Д.Гантулга: Намайг гурван удаа прокуророос шалгаад, хэрэгсэхгүй болсон
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 'УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй' гэсэн заалтыг хүчингүй болгосон. Дээрх шийдвэрийн хүрээнд УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байр суурийг нь сонслоо.
-УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Та Цэцийн дүгнэлтийг юу гэж үзэж байна вэ?
-Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарсан. Өмнө нь хоёр ч удаа Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэгдэж байсан. 2013 онд гарсан шийдвэрийн дараа Их суудал хуралдаж шийдвэр гаргах байсан. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр байсан нь үндсэндээ тодорхой байсан гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийн шийдвэр юм.
-Энэ шийдвэр гарсантай холбогдуулан тантай холбоотой хэрэгт ямар нэг өөрчлөлт орж байгаа юу?
-Ер нь бол хэд хэдэн асуудлыг олон нийт болон та бүхэн мэдэж байгаа. Нэгд, прокуророос намайг шалгаж, ямар нэгэн албан тушаалд халдсан зүйл байхгүй. Хоёрт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс нөлөөлсөн зүйл байхгүй. Өмнө нь надтай холбоотой хэргийг шалгах эрх нь нээлттэй байсан, шалгасан. Гурван шатны прокурорын хэрэгсэхгүй болгосон дүгнэлт гарсан. Хохирогч гэж үзэж байгаа нэхэмжлэх талаас давж заалдсан учраас одоо шалгагдаад явж байгаа. Энэ асуудал нийгэмд маш их маргаан дагуулсан. Тиймээс би хуулийн байгууллагад бүх талаар нь маш тодорхой нягталж, шалгаж хариуцлагатайгаар байр сууриа гаргаарай гэдэг саналаа хэлсэн. Энэ хэрэгт шалгагдаж байгаа, шийдвэр гараагүй учраас би ямар ч байр суурь илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Сүүлийн хэд хоног Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбогдуулан намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа зүйл бий. Прокурорын байгууллагаас албан ёсны байр суурь, дүгнэлт гараагүй байна. Би ч өөрөө тодруулаагүй явна. Хуулийн дагуу ойрын хугацаанд шийдэгдэх байх.
-Энэ хэрэгтэй холбоотойгоор таныг прокурорын зүгээс байцаалт авсан уу?
-Анх хэрэг үүссэнээс нэмж тодруулах зүйл гарсан учраас дахин шалгаж байгаа.
-УИХ-ын даргад таныг шалгах хүсэлтээ прокурорын байгууллагаас ирүүлсэн гэсэн мэдээлэл байна?
-Одоогоор энэ талаар мэдээлэл алга байна.
Ш.ЧИМЭГ