Л.Болд: Байнга дэвсэлж, дарлаад, өөрийнхөө эрхшээлд байлгана гэж байхгүй
2017.12.20

Л.Болд: Байнга дэвсэлж, дарлаад, өөрийнхөө эрхшээлд байлгана гэж байхгүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Гэтэл хоёр хаалганы цаана Ж.Батзандан гишүүн та хоёрын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байлаа шүү дээ. Нээлттэй хэлэлцүүлгийг дуустал ядаж Их хурал хүлээж болоогүй юм болов уу. Энэ хэр ёс зүйтэй үйлдэл болсон гэж харж байна вэ?

-УИХ маш том хорт хавдар туссанаа харууллаа. Яаж ард түмнээсээ хол байх, ард түмнээ сонсохгүй байх, дураараа дургиж болдгийг харууллаа. Уг нь хоёр ч байнгын хороогоор хэлэлцүүлэх байсан ч хэлэлцсэнгүй.

Цаашлаад Нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийх байсан ч хийлгэсэнгүй. Тусгай хяналтын дэд хороо ч хуралдсангүй. Ум хумгүй асуудлыг хүчээр шийдээд явчихлаа. Хаалттай нэрийн цаана ямар ч хэлэлцүүлэггүй Б.Хурцыг томилохыг дэмжсэн байна лээ. Ямар нэгэн хэлэлцүүлэг явуулахгүйн тулд зориуд ийм алхам хийсэн.

Энэ нь Их хурлын сул байгааг, ард түмнээсээ айж байгааг, шударга бусын талд байгаа гэдгээ нотолчихлоо. Одоо бид хөдлөх цаг болсон.

-Цаашид энэ тогтолцоог засахгүй бол улам даамжрах үүд хаалгыг нээж өглөө хэмээн ярьж байна...

-Бид сонгууль бүрийн дараа энэ бүхнийг засна гэж тайвширдаг. Одоо тэгж хүлээх цаг биш. Гэтэл Үндсэн хууль том дайрлагад өртчихлөө. Үндсэн хуулиа өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өөрчлөх гэж оролдож байна. Бид 1937 оны хэлмэгдүүлэлтийг л ярьдаг. Харамсалтай нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шинэ үеийн хэлмэгдүүлэлт бий болчихож. Хэлмэгдүүлдэг тогтолцоо, бүхэл бүтэн махны машин ажилладаг болчихсон юм байна. Үүнд хэн ч гэсэн өртөхгүй гэх баталгаа алга. Шударга бус нь шударга ёсныхоо дээр гарах нөхцөл бүрэн байгаа гэдгийг харууллаа. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр тэр бүх түүхүүдийг анх удаа сонслоо.

Өмнө нь ийм тийм янз бүрийн өргөдөл байна гэдэг сураг сонсогддог байсан бол жинхэнэ гэрчүүдийнх нь яриа сэтгэл сэртхийлгэж байсан. Түгшүүрийн дохио хангиналаа. Ард түмэн хөдлөхгүй бол болохгүй нь.

-Ард түмэн хөдөлнө гэхээр яг яах ёстой юм. Нээлттэй хэлэлцүүлэгт ирсэн хүмүүсийн ярьж буйг сонсоход хэцүү л байна лээ?

-Бид олны өмнө ил байдгаар нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тэгж гэнэ. Тэр сайд, энэ гишүүнийг тэгжээ гэхэд “Больж муу хог”-ийг гээд бахаа хангаад явдаг байж. Гэтэл жирийн албан хаагчид, бизнесмэн, дургүй хүмүүсээс өшөө авах систем дээшээ доошоо нэвт явчихсан. Өнөөдөр хэн ч энэ тогтолцооны эсрэг явлаа гэхэд амь нас, эрүүл мэнд нь баталгаагүй болчихсон юм байна. Энэ байгалийн гамшиг биш. Хүний гамшиг. Эдгээрийн цаана хүн л байдаг.

Нээлттэй хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс нэр бүрээр нь зааж, оноож хэлж байсан. Тэдний ярьсан баримт бүрийг нягтлаад арга хэмжээ авч болно. Хүний бий болгосон гамшгийг ярилцаж, хэлэлцэж байж өөрчлөх ёстой. Гаргалгаа гарцны төлөө сэтгэл нэгдэн ажиллах ёстой.

Таны асуусанчлан хөдөлнө гэхээр юуны духанд хүрэлгүй гудамжинд гарч жагсахын нэр биш. Эхлээд хуулийн хүрээнд ажлын хэсэг гарах ёстой. Нээлттэй хэлэлцүүлгээс дүгнэлт гарсан. Үүнийгээ холбогдох газруудад нь танилцуулна. Хуулийн байгууллагынхан бүгдээрээ шударга бус болчихсон юм биш. Шударга бус нөхдүүд нь цөөхөн шүү дээ. Тэр цөөнх гагцхүү бүгдийг захирч, бүгдийг өөрийнхөө эрхшээлд оруулж, дарамталж, барьцаалж байна. Үүнийг өөрчлөх алхмыг хийх ёстой. Тодорхой хууль дүрэмтэй болох цаг болсон. Энэ бүхэнд саад болох юм бол хүссэн хүсээгүй гудамж руугаа гарна. Ард түмэн үгээ хэлнэ. Хүн хэзээ ч зүгээр сууж байгаад өөрийгөө элдвээр хэлүүлж, дэвслүүлнэ гэж байхгүй. Ардчилсан шинэ Үндсэн хууль чинь энэ тогтолцоог нь нээгээд өгчихсөн юм. Түүнээс биш үүнийг хамгаалж өнгөрөөд, цаг зуурын бэрхшээл мэт байж байгаад ард нь гарна гэж байгаа бол эндүүрч байна.

-Чуулганы хуралдаан хаалттай хуралдаж, Б.Хурцыг Элчин сайдаар томилсноор зорилго нь биелсэн гэдэг утгаараа Б.Хурц ялсан юм шиг харагдаж байна. Нөгөө талдаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж тэр олон хүнийг дуудан авч ирж яриулснаараа Ж.Батзандан гишүүн та хоёр ялсан юм шиг дүр зураг харагдаж байна. Та өөрийн нэр хүндийг сэргээлгэнэ гэсэн тэр асуудал юу болж байна вэ?

-Энэ ялах, ялагдахын асуудал биш. Ямартай үнэн зөв ялах нь хамгийн чухал. Магадгүй энэ бүх буруу булхай зүйлийг хийж байгаа хүмүүс хүчинд автаад үүнээс салахыг хүсч байгаа. Тэдэнд үргэлж ингэж нойргүй хонож байх шаардлага байхгүй шүү дээ. Шударга ёсны дээр, хүний зовлон дээр жаргал эдэлнэ гэж байхгүй. Энэ бүхэн сайн сайханд хүргэхгүй. Тушаал нэртэй хууль зөрчин өөрсдийг нь гэмт хэрэгтэн болгодог энэ тогтолцооноос залхсан байгаа. Эцсийн эцэст ард түмнээ ялдаг Их хурал гэж байхгүй. Ард түмнээ ялдаг бүлэглэл гэж байхгүй. Ард түмнээ ялдаг ямар ч албан тушаалтан, хөрөнгөтөн байдаггүй юм. Ард түмэн ялж л таараа. Ард түмнээр дамжуулаад цаашид ардчилсан тогтолцоонд үнэн зөв нь гарч ирнэ.

Миний хувьд ч гэсэн улаан цайм гүтгүүлж, эрхээ зөрчүүлж, элдвээр хэлүүлсэн. Хоёр ч удаа шүүхэд өгөөд хүлээж авсангүй. Ганц миний өргөдлийг ч тэгээд байгаа юм биш байна лээ. Н.Алтанхуяг даргын өргөдлийг мөн хүлээж авахгүй байна гэсэн. Шүүх хурал дээр гүтгүүлсэн хүмүүсийн өргөдлийг авахгүй байгаа гэж байсан л даа. Тэглээ гээд хаашаа холдох юм. Бид байж л байна. Энэ улс нүүгээд явчихдаггүй л юм бол оршин тогтносоор байна. Хуулийн засаглал оршсоор байна. Үнэн мөн нь тогтоогдоно. Эцсээ хүртэл тэмцэж байгаад нэр хүндээ, эрхээ сэргээлгэх болно.

-Цаашид иймэрхүү зүйл тохиолдохгүй гэх газаргүй. Тэр үед нь яах юм. Тогтолцоогоо шинэчлэхгүй юм уу. Энийг чинь ярьчих уу, яах уу гээд бүгдийг нь мэддэг юм шиг. Нөгөө талд нь хүнд хэлж болохгүй олон асуудал байгаа ч юм шиг дүр зураг бий. Ж.Батзандан гишүүний хэлснээр “бөлдөгдүүлчихсэн” мэт байх юм. Үнэн мөнийг нь хэлчих вий гэхээс үхтэлээ айж байгаа ч юм шиг...

-Ийм буруу жишиг тогтож, энэ буруу бүхэн цаашид үргэлжлэхгүйн төлөө бидний тэмцэл үргэлжилнэ. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр анх удаа тэр хүмүүсээс нөхцөл байдлын талаар сонссон. Тэр дагуу бид энэ тогтолцоонд бугшсан булхайг ил болгож арга хэмжээ авахуулна. Үүнээс бид алхам ч ухрахгүй. Бидний чадах зүйл, чадахгүй зүйл гэж бий. Тэд магадгүй ялж болно. Тэглээ гээд ард түмнээ л дарамталж байна гэсэн үг. Ард түмэн мөнх, албан тушаал эрх мэдэл хязгаартай. Мөнгө хөрөнгөтэй, хэвлэл мэдээлэлтэй байлаа гээд бүх зүйл нь хязгаарт багтдаг. Хэсэг бүлэглэл байлаа ч тэднийг давах хүч ард түмэнд байгаа юм. Үүнийг хэн ч эвдэж чадахгүй.

-Их хурал л Б.Хурц гэдэг хүнийг дэмжээд Элчин сайдаар явуулчихсан мэт хандлага харагдаж байна. Анхнаасаа Засгийн газар нэр оруулж, Ерөнхийлөгч дэмжиж, Их хурлаар зөвшилцөхөөр нэр өргөн барьсан биз дээ. Гэтэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх ч юм уу, Ерөнхийлөгч Х.Баттулга түүний нэрийг заавал оруулахгүй байж болох байсан байх, тийм үү. Юу гэх гээд байна вэ гэхээр Их хурал л буруутай юм шиг сэтгэгдэл төрүүлж байна л даа...

-Энэ бүхэн үнэнээрээ гарч ирнэ. Элчин сайдаар явлаа гэхэд тэр хүн хаашаа зугтах юм. Хуулийнхан хэнийг, хаанаас ч олоод ирнэ. Шударга бус зүйл болно, шударга нь болохгүй гэдэг хууль байхгүй. Монголд хууль, шударга ёс, ард түмэн байна. Байнга дэвсэлж, дарлаад, өөрийнхөө эршээлд байлгана гэж байхгүй. Хэн ч ингэж чадаагүй. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гарсан хэлмэгдүүлэлтэд хэнийг ч шийтгэлгүй, тоолгүй өнгөрч хүний эрхийн асуудал дээр буруу гарыг таслах алхам руу явах ёстой.

-Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр олон асуудал хөндөгдсөн. Хуулийн байгууллагууд үүнийг шалгах ёстой гээд байгаа. Гэтэл өнөө хүн маань томилогдох болзлоо хангачихсан. Их хурал буруу шийдвэр гаргачихсан уу. Энэ томилгоо Үндсэн хуулийн Цэц дээр очих уу?

-Хуулийн дагуу ямар ч үр дүн гарч магадгүй. Процесс дөнгөж эхэлж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг хэвлэлийнхэнд өгнө. Түүндээ бид ямар алхмууд хийхээ маш тодорхой бичсэн байгаа. Тэр дагуу явна.

Сэтгүүлч Э.Энхболд