БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын бүсэд ажиллалаа
2018.01.08

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын бүсэд ажиллалаа

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, утааны асуудлыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат орсон бөгөөд тэрбээр Сонгино хайрхан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллалаа.

Н.Цэрэнбат сайд агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар ашиглаж эхлээд буй технологиудтай газар дээр нь танилцаж, цаашид нэвтрүүлэх боломжтой эсэхийг  судалж буй нь энэ юм.

Энэ хүрээнд хөрс, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой технологийг нэвтрүүлсэн гэгдэж байгаа СХД-ийн 23 дугаар хорооны 3 айлын ариун цэврийн байгууламжтай танилцав.

Уг ажлыг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан бөгөөд нэвтрүүлсэн технологи нь өдөр нарны эрчим хүчээр гэрэл хуримтлуулж, шөнө нь хашаагаа гэрэлтүүлэх давуу талтайгаас гадна лагийг бордоо болгох, мөн газ гаргаж, ахуйн хэрэглээндээ ч ашиглах боломжийг олгож буй аж.

Мөн уг ариун цэврийн байгууламжийг нэг айл байршуулсан тохиолдолд ойролцоо орших буюу 100 метр радиуст байрлах хэдэн ч айл суурилуулан ашиглах боломжтой аж.

Түүний дараа Нийслэлийн СХД-ийн тодорхой тооны айл болон Төв аймгийн 100 мод сумын өрхүүдэд тарааж, үр дүнг нь үзсэн хэмээгдэж буй бүрэн шаталттай “Нүүдэлчин” зуухыг хэрэглэж буй айлуудаар орсон юм. “Нүүдэлчин” зуух нь утаа маш бага гардаг, маш бага нүүрс хэрэглэдэг, дулаан сайн барьдаг хэмээн түүнийг ашиглаж буй иргэн Ц.Өлзийсайхан ярилаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн олон санал, санаачилга, төсөл, хөтөлбөрийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд маань ирүүлж байна. Үүний нэг болох ариун цэврийн байгууламжийг сайжруулсан технологитой танилцлаа.

Үүнээс гадна өөр бусад санал, санаачлагуудтай танилцаж байгаа. Ингэж танилцсаны үр дүнд үйл ажиллагааны найдвартай байдал, үр ашиг, үнэ өртөг гэх мэт зүйлүүдийг нь харьцуулах замаар цаашид ажиллана. Одоогийн байдлаар уг ариун цэврийн байгууламжийг нийслэлийн СХД-ийн гэр хорооллын 3 айлд холбон туршиж байгаа юм байна.

Ашигтай, үр дүнтэй, үнэ өртгийн хувьд боломжийн төслийг дэмжин, хамтарч ажиллахад бэлэн. Түүнээс гадна хөрсний бохирдол, агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, Улаанбаатар хотын ойролцоо байрлах амралтын газрууд, Богдхан ууланд шинээр бий болж буй авто зогсоол зэрэг газарт шинэчилсэн ариун цэврийн байгууламж бий болгох шаардлагатай байгаа.

Мөн түүхий нүүрс бага зарцуулдаг, утааг дахин шатаадаг технологи бүхий зуух хэрэглэж буй айлуудтай танилцлаа. Иргэдийн хувьд их ам сайтай байна. Хамгийн гол нь үр дүн авчирсан, ашигтай, үнэ өртгийн хувьд боломжийн арга, технологийг бид ашиглах ёстой” гэсэн юм.

Мөн “Эрүүл орчин, зөв ахуй” ТББ-ын тэргүүн С.Энхтайваны өөрийнх нь санаачилсан гэр, байшингийн дулаалга, дулаан суух технологитой ч энэ үеэр танилцсан юм.

Түүний хувьд ард иргэд өөрсдөө гэрийн дулаалгандаа анхаарах шаардлагатайг дурьдаад энэ чиглэлийн сургалт зохион байгуулах хэрэгтэй байгааг онцолж байлаа.