Б.Баттөмөр: Бид намын дарга У.Хүрэлсүхийг дэмжинэ
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тодрууллаа.
-Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Зээлийн хүүг бууруулах талаар нэлээд ярьж байх шиг?
-Зээлийн хүүг бууруулах асуудлыг нэлээд авч үзэж байгаа. Эдийн засгийн чадавх муу, хуримтлал байхгүйтэй холбоотойгоор зээлийн хүү өндөр байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулахаар болсон. Энэ ажлыг мөнгөний бодлогод оруулж байгаа. Үүнээс гадна ипотекийн зээлийн асуудал байна. Иргэд зээлийнхээ 70-80 хувийг хүүнд төлдөг. Үлдсэн нь үндсэн зээлд хамаарч байгаа. Ипотекийн зээлийг зөв зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс бодлогын баримт бичигт ипотекийг зөв зохистой удирдах, харъяаллыг тодорхойлох шаардлагатай байна.
-Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж байгаа гэсэн. Зээлийн хүүг хэдэн хувь хүртэл бууруулах боломжтой вэ?
-Одоо зээл 18-1.5 хувийн хүүтэй байгаа. Томоохон компаниудын хувьд зээлийн хүү нь сарын 18-24 хувь байна. Цаашдаа зээлийн хүүг үе шаттайгаар бууруулна. Шууд нэг оронтой тоо руу оруулах боломжгүй л дээ. Зээлийн хүүг бууруулахаар УИХ-ын гишүүд хууль санаачилж байгаа. Төв банкны тухай, Арилжааны банкны тухай, Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулиудыг нэгтгэж, олон хүчин зүйлийг харгалзан үзэж, зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байна.
-Байнгын хорооны хурлаар хадгаламжийн хүүг бууруулснаар мөнгөний эргэлт сайжирч, эдийн засаг өсөх талаар хэлж байсан. Хадгаламжийн хүүг хэрхэн бууруулах вэ?
-Хадгаламжийн хүү буурч байж зээлийн хүү буурна. Банкны системд иргэд, аж ахуйн нэгжийн хадгалуулсан 12 их наяд төгрөгийн хадгаламж байгаа. Гэхдээ нийт хүн хадгаламжтай байна уу гэвэл үгүй. Цөөн тооны иргэн, аж ахуйн нэгж хадгаламжтай байна. Хадгалуулсан мөнгөний хүүгээрээ их хэмжээний ногдол ашиг авч байна. Эдийн засгийн утгаараа хүүг бууруулах нь зөвхөн банкны зах зээл биш, санхүүгийн зах зээлийг дэмжих юм. Ер нь зах зээл нь хөгжсөн улсад энэ асуудлыг эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулаад явдаг. Монголд анхнаасаа тогтолцоо нь буруу явчихсан учраас төр оролцохоос өөр арга байхгүй.
-Ипотекийн зээлийг Засгийн газар хариуцахаар болсон уу?
-Одоо Монголбанкинд харьяалагдаж байгаа. Цаашдаа Засгийн газарт байх нь илүү оновчтой гэж үзэж байгаа. Засгийн газраас цаашлаад хувийн байгууллага, банкууд санхүүжүүлэх олон улсын туршлага байна. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах олон хувилбар байгаа. Энэ бүрийг мөнгөний бодлогод тусгахаар ажиллаж байна.
-Ирэх даваа гаригт МАН-ын Их хурал болох гэж байна. Намын шинэчлэлийн асуудлыг юу гэж харж байгаа вэ?
-МАН бол Монголын улс төрийн ууган хүчин. МАН-гүйгээр Монгол Улсын хөгжил, цаашдын ирээдүйг тооцоход төвөгтэй. Тийм учраас энэ хуралд их ач холбогдол өгч байгаа. Хуралд 1309 төлөөлөгч оролцоно. Хурлаар намын дарга, удирдах зөвлөлийнхнийг сонгоно. Намын бага хурлын гишүүдийг томилно.
-Намын даргыг ямар шалгуур үзүүлэлтээр сонгох вэ. Уг нь Ерөнхий сайд нь намын дарга байна гэсэн дүрэм байгаа шүү дээ. Энэ дүрэм үйлчлэх болов уу?
-Ер нь Ерөнхий сайд нь намын дарга болдог дэлхий нийтийн жишиг бий. Тиймээс бид Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болохыг дэмжиж байгаа. Учир нь намын дарга Ерөнхий сайдын албыг хамт хаших нь хариуцлага талаасаа илүү ач холбогдолтой. Манай нам олон гишүүн, лидертэй. Олон хүн гарахыг үгүйсгэхгүй. Өрсөлдөөн гарах нь зүйтэй.
-Ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар баталлаа. Хэр чамбай төсөв болсон гэж харж байгаа вэ?
-7.2 их наяд төгрөгийн орлоготой, 9.6 их наяд төгрөгийн зарлагатай, 8.6 хувийн инфляцтай, 4.2 хувийн эдийн засгийн өсөлттэй төсвийг баталлаа. 2.4 их наяд төгрөгийн алдагдал нь ДНБ-тэй харьцуулахад найм орчим хувь байна. Ер нь шинэлэг, сайн төсөв гэж хэлж болохгүй. Төсвийн шинэчлэл хийнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Төсвийн шинэчлэлтэй холбоотой нэлээд ажил орсон. Жишээлбэл, 2020 он гэхэд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болохоор төлөвлөсөн.