Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.17) хуралдаан 17 цаг 17 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг өчигдөр (2017.11.16) чуулганы нэгдсэн хуралдааны үеэр таван гишүүний бүрэлдэхүүнтэй Тусгай хяналтын дэд хорооны зарим гишүүдийг өөрчлөх асуудлаар нэг хоногийн завсарлага авсан нь ийнхүү дууслаа. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга О.Содбилэг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж долоо болгох саналтай байгаагаа танилцуулав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү тус дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмсэнтэй холбоотойгоор Байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа.
Ингээд Байнгын хорооны дарга О.Содбилэгийн гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Д.Оюунхорол нарын гурван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтов. Ийнхүү энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.