Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтооно
2018.02.07

Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтооно

Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, 

Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчээс бүрдэнэ. Эдгээр албан хаагч нь төрийн тусгай албан хаагч гэж тодорхойлсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “…Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”-ыг төрийн тусгай алба байхаар тодорхойлсон.

Гэтэл өнөөдрийн байдлаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид, төрийн алба хаасан хугацааны албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хувь хэмжээ тогтоосон шийдвэр байхгүй тул төрийн бусад байгууллагын жишгийг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудитор нэмэгдлийн хэмжээг тогтоон олгож ирсэн байна. Тухайлбал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 25-39 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-30 хувь байна гэдгийг танилцуулгадаа дурдав.

Мөн төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагатай байгаа тул төрийн тусгай албанд олгодог төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдлүүдийн хэмжээг тогтоохоор тогтоолын төслийг боловсрууллаа.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын цалингийн зардалд өөрчлөлт орохгүй бөгөөд одоо олгож буй хувь хэмжээгээр цалингийн сандаа багтаан олгох боломжтой болно. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тогтоохоор тусгасныг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар асуулт асууж, санал хэллээ.

Гишүүдийн зүгээс төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ аудиторуудын чадвар чадавхийг дээшлүүлэх, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, эл салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахыг анхааруулсан.

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар, эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг хийж эхлүүлсэн.

Төсөл бэлэн болохоор УИХ-ын хаврын чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж хариулж байлаа. 

Ингээд Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.