Нээлттэй сонсгол хийх ажлын хэсгийг хуралдуулах чиглэл өгөх шаардлагатай гэв
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд хэлэлцэх асуудлыг талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд нээлттэй сонсгол хийх талаар асуудал ч хөндөгдсөн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ долоо хоногт нээлттэй сонсгол хийх ажлын хэсгийг хуралдуулах зар тавьсан боловч ирц хүрээгүй гэсэн буруу мэдээлэл тарсан байна. Үүнээс болж УИХ-ын гишүүд нээлттэй сонсголоос айж байна гэж иргэд ярьж байна.
УИХ-ын дарга та өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргаагүй.
Энэ долоо хоногт бүтцээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх асуудлыг л чиг болгосон. АБГББХ дээр байгуулсан ажлын хэсэг нээлттэй сонсгол хийх шийдвэр гарсан нөхцөлд зохион байгуулалтын ажлыг хариуцна. Олон түмнийг төөрөгдөлд оруулаад УИХ-ын гишүүдийг муухай харагдуулах кампанит ажил яваад байна.
Энэ сонсгол надтай шууд холбогдсон. УИХ-ын чуулган дээр ТЕГ-ын даргад гүтгүүлнэ гэдэг бол ердийн зүйл биш. Хууль шүүхийн байгууллагаар бүх зүйл нь ороод, шалгагдаад тогтоогдсон. Гэтэл чуулган дээр шууд та хийсэн, та цаазлуулсан гэх мэтээр хүнийг гүтгэсэн. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хуулийн байгууллагаар шалгах ёстой. Гэтэл энэ өдрүүдэд АТГ-аас Хойд Солонгосоос мэдэгдэл ирсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ цаг үед ийм асуудлыг ярьж байгаа нь буруу байна. Үүний цаана УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулах, бүгдийг барьж байгаа гэх ойлголтыг олон түмэнд өгч байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нээлттэй сонсголын ажлын хэсэг хоёр удаа хуралдахаар зарлагдсан ч хойшилсон.
Нийгмийн хардлагыг нэг тийш нь болгохын тулд ажлын хэсэг хуралдаад, нээлттэй сонсголын өдөр, журам зэргийг ярих ёстой.
Ажлын хэсгийг хоёр удаа хойшлуулж байна. Эсвэл ажлын хэсгийг тараагад, шинэ ажлын хэсгийг байгуулъя. Үгүй бол ажлын хэсгийг хуралдуулах чиглэл өгөөч ээ.