Б.Жавхлан: Хөгжлийн банкийг зөвхөн арилжааны банкны хэмжээнд харж болохгүй
2017.01.24

Б.Жавхлан: Хөгжлийн банкийг зөвхөн арилжааны банкны хэмжээнд харж болохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан өргөн барьсан. Хуулийн төслийн талаар түүнээс тодруулга авлаа.

-Хөгжлийн банкны хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Яагаад хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатай гэж үзэв? 
-Хөгжлийн банкийг бид зөвхөн арилжааны банкны хэмжээнд харж болохгүй. Дэлхийн олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлж байгаа улс гүрэн болгон өөрийн Хөгжлийн банктай. Тус банкаар дамжуулж хөрөнгө оруулалт, санхүү эдийн засгийн урсгалд нь гол институци болж өгдөг. Манай улсын Хөгжлийн банк хаана явж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Бид зөвхөн дотооддоо багаар харах биш Хөгжлийн банкаараа дамжаад олон улсын зах зээл дээр манай Засгийн газрыг төлөөлөх амжилттай төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч оролцох, гаднын хөрөнгө оруулалт татах, хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлэх хэрэгтэй. Хөгжлийн банкямар Засгийн газар,УИХ-д байснаас үл хамааран дунд урт хугацаанд тогтвортойгоор улс орны хөгжилд нэмэр болж байх ёстой тийм институци. Манай улсын Хөгжлийн банк тийм байж чадаж байна уу гэвэл үгүй. Тэгэхээр бид олон улсын стандартад нийцсэн дүрмээр нь тоглох хэрэгтэй. Хамгийн эхлээд тухайн улс орны улс төрөөс хараат бус, бие даасан ашгийн төлөө байх ёстой. Гэхдээ Засгийн газар эцсийн батлан даагч нь байх ёстой. Тэгэхгүй улстөржөөд шийдвэр нь Засгийн газраасаа хараат байдалтай, Засгийн газрын хуралдаан дээр аль нэг компанийн зээл төслийг хэлэлцдэг байж болохгүй. Үүнтэй холбогдуулан хуульд шинэчилсэн найруулга хийж улам сайжруулах санаатай байгаа юм.

-Хуулийн шинэчилсэн найруулгыг ямар чиглэлээр хийсэн бэ?
-Хуульд бие даасан хараат байдал, үйл ажиллагааны хүрээг нь тэлэх, байгууллагын зөв засаглал, хяналтын тогтолцоо зэрэг хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт оруулсан. Эдгээр зүйлүүдээ олон улсын стандартад нийцүүлэн зөв оруулж ирвэл олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, өмнө нь авсан санхүүжилтээ эргүүлж төлөх энэ бүх механизм илүү боломж өгнө. Олон улсад манай хөгжлийн банкинд итгэх итгэл дээрдэнэ гэж үзэж байна. Ядаж одоо байгаа зээлжих зэрэглэлээсээ доошоо орохгүй байх нь чухал. Яг ийм үед тус хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаагаараа онцлогтой. Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудлыг тойрсон гурван багц асуудал яригдаж байна. Нэгдүгээрт,тус банканд хийгдсэн шалгалтын дүн. Хоёрдугаарт, Хөгжлийн банктай холбоотой зарим арга хэмжээнүүдийг авахтай холбогдуулсан УИХ-аас гаргасан тогтоол. Гуравдугаарт,Хөгжлийн банкны тухай хуульд оруулах шинэчилсэн найруулгын хуулийн төсөл. Хуулийн шинэчилсэн найруулга дээрх хоёр асуудалтай шууд холбоотой гэж бас ойлгож болохгүй. Энэ бол өнөөгийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал, банкинд учирч болзошгүй эрсдэл, банкны цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс хуульд олон улсын стандартад нийцсэн өөрчлөлтийг оруулж өгч байна гэсэн үг.

-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгээр 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн.Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгснөөр Хөгжлийн банк алдагдалгүй, ашигтай ажиллах боломж бүрдэх үү?
-Хууль батлагдсанаар тус банк шууд ашигтай ажиллаад явна гэж юу байхав. Харин тус банкинд мэргэжлийн түвшинд ажиллах даалгавар авч байна гэсэн үг. Хариуцлагын тогтолцоо маш чанга байх ёстой. Ажлын хэсэг хариуцлагын асуудлыг өндөржүүлэх тал дээр ажиллаж байгаа.

-Хариуцлагын асуудлыг онцолж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бол нөгөө талдаа  хариуцлагын тогтолцоо маш тодорхой, өндөр байх ёстой. Тухайлбал эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл заалтууд орох ёстой. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд үр өгөөжөө өгөөгүй магадгүй үндэсний аюулгүй байдал харшлахаар бол санхүүгийн, эрүүгийн хариуцлага хүлээх заалтуудыг оруулах хэрэгтэй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулин дээр хяналтын бүтцийнх нь талаар тодорхой дурдаагүй байсан. Уг нь бол 2011 онд анх хэлэлцэж байсан төсөл дээр бол Хөгжлийн банкны шалгуур үзүүлэлтүүд тодорхой хэмжээнийх нь хяналт шалгалтыг мэргэжлийн төв байгууллага болох төв банкнаас хийнэ гэсэн заалтууд байсан. Харамсалтай нь энэ заалтууд хуулинд орж чадаагүй. Үүнийг эргүүлж оруулж өгсөн.