Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станц барих чиглэлд ажиллана
2017.12.25

Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станц барих чиглэлд ажиллана

“Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Баруун бүсийн эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аа чөлөөлөх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Баруун бүсийн импортын эрчим хүчийг 2015 оноос гаалийн болон НӨАТ-аас байнга чөлөөлж байгаа. УИХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 4-ний өдөр баталсан Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа 2018 оны эхний сард дуусна. Тиймээс энэ зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл тухай татвараас чөлөөлнө гэсэн үг.

-Ийм байдлаар татвараас чөлөөлснөөр улсын төсвөөс жилд хэдэн төгрөгийн татаас төлдөг вэ?

-Баруун бүсийн эрчим хүчний нэг кВт цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 199 төгрөг байдаг. Гэхдээ хэрэглэгчдэд 102 төгрөгөөр борлуулдаг. Энэхүү өөрийн өртөг болон борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй байна. 2015-2017 онд жил бүр 8.4 тэрбум төгрөгийн татаас улсаас олгосон. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор ирэх онд улсын төсөвт 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгасан.

-Манай улс ОХУ болон БНХАУ-аас одоогийн ханшаар хэдэн төгрөгийн үнэтэй эрчим хүч импортолж байна вэ?

-Алтайн урд талын гурван сум БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбоотой. Баруун бүсийн бусад аймаг ОХУ-аас цахилгааны эрчим хүч импортолж хэрэглээгээ хангадаг. ОХУ-ас авч буй нэг кВт эрчим хүчний үнэ 2.7 рубль буюу одоогийн валютын ханшаар 116 төгрөг. Харин БНХАУ-аа 0.65 юань буюу 240 төгрөг байна.

-Цаашид эрчим хүчний хараат байдлаас гарах талаар ярьж байгаа. Энэ талд ямар бодлого барьж байна вэ?

-Баруун бүс дэх хамгийн гол эрчим хүчний эх үүсвэр бол Дөргөний цахилгаан станц юм. Энэ усан цахилгаан станцын нэг кВт эрчим хүчний үнэ 33 төгрөг. Импортын эрчим хүчний үнэтэй харьцуулахад хамаагүй хямд үнэ. Иймд цаашид усны эх үүсвэртэй буюу усан цахилгаан станц барих чиглэлд яам ач холбогдол өгч байна. Тухайлбал, Ховд голд Эрдэнэбүрэнгийн 64 мВт, Тавалтайн 60 мВт-ын усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Увс аймагт дулааны цахилгаан станц барих ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр болсон. Энэ эх үүсвэр бий болсноор баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах бүрэн боломжтой. Нөгөө талаар эдгээр эх үүсвэрийг төвийн эрчим хүчний системтэй холбохоор төлөвлөж байна. Энэ бүх асуудлыг 2021 он гэхэд бүрэн шийдвэрлэхээр тооцсон.

Ярилцсан. С.ЮМСҮРЭН