БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тендерүүдийг орон нутагт шилжүүлжээ
2018.02.08

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тендерүүдийг орон нутагт шилжүүлжээ

Боловсролын салбарыг олон хүн “Хүүхдүүдийн сурлага, сургалтын чанарт анхаарахгүй. Баахан тендертэй ноцолдож байна’’ гэж шүүмжилдэг.Тэгвэл энэ удаад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зоримог шийдвэр гаргажээ. 

Учир нь  зарим захиран зарцуулах, яамнаас зарлан хэрэгжүүлэх тендерүүдийг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар хот, аймгуудад эрхийг нь шилжүүлжээ. Ингэснээр хугацаа хожиж  сургууль, цэцэрлэгийн барилгуудыг зэрэг эхлүүлж, ашиглалтанд оруулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.  

Учир нь   2018 онд боловсролын салбарт улсын нийт төсвийн хөрөнгө оруулалтын 40 хувийг зарцуулна. Тодруулж хэлбэл, энэ жил улсын хэмжээнд шинээр болон он дамжсан 82  сургууль ашиглалтанд оруулах юм. Үүний үр дүнд 2019 онд  гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд  хоёр ээлжинд бүрэн шилжинэ гэж төлөвлөсөн. Мөн Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд 127 цэцэрлэгийн барилгыг барина.

Бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй, хариуцлагатай, зохион байгуулахын тулд яаман дээрээ хамаг тендэрийг хамахыг  зорьдог жишгийг эвдэж чадлаа. 

Одоогийн байдлаар 252.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 157 ажлыг орон нутаг руу шилжүүлжээ. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу 54, Улаанбаатар хот руу 48, орон нутагт 55 ажил шилжүүлээд байна. Өвөрхангай аймагт 11, Баянхонгор аймагт найм, Өмнөговь аймагт тав гэх мэт сургууль, цэцэрлэгийн барилгын тендерийн ажлыг шилжүүлсэн гэсэн үг.

Саяхан аймгийн удирдлагуудыг Төрийн ордонд ирж чуулахад   салбарын сайд  Ц.Цогзолмаа уулзаж “Ажлын үр дүн  л чухал. Энэ жил маш их ажил хийхээр төлөвлөсөн. Бүх зүйлийг яам дээрээ авчихвал хүн хүч хүрэлцэхгүй учраас хайран сайхан ажлуудаа хугацаанд нь багтааж чадахгүйд хүрнэ.

Гэхдээ орон нутагт барилгын ажлуудыг шилжүүлэхдээ яамнаас маш өндөр шаардлага тавина. Наад зах нь санхүүгийн боломжтой, татварын ергүй, ямар нэгэн асуудал үүсэхэд өөрсдийнхөө чадлаар ажлаа дуусгачих чадвартай компаниудыг шалгаруулж байж хийх ёстой. 

Лобби хийж чадамжгүй компани шалгаруулвал  хариуцлага нэхнэ. Эхлээд төсвийн мөнгийг авчихаад алга болчихсон гашуун туршлага байдаг.Үүнийг  давтаж болохгүй. Хуваарилагдсан ажлуудад хяналт тавих групп яамнаас  гаргаад шаардлагатай бол зарим барилга, зургийн инженерүүдтэй гэрээт байдлаар ажиллаад бүсчлээд явна.

Ажлаа зөв эхэлж үү, зургийнхаа дагуу явж байна уу гээд бүхнийг хянаж байж сайн үр дүн гарна” гэж гэрээлжээ. Нэг стандартаар, нэг зураг төслөөр сургууль, цэцэрлэгийг баривал зураг төсөлд зарцуулах хөрөнгийг хэмнэх боломжтой гэсэн санал ч оруулжээ. 

                                              Х.Тэргэл