотой гэсэн үг. Ядаж л хичээлээ тасалдаггүй, чөлөө авдаггүй, хүүхдүүдэд ямар нэгэн ёс зүйн болоод бусад дарамт гаргадаггүй л байх хэрэгтэй. Хүүхдийг тойрсон олон асуудал байна шүү дээ. Яагаад хүүхэд алга болоод байгаа юм. Үүнд багш үүрэгтэй юу, эцэг, эх үүрэгтэй юу. Энэ асуудлыг нь тойрч бид шаардлага тавьж ажиллая гэж зорьж байна. 

-Өнгөрсөн хугацаанд өнөөдрийнхтэй нийлээд гурав дахь удаагийн ажил хаялт болж байна. Энэ хооронд эцэг, эхчүүдээс хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдэг гомдол гаргасан уу?

-Маш олон хүсэлтийг ирүүлж байгаа. Миний ойлгосноор эцэг, эхчүүд бас хэвлэлд хандах юм билээ. 

-Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо, Үйлдвэрчний эвлэлийн багш нарын холбоо гэх мэт өөр газруудаас ажил хаялт зохион байгуулж байна. Та ард нь улс төрийн зорилго байна уу гэж хардаж байгаа талаараа дээр хэлсэн. Ард нь юу байна гэж хардаж байгаа хэрэг вэ?

-Янз бүрийн л юм яригдаж байгаа. Би батлагдсан баримт нотолгоогүйгээр ярьж болохгүй шүү дээ. Энэ бол үнэхээр харамсалтай байна. Багш гэдэг боловсролын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс сурагч, оюутнууддаа хүргээд явж байх ёстой субьект шүү дээ. Эндээс нэг үйлдвэрчний эвлэл гарч ирээд, тэндээс нэг түр хороо гарч ирээд магадгүй дахиад дараагийн нэг төрийн бус байгууллага гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Тэр болгонд багш нар маань дунд нь битгий ашиглагдаасай. Багш нар өөрсдийнх нь асуудлыг төр хэрхэн шийдэх гэж байгааг анхааралтай судалж, уншаасай гэж бодож байна. Ингээд хатуу бат итгэл үнэмшилтэй байх юм бол янз бүрийн хөдөлгөөнүүд далимдуулаад байх боломж олгохгүй шүү дээ.

Сэтгүүлч Ж.Баярсайхан