О.Баасанхүү: Ж.Батзанданг өрөвдөж байна
УИХ-ын чуулган дээр баас, хулгайч хэмээн Ж.Батзандан гишүүнд доромжлуулсан О.Баасанхүү гишүүнээс байр суурийг нь тодрууллаа.
-Ж.Батзандан таныг ёс бус үгээр доромжиллоо. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ж.Батзандан бол бардам хүн шүү дээ. Том ахын дүү ийм л байна даа. Гэхдээ тэр өнөөдөр хэн юм бэ. Харин би бол Н.Энхбаяр гэдэг хүний төрийн үйл ажиллагааг уламжилж авах ёстой, төлөөлөл юм. Тэрнээс биш ах дүүгийнхээ бизнесийг зохицуулах гэсэн, ээжийнхээ өврөөс гараагүй, аймхай хүний үгийг тоохгүй.
Одоо Ж.Батзандангийн арыг Ц.Нямдорж нь дааж байгаа болохоор О.Баасанхүүг юу ч гэж хэлж болно гэж үзээд байх шиг байна. Би бол бурхантай хүн. Намайг буг болгож чадахгүй. Үнэнийг хэлэхэд Ж.Батзанданг өрөвдөж байна. Яагаад гэвэл 65-луу дайрч чадахгүй байж над руу дайраад байгаа юм. Тэр яриад байгаа У.Хүрэлсүх, Х.Баттулга, М.Энхболд руу дайрч чадахгүй байж над руу дайраад байдаг. Би бүх хүнтэй найз. Зарчимгүй байвал тэр хүнтэй дайсан. Ж.Батзандан шиг харалган бодолтой тэнэг хүнд юу хэлхэв дээ. Энэ хүний тухай би олон юм ярьж чадна. “Танлуу”, “Зунхуа” нийгэмлэг гэх мэт.
-Тэр нийгэмлэг нь ямар учиртай юм бэ?
-Би хүний мууг үзэх дургүй. Хэрэв яримаар байгаа бол хуулийн байгууллагаар явах хэрэгтэй. Мэргэжлийн хүрээнд ярих хэрэгтэй, тэрнээс таамаглаж болохгүй. Надтай найз байж байгаад “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны талд орсон болохоор одоо дайсан болсон гэж яриад байгаа юм. Тэгж ярих юм бол Ц.Нямдорж, Ж.Батзандан хоёр чинь тэр 49 хувийг ард түмэнд өгөхийн эсрэг зүйл хийчихээд байгаа шүү. УИХ-ын тогтоолыг Ардын намынхан баталсан. Тэр тогтоолд “Монголбанк Хөгжлийн банкнаас авсан мөнгөнд суутгахын тулд 49 хувийг авсан талтай хэлэлцээр хийнэ” гэж байдаг. Буруутай төрийн албан хаагчид хариуцлага үүрүүл гэж тусгасан байдаг. Ийм тогтоолыг орилж байгаад батлуулсан Ж.Батзандантай би тэмцэж байгаа. Түүнээс бол 49 хувийг авсны эсрэг тэмцээгүй. Ийм буруу тогтоол батлуулаад 51 хувийг хаацайлж байгаагийнх нь төлөө тэмцэж байгаа. С.Баяр нар мөнгө барьцаалсан асуудлыг ярихгүй байгаагийнх нь төлөө би тэмцэж байгаа юм.
-Та Ц.Нямдорж сайдтай байр суурийн зөрчилдөөнтэй юу?
-Ц.Нямдорж өөрөө Н.Энхбаярын гутлыг нь өмсгөлгүй дагуулж яваад, орон гэрийг нь “самарч” хаячхаад дараа нь намайг “оймсонд хавчуулагдсан” гэж хэлсэн. Яг бодитоор аваад үзэх юм бол УИХ-д жагсаалтаар орж ирэх хуулийг Ц.Нямдорж баталсан. Учир нь ард түмэн Ц.Нямдоржийг УИХ-д оруулахгүй байсан. Тэр хүний нэр хүнд уначихсан байв. Өнөөдөр монголчуудын санах ойг дөрвөн жилээр бодох хэрэггүй. Ж.Батзандан ч гэсэн “Петрочайна Дачин тамсаг” дээр явж байгаад онигоонд орж байлаа.
Ж.Батзандан бид хоёр өчигдөр найз байсан юм. Д.Энхбат гэдэг хүнийг тариа тарьж, хулгайгаар авч ирсэн гээд “бураад” байгаа болохоос хэн ч нүдээрээ үзээгүй. С.Зоригийн хэргийг шүүх шийдсэн. Захиалагчийг нь Ц.Нямдорж зарла гэсэн. Хүлээе миний сонгогч өнөөдөр хорих ангид орчхоод байна. Тэдний аав ээжийнх нь зүрх шимшрээд өдөр бүр уйлж байна. Тэгж ярих юм бол Ж.Батзандан юу хийсэн юм бэ. Би Б.Булгантай уулзсан, ээжтэй нь ярьж байсан.
-Ж.Батзандан гишүүн таныг хулгайч гэсэн. Та юу хулгайлсан юм бэ?
-Надад “бөлдэгдүүлэх” юм байхгүй болохоор бурантагдуулсан болж ярилаа. Намайг хулгайч гэсэн, би юу ч хулгайлаагүй. Тэгж ярих юм бол нам дамнасан МАНАН бүлэглэлд Ж.Батзандан байдаг. Шинээр гэр бүлийн бүлэглэл бий болж байгаа. Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Б.Саранчимэг, Б.Наранхүү, Ж.Батзандан, Ж.Бат-Эрдэнэ гэх мэт. Ийм байдлаар Монгол төрийг жинхэнэ манантуулаад явж байна. Танайхаар дамжуулж Ж.Батзанданд бодлого ярь гэж захимаар байна. Би Өргөдлийн байнгын хороо даргалж байхад миний хийсэн ажлыг эд нар одоо хийж чадсан уу. Тойрогтоо ажил, амлалтаа биелүүл. Өөрийгөө баяжуулах биш, улс орноо баяжуулах ажил хий. Миний нэр баас байж болно. 2020 онд ард түмэн дүгнэнэ, тэднийг доромжилж чадахгүй.