Дэгийн хуулийн өөрчлөлтөөр мэдээлэл хийв
УИХ-ын Төрийн байгуулалты байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Улсын Их Хурлын дарга 2008 оны есдүгээр сарын 26-ны өдөр 89 тоот захирамж гаргаж Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Э.Бат-Үүл нарын 12 гишүүн 2009 оны зургадугаар сарын 24-ний өдөр, УИХ-ын гишүүн Су.Батболд, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил нарын зөрвөн гишүүн 2010 оны тавдугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Шинэбаяр нар 2010 оны зургадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хоёр хуулийг баталсан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 21 зүйл шинээр нэмэгдэж, 26 зүйлд нэмэлт, өөрчлөлт орж, 10 зүйл хасагдаж, есөн зүйл хүчингүй болсон. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд 31 зүйл шинээр нэмэгдэж, 14 зүйлд нэмэлт, өөрчлөлт орж, гурван зүйл хасагдаж, зургаан зүйл хүчингүй болсон байна.
Байнгын хорооны дарга Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтүүдээс танилцуулахдаа:
1.УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтооход Байнгын хороодын санал болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг нь харгалзан үздэг байх. Тодруулбал хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацаанд тодорхой ач холбогдол өгсөн.
2.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны долдугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдаж, шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга дээрх хугацааг 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд: цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлогыг,
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт, газрын кадастр, зураглал,
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах бодлого,
Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн бус байгууллага,
Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал,
Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн бүртгэл,
Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд газрын эдийн засгийн үр ашгийн бодлогын асуудлыг тус тус нэмсэн.
4.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон дөрвөн гишүүнээс бүрддэг байсныг таван гишүүнтэй болгож бүрэлдэхүүнийг нэмсэн.
5.Төрийн байгуулалтын байнгын хороонд Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын болон Өргөдөл, гомдлын дэд хороог шинээр нэмж, тэдгээрийн эрхлэх асуудлыг тусгасан. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь бүх шатны сонгуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, аливаа маргаан гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй бол Өргөдөл, гомдлын дэд хороо нь өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж ажиллах юм.
6. Улсын Их Хурлын гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдлоос гадна, хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй байх зохицуулалтыг нэмсэн.
7.Байнгын хороо ажлын хэсэг байгуулах, түүнчлэн бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх зэрэг тогтоолуудыг хуралдаанаараа хэлэлцэн баталдаг байхаар тусгасан. Мөн Байнгын хорооны тогтоолыг олонхийн саналаар шийдвэрлэдэг болсон.
8.“Асуулга” гэдэгт зөвхөн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж ямар үр дүнд хүрсэн талаар гишүүнээс холбогдох албан тушаалтанд бичгээр хандсаныг ойлгодог байсан бол хүрээг нь дэлгэрүүлж төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл уг асуудлаар Засгийн газрын байр суурийг тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж гишүүнээс бичгээр хандсаныг ойлгодог болох.
9.Улсын Их Хурал бие даасан төсөвтэй байх, уг төсөв нь гишүүд, Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, Тамгын газар, Улсын Их Хурлын нийтлэг арга хэмжээний төсвөөс бүрддэг байх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүрэлцэхүйц хэмжээтэй байх заалтуудыг хуульд нэмсэн зэргийг дурдав.
Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн тухайд:
1.Шаардлагатай бол УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн саналаар нам, эвслийн бүлгийн хуралдаан, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг хуваарьт өдрүүдээс бусад ажлын өдөрт зохион байгуулж болох заалт нэмэх. Энэ нь асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлага гарсан үед цаг хугацаа алдахгүй хуралдаж, шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.
2.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын олонхи гишүүн оролцох, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нам, эвслийн бүлэгт саналаа зөвшилцөх боломж олгох зорилгоор хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааны эхлэх цагийг хуульд зааснаас өөрөөр тогтоож болох.
3.Хуралдааныг 18.00 цагаас хойш үргэлжүүлэн хуралдуулах асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг байх.
4.Нэгдсэн хуралдаанаас бусад нээлттэй хуралдаанд зөвхөн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнууд, Тамгын газрын ажилтнууд болон гишүүдийн зөвлөх, туслахууд оролцож болохоор зохицуулсан. Хэвлэл, мэдээллийн ажилтнууд шууд өөрсдөө үйл ажиллагаанд оролцох бус албан ёсны мэдээг хурлын эцэст авахаар тусгасан. Энэ нь хуралдаануудыг хаалттай хийж байна гэсэн үг биш. Харин хаалттай хуралдаан нь тусгай дэгээр явагддаг.
5.Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд холбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаанд заавал оролцдог байх.
6.Төсөл хэлэлцэхэд тухайн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа тэдгээртэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуух асуултыг тэдгээрийн нэрсээ ирүүлсэн дарааллыг нь баримтлан хуралдаан даргалагч зохицуулдаг байх. Энэ нь хуралдааныг шуурхай, үр бүтээлтэй явуулах үүднээс асуулт, хариултыг цэгцтэй болгоход чиглэж байгаа юм.
7.Төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн бол төслийг анхны хэлэлцүүлгээр батлах боломжтой гэсэн санал, дүгнэлтийг гаргаж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг горимын саналыг дэмжсэн бол төслийг анхны хэлэлцүүлгээр баталж болох бөгөөд хэрэв олонхи дэмжээгүй бол эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр санал хураалт явуулахгүйгээр холбогдох Байнгын хороонд шилжүүлдэг байх.
8.Төслийг хэлэлцэхдээ тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баримтлах бөгөөд тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон боловч хэлэлцэж амжаагүй төслийг дараагийн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцэн баталдаг байх. Өөрөөр хэлбэл өргөн баригдсан хуулийн төслийг дарааллыг баримтлан хэлэлцэж байхаар зохицуулалт хийсэн.
9.Хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн үед түүний хэлэлцүүлгийг хойшлуулж дараагийн асуудлыг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг байх.
10.Гишүүн санал хураалтад биечлэн оролцож, асуудалд хариуцлагатай ханддаг болгох үүднээс хуралдаан даргалагч санал хураалт явуулах цагийг урьдчилан товлож зарлах бөгөөд санал хураалт явуулахаас таван минутын өмнө тусгайлан дохио өгч гишүүдэд мэдэгддэг байх.
13.Байнгын, дэд хороо тодорхой асуудлын талаар эрдэмтэд, шинжээчид, сонирхлын бүлэг, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нээлттэй сонсгол байгуулж болох.
14.Ажлын хэсгийг байгуулахдаа ахлагчийг томилох бөгөөд ахлагчид нэг хүн дэвшвэл шууд, нэгээс илүү хүн нэр дэвшвэл илээр санал хураалт явуулж сонгох. Ажлын хэсэг 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийн ахлагч олонхи, цөөнхийн харьцааг харгалзан бүрэлдэхүүнийг өөрөө сонгох бөгөөд ингэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахлагчид нэр дэвшсэн бусад гишүүнийг оруулдаг байх.
15.Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар уг төсөлтэй холбогдуулан санал ирүүлсэн бол тухайн Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед уг саналыг хуралдаан даргалагч танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гишүүд асуулт асууж, тайлбар авч болохоор зохицуулж өгсөн.
Түүнчлэн зохион байгуулалтын шинжтэй бусад асуудал хэлэлцэх гэсэн шинэ зүйл нэмсний зэрэгцээ Үндсэн хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд асуудал гаргах асуудлыг хуульд шинээр нэмж оруулсан. Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагааг мэдээлэх журмыг шинээр зохицуулж УИХ-ын үйл ажиллагааг телевизийн тусгай сувгаар шууд нэвтрүүлэх болон телевиз, радиод тусгай цаг гаргаж олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулах. Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг ээлжит чуулган бүрийн эхэнд хэвлэл, мэдээллийн байгууллагаас ирүүлсэн санал, ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг нь харгалзан хэвлэл, мэдээллийн ажилтны нэр зааж олгодог байх. Сурвалжлах эрхтэй хэвлэл, мэдээллийн ажилтнууд нь Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд заасан журмыг баримтлан Төрийн ордонд тусгайлан гаргасан өрөөнд байрлан үйл ажиллагаа явуулдаг байх. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг болон ажлын хэсгийн хуралдаан дууссаны дараа хуралдаан даргалагч нь хэвлэл, мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх зориулалтын өрөөнд хуралдааны талаар мэдээлэл хийж болох бөгөөд хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар цөөнх болсон гишүүдийг төлөөлж нэг гишүүн байр сууриа хэвлэл, мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх зориулалтын өрөөнд мэдээлэл өгч болдог байхаар тусгасныг дурдав.
Тэрбээр сүүлийн үед парламентын сэтгүүлчдээс эсэргүүцэж байгаа дэгийн хуулийн зарим заалтын талаар тайлбарлахдаа:
-Дэгийн хуулиар сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хаасан явдал байхгүй. Байнгын хорооны хуралдаан хаалттай болоогүй, харин сэтгүүлчид биечлэн байлцахад хязгаарлалт тавьсан. Сэтгүүлчид мэдээлэл олж авах эрх бүрэн боломжтой. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг болон ажлын хэсгийн хуралдаан дууссаны дараа хуралдаан даргалагч нь хуралдааны талаар хэвлэл, мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх, түүнчлэн хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар цөөнх болсон гишүүдийг төлөөлөн нэг гишүүн байр сууриа илэрхийлж мэдээлэл өгч болохоор хуульд заасан байгаа. Мөн байнгын хуралдааны дэлгэрэнгүй протоколыг www.parliament.mn сайтад бүрэн эрхээр нь байршуулж иргэд олон нийтийн хүртээл болгож байгаа гээд нэгэнт батлагдсан хууль хэрэгжиж ёстой, зөв зүйтэй зохицуулалт болсон гэж үзэж байгаа. Хэрэв буруу зүйл байвал цаашдаа засах боломж нь ч нээлттэй гэдгийг онцлов.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Тамгын газрын зарим хэлтэс, албадын дарга нар оролцсон талаар УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллэв.